Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр илгээсэн. Тэрбээр "Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна" гэсэн. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өгчээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч Х.Баттулга намайг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьжээ. 3 талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж. УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж буй цэвэр улстөржилт гэж харж байна. З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Увс аймагт очоод шившигтэйгээр хөөгдөж ирсэн. Тэрэндээ өс зангидаад байгаа юм болов уу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.