Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч нарын хариуцлагагүй буруутай үйлдлээс болж нярай эндсэн хэрэг энэ сарын 25-нд гарчээ. Энэ тухай мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн өчигдөр (2017.10.26) цахим сүлжээнд нийтэлснээр олон нийтийн анхаарлыг хандуулаад байна. Өнөөдөр (2017.10.27) хохирогчийн ар гэрийнхэн энэ хорвоод мэндлэх байсан үрээ сүүлчийн замд нь үдэж байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар аймгийн нэгдсэн эмнэлгээс тодрууллаа. Тус эмнэлгийн эмч Энхтуяагаас тодруулахад “Одоогоор мэдээлэл тараах боломжгүй. Үнэлгээ хийх шатандаа явж байна” гэсэн мэдээллийг өглөө. Харин энэ хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэхийг лавлахад “мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Бид хохирогчийн ар гэрийнхнээс болсон үйл явдлын талаар ярилцлага авч тун удахгүй хүргэх болно.
Сүүлийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх хэргүүд ар араасаа гарч байгаа нь үнэн. Хамгийн харамсалтай нь шүүх шинжилгээний дүгнэлтийг харж байгаад хариуцлага алдсан эмчийг нь гэмгүй нэгэн болгож, харин хохирсон хүмүүсийг өөрсдийнх нь буруу, эрүүл мэнд нь угаасаа ийм байсан мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Гэтэл эрдэнэт хүн, тэр дундаа бяцхан үрсийн амь эмнэлэг, эмнэлгийн ажилтан, дарга нарын хүнд суртал, хүн чанаргүй зан, хүнд суртлын золиос болсоор байтал тэд цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа нь хэр зүйд нийцэж байна вэ?
Б.Цэцэг