8o
Улаанбаатар хот
mobile menu

Уулчдыг эрэн хайх ажилд баруун аймгуудаас туслалцаа авчээ

2017-10-23 10:03:13

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж бямба гарагаас хойш сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн ч өнөөдөр өглөөний байдлаар олдоогүй байна. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын байгууллагаас шуурхай зохион байгуулж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд нисчээ. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 30 гаруй алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, НОБГ-ын Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч, сувилагч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд ниссэн.

Улмаар Баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment