8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сэлэнгэ аймагт газар хөдөлж, Ц.Баярцогтыг тодорхой газарт зорчихыг хориглосон өдөр

2017-10-19 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж харНигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Я.Содбаатар: Валютын нөөцөө шавхаж өр дарвал эдийн засгийн гүн “шок” болох магадлал өндөр

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.

-2017 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлэг болсон. Зарим гишүүд хууль зөрчиж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна гэх яриад гараад байгаа. Үнэхээр зайлшгүй шаардлага гарсан уу. Төсвийн тодотголоор зайлшгүй хийх шаардлагатай зүйл юу байна вэ?

-Монгол Улсын хуулинд төсвийн тодотгол хийх тусгай шаардлага гэж заасан байдаг. Төсвийн орлого давж байгаа тохиолдолд тодотгол хийнэ гэсэн заалт юм. Тэгэхээр төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай юу гэдгийг ярих хэрэгтэй. Төсвийн тодотгол хийлээ гэхэд дараах гурван зүйлд тодотгол хийгээсээ гэж хүсч байна.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөнд тодотгол хийх хэрэгтэй. УИХ-ын дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Энэ шийдвэрийн дагуу хүүхдийн мөнгөний тодотгол хийж сүүлийн саруудад олгоогүй хүүхдийн мөнгөний олгох ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсны дагуу ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс цааш хүүхдийн мөнгийг олгох боломжгүй байгаа. Нэгэнт л Засгийн газар ард түмэнд амлалт өгч гаргасан шийдвэр учраас үүнд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаар өвөлжилт нэлээд хүндрэх хандлага, нөхцөл байдал үүсч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, өвс тэжээл, мах бэлтгэл, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Гуравдугаарт зарим төсөвт байгууллагын зардлыг байж болох хэмжээгээр танасан. Нэлээд олон төсөвт байгууллагын зардлыг бид танасан. Мөн шүүхийн шийдвэрээр улсаас мөнгө авах ёстой аж ахуйн нэгж, байгууллага бий. Шүүхийн шийдвэр гарсан энэ аж ахуйн нэгж байгууллагын мөнгийг өгөх ёстой. Хэрвээ төсвийн тодотгол хийхээр бол энэ гурван зүйлийг тодотголоор шийдэх ёстой. Энэ гурван асуудалд тодотгол хийвэл 200 гаруй тэрбумын төгрөгийн асуудал яригдах байх. Үлдсэн төсөв давж байгаа зардалд Засгийн газар өндөр хүүтэй бонд дотоодоосоо авчихсан байгаа. 

Засгийн газар эдгээр бондуудаа мөнгөжүүлээд явах хэрэгтэй. Тэгэх юм бол арилжааны банкуудад мөнгө орж ирнэ. Эргээд арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл өгнө. Энэ мэтээр эдийн засгийг эргэлтэнд оруулах боломжтой. Энэ удаагийн төсвийн тодотголоор 60 гаруй шийдвэрийг өргөн барьсан байна. Консцессын мөнгөнд 210 гаруй тэрбум төгрөг зарцуулах тухай байгаа. Нэн шаардлагагүй төсөв давсан зүйл мөнгө зарцуулах гэж байна гэж хувьдаа үзэж байна.

-Энэ жилийн төсөв давж биелэлээ. Энэ мөнгө нь шаардлагатай зүйлд зарцуулахад хүрэлцэх хэмжээний мөнгө байж чадах уу?

-Төсөв давсан эсэхийг сайн бодолцох хэрэгтэй. Төсөв батлах хүрээнд УИХ-ын гишүүд Байнгын хороодын нэгдсэн хуралдаан дээр олон зүйлийг хэлж байсан. Төсвийн тооцоолоо анхнаасаа буруу хийсэн байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш тухайн үеийн тооцож байснаас өндөр гарсан. Ялангуяа нүүрсний үнэ. Үүнтэй холбогдуулан төсөв тодорхой хэмжээгээр давсан. Өнөөдөр төсөв давж байгаа гэж ярьж байгаа ч эдийн засгийн талаас нь авч үзвэл төсөв алдагдалтай хэвээр байна. Төсвийн алдагдлаа дотооддоо гаргасан өндөр хүүтэй бондоо мөнгөжүүлж байж төсвийн давсан орлогоор нөхнө.

-Төсвийн алдагдлыг нөхөх боломж бий юу?

-Одоогоор төсвийн алдагдлыг нөхөх боломж байхгүй. Урт хугацаандаа буюу ирэх гурван жилд төсвийн алдагдлыг тэглэх зорилт тавьсан. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд төрийн үрэлгэн байдлыг тэвчих хэрэгтэй. Мөн зайлшгүй хийх хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Сумын төвд хүн явдаггүй газар хар зам тавих, шаардлагагүй бизнес, зарим нэг аж ахуйн нэгж байгууллага руу төр мөнгө хийдэг. Эдгээр байгууллага нь эргээд алдагдлаа төсвөөс нөхдөг замбараагүй, эдийн засгийн сахилга бат алдагсан ийм нөхцөл байдлыг бид сайжруулах ёстой.

Манай улс төсвийн алдагдлаа бууруулахын тулд Нэгдүгээрт эдийн засгийн сахилга батыг сайжруулах. Хоёрдугаарт төлбөрийн тэнцэл дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Гуравдугаарт томоохон эдийн засгийг хөдөлгөж хөрөнгийн урсгалыг сайжруулах хэрэгтэй байна.

-Манай улс ОУВС-тай хамтарч ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн бодит нөхцөл байдал хэр дээшилсэн гэж та харж байна вэ?

-Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байна. Гэхдээ туйлын хүнд байдалтай хэвээрээ байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр эдийн засгийн гол үзүүлэлт болох төсвийн алдагдал 8, 9 хувьтай байна. Ирэх оны төсвийг найман хувьтай өргөн барьсан. Төсвийн алдагдлаас гадна төлбөрийн тэнцэл ашиггүй байна. Ирэх онд төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 161 сая ам.доллар нэхэгдэж байна. Эдгээр өрийг ирэх оны эхээр төлнө. Үүнээс гадна дотоодын банк, санхүүгийн байгууллагын чадавхи тийм ч сайнгүй байна. Эдийн засаг бодитойгоор сэргэж хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэвээр байна.

-Он гараад төлөгдөх Чингис бондын 500 сая, Димсам бондын 161 сая ам.доллар өрийг ямар эх үүсвэрээр төлөх бэ?

-Он гараад төлөгдөх Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 161 сая ам.долларын өрийг дахин бонд гаргаж төлөх болов уу. Тэрнээс өөр боломж нөхцөл байхгүй байна. Одоогоор манай улсад 600 гаруй сая ам.долларын өр дарах хуримтлал байхгүй. Дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад төлж болно. Гэхдээ дотоодын валютын нөөцөө шавхаж өр дарвал манайх дотооддоо валютын ханшаа алдах, эдийн засгийн гүн “шок” болох магадлал өндөр.  

-Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ОУВС-д хүртэл хандаад байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдийн цалинг нэхэм боломж бий юу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Байгаа нөхцөл байдлыг ард иргэдэд үнэн зөвөөр нь мэдээлж байх ёстой. Харамсалтай нь зарим нэг хүмүүсийн хэлсэн зүйлээс улбаалан багш, эмч нарын цалинг нэмэх ёстой гэсэн нөхцөл байдал үүссэн. Яг өнөөдөр төрийн албан хаагчдийн цалин нэмэх боломж байхгүй. Аливаа улс орны хөгжлийн гол тулгуур болдог нийгмийн салбарынхаа ажилчид алба хаагчдыг аль болох дэмждэг. Цалингийн урамшууллыг тогтолцоог сайжруулах, урамшууллыг нь нэмж тогтоох, хөнгөлттэй нөхцөөр байр орон сууцанд оруулах зэргээр төрийн албан хаагчдын нийгмийн халамжийн асуудлыг шийдэж өгч байх ёстой. Цалин нэмэх боломжгүй байгаа энэ нөхцөл байдалд ийм яриа гаргасан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

"Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана"

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.18/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын найман гишүүнийг томиллоо.Өнөөдөр үргэлжүүлэн УИХ-ын чуулган хуралдаж, үлдсэн сайдуудыг томилно. Өчигдөр дараахь сайдуудыг томилсон. Тодруулбал,

  1. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь буюу 88.2 хувь нь дэмжлээ. 
  2. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.
  3. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувийн саналаар томиллоо.
  4. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг томиллоо. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь нь дэмжлээ. 
  5. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжснээр томиллоо.
  6. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг томиллоо.
  7. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний  58 нь буюу  84.1 хувь нь дэмжив.
  8. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг томиллоо.

Харин өнөөдөр үлдсэн 7 гишүүнийг томилсноор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэх юм. Өчигдөр УИХ-ын чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ танилцуулсаны дараа нэр дэвшигчид үг хэлж, санал хураалт явагдсан. Томилогдсон найман сайдын чуулганы танхимд хэлсэн байр суурийг хүргэж байна.

БОАЖЯ-Ы САЙД Н.ЦЭРЭНБАТБИД ШИДТЭН БИШ УЧРААС ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ

Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн.

Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм.Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах. Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бид бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны тусламжтайгаар 1,500 айлын ариун цэврийн байгууламжийг солих төсөл хэрэгжиж байгаа гэдгийг хэлье

БХ-ЫН САЙД Н.ЭНХБОЛД: БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 60-70 ХУВЬ НЬ ГАДААД ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ЯВДАГ

"Монгол Улсын төрд алба хаах хүн бүр цэргийн алба хаана гэж хуульд заасан байсан. Цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйл байхгүй. Бидэнд ийм шаардлага бий гэж би хувьдаа боддог. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын 60-70 хувь нь гадаад харилцаатай холбоотой явдаг. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, тэр хэрээрээ улсынхаа нэрийг өргөж явдаг. Үүнийг цааш нь улам эрчимтэй, зөв зохистой хөгжүүлнэ гэж боддог. Зэвсэг техникийг шинэчлэх, гадаад улсад суралцах, алба хаагчдын амьдрал ахуйг дээшлүүлэх гээд ач холбогдолтой

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ: МӨНГӨНИЙ БОГЦНООС МОНГОЛЫН ТӨРИЙГ ГАРГАХЫН ТӨЛӨӨ БИ ТУУШТАЙ АЖИЛЛАНА

Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана. Ийм ажил хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс одоо зогс гэж хэлье. Үүнийг энхийн замаар өөрсдөө хийж чаддаггүй юм бол хуулийн хайч хөдөлнө шүү. Монгол мафитай байх уу үгүй юу гэдгийг шийдэх асуудал. Танил тал, сүлжээнд дулдуйдсан энэ зүйлийг би тасална. Ингэж байж шударга ёс ярина. Би Хууль зүйн сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол ярина. Надад ажил хийх хугацаа ертөнцийн жамаар богиносч байна. Тиймээс би ярих зүйлээ ярьж, хийнэ. Олон улсын парламентчдын хурал дээр С.Зориг агсны хэргийн талаар олон зүйл ярьсан. Үүнээс нэг зүйл бүр их сэтгэл эмзэглүүлсэн нь энэ хэрэгт холбогдуулан шийтгүүлсэн хүмүүст шүүхийн шийдвэрийг нь одоог хүртэл өгөөгүй байна гэж хэлсэн. Ийм зүйл байж болохгүй. Үүнээс харахад Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүх зарчим алдагдсан. Нууц гэдгээр 25 жилээр энэ хэргийг хааж байна. Би үүнийг ил болгоно. Захиалагчаа зарла гэж шууд шаардана. 

ХНХЯ-НЫ САЙД  С.ЧИНЗОРИГ: АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАНА

Төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй  нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эмч, багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс гурван талт гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн цалин нэмэх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн ОУВС-тай гэрээ хийхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж гэрээнд зурсан. Тиймээс бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Би хүн халах гэж сайдаар очоогүй. Би тэнд ажил хийхээр очиж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. 

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: БИ ЭНЭ ГАЛЫГ АВААД ГАРЪЯ, ХЭЛ АМНААС ИЛҮҮ УЛСЫН ЭРХ АШИГ ЧУХАЛ

Би Сангийн сайдаар томилогдвол ОУВС-тай хэлэлцэх ажилд шуурхайлан орно. Ядуурлын түвшин нэмэгдэж байгаа учир хүүхдийн 60 хувьд олгох ёстойг өшөө нэмэх ёстой. Намайг Оюутолгойн мөнгө Монголоор дамжих байсныг болиулсан гэсэн. Тухайн үед баталсан гэрээний үр дагавраас болоод ОУВС-тай тохирсон байсан хөтөлбөр хойшилсон. Тиймээс зээлж авсан мөнгийг төлөхийн тулд УИХ, Засгийн газар, Сангийн сайд нар намайг дуудаад ярилцан Төсвийн байнгын хороотой нэгдэж тэр шийдвэрийг гаргах болсон. Энэ бол хамтын шийдвэр байсан. Би тэр үед над руу олон дайралт ирнэ. Гэхдээ би энэ галыг аваад гаръя, хэл амнаас илүү улсын эрх ашиг чухал гэж хэлж байсан

ГХ-ЫН САЙД Д.ЦОГТБААТАР: ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН АСУУДАЛ ДЭЭР БУСАД ЯАМТАЙГАА ХАМТАРЧ АЖИЛЛАНА.

Гадаад харилцаа, худалдааны яам гэсэн яамтай орнууд байна. Жижиг орны хувьд энэ боломжит хувилбар юм. Дипломат арга хэрэгслийн хүчээр бид 1990-ээд оны үед гадны тусламж дэмжлэгийг авч ирсэн. Хөрөнгө оруулагчдыг ДТГ-ууд эх орон руугаа татах бололцоотой байдаг. Эдийн засгийн коридорын асуудал дээр бусад яамтайгаа хамтарч ажиллана.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: ЁС ЗҮЙТЭЙ, АВЛИГАГҮЙ АЖИЛЛАХЫГ ШААРДАНА

Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой дутагдал бол хяналтын тогтолцоо суларсан.  Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй. Үүнийг нөхөх зорилгоор Мэргэжлийн хяналт байгуулсан. 2003 оноос хойш яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал гарав. Энэ нь хувь хүнээс болов уу, хууль эрх зүйн орчноос болов уу гэдгийг судална. Иргэнээ хянадаг цагддаг гэхээс илүү тусалдаг, хүнд сурталгүй, ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана. 

Коммунист намын их хуралд Си Зиньпиний хэлсэн онцлох ишлэл

Өчигдөрөөс БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр их хурал Бээжин хотод эхэлсэн. Тус хурал таван жил тутамд нэг болдог бөгөөд БНХАУ ирээдүйн таван жилийн эдийн засаг, нийгэм, улстөрийн төлөвлөгөөгөө батладаг билээ. Коммунист намын их хурлыг нээж БНХАУ-ын Ерөнхийлөгч, Коммунист намын дарга Си Зиньпин гурван цагийн турш үг хэлсэн байна. Тус хуралд  2700 орчим их хурлын гишүүд оролцож байна. Түүний илтгэлээс онцлох ишлэлийг бэлтгэн хүргэж байна. 

  1.  БНХАУ 2050 он гэхэд социалист нийгмийг улам бүр боловсронгуй болгох хоёр үе шаттай төлөвлөгөөг Коммунист намын гишүүдтэй зөвлөлдөж баталлаа.
  2.   Хятадын өнөө цагийн эрин үе дэх улстөрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм.
  3.  Сентатизм буюу хагалан бутаргах, салан тусгаарлах үзлийг зогсооно   Сентатизмд өртөж болзошгүй Шинжаан Уйгур, Төвд, Хонконг, Тайвань зэрэг мужуудад энх тайвныг нямбай тогтоож, цаашид эдийн засаг, хөгжил, боловсролын түвшинг дээшлүүлэхэд анхаарна.
  4.  БНХАУ-ын Коммунист нам болон улс орон оршин тогтнох гол бүтэц нь цэвэр ариун улстөрийн хүчин. 
  5.  Үүнийг дотроос нь ялзруулан, хатааж, устгах аюул бүхий авилга хээл хахуулийн хар хүчийг даран сөнөөж, авлига, шударга бус явдлын эсрэг БНХАУ-ын иргэн бүр нэн тууштай тэмцэх нь чухал.
  6.  Манай улс сүүлийн 5 жилийн хугацаанд авилгын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нэг сая орчим төрийн алба хаагчийг илрүүлэн, шийтгэсэн.
  7.  2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 60 сая иргэнийг ядуурлаас гаргасан бол 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшин дээшлэхэд анхаарах.
  8. Торгоны зам, Европ-Азийг холбосон төмөр замын дэд бүтцийн нэвтрэх, тээвэрлэх шугамыг боловсронгуй болгож, хоёр тивийн эдийн засгийн амин хэлхээг бий болгох.
  9.   Нэг зам-Нэг бүс төслийн ажлыг ирэх жилүүдэд эрчимжүүлэх үүднээс дэд бүтцээ шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байна. 
  10.   Мужуудын оршин суугчдын орлогын хэмжээ харилцангүй адилгүй байна. Тиймээс ажил олголттой холбоотой эдийн засгийн тодорхойгүй байдлыг арилгахыг зорьж байна. 
  11.   Давхаргынхны эдийн засгийг дэмжин, тэдний нийгэмд эзлэх хувийг өсгөн 2050 он гэхэд хятадуудын ихэнхи хувийг дундад давхаргынхан бүрдүүлдэг байхад чиглэн ажиллана. 
  12.  ДНБ 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядруулаас гаргалаа.
  13.   Бид одоо БНХАУ-ын хөгжлийн түүхийн нэгэн шинэ замд орж байна.
  14.  Өнгөрснөөсөө суралцан, шинэ эриний шинэ Хятад болон хөгжиж, илүү инновацилагдсан, дэд бүтцээ шинэчлэн, хөгжлийн шинэ эринд хүрэх замналд орох цаг нэгэнт иржээ.
  15.   Манай улсын тогтоосон социалист ардчилсан тогтолцоо нь хятадын ард түмний эрх ашгийг хамгаалахад хамгийн үр нөлөөтэй, ухаалаг систем болсон. 
  16.    Энэ тогтолцооны хамгийн чухал нь ард түмэн ажил хэргээ өөрсдөө хэлэлцэн шийдэх боломж байдагт оршдог.
  17.    Мөн зөвлөлдөх ардчилал нь намын удирдлагын түвшинд эерэгээр нөлөөлөх хамгийн чухал зам юм.
  18.   Эдийн засгийн голлох асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах. Үүний тулд их, дээд сургууль шинээр төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
  19.  Улс төрийн хувьд барууны бусад улсын улс төрийн соёл, арга барилыг хуулбарлахыг буруушаан, Хятад улс соёл, газар нутаг, хүн ам зүйдээ тохирсон өөрийн улс төрийн соёлыг бэхжүүлэх ёстой. 

 

ГХЯ: АНУ-д амиа алдсан монгол иргэний ар гэрийнхэнтэй нь холбогдсон 

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь амиа алдсан хэрэг гарсан.Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амиа алдсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон байна.

Гадаад харилцааны яамнаас амиа алдсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн мэдэгдлээ. 

ОБЕГ зах зээлийн үнээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдаж авчээ

АТГ Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажилд шалгалт хийсэн байна. Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилдог, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргадаггүй, хуульд болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилдог, иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хангалтгүй, байгууллагын дотоодод хяналт шалгалтын үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал зөрчил илрүүлсэн байна.

Ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газрын 2015, 2016, 2017 оны төрийн нууцад хамаарахаас бусад тендерийн материал, үнэлгээний хорооны бичиг баримт, хуралдааны тэмдэглэл, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг судлан танилцахад холбогдох албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, хууль, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг илтэд зөрчдөг, шууд гэрээ байгуулдаг, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан зөв төлөвлөгөөгүй, үр ашигтай зохион байгуулаагүй, хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй этгээдийг гүйцэтгэгчээр шалгаруулдаг,зах зээлийн үнээс өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг зэрэг нийтлэг зөрчил гаргасныг тогтоосон байна. 

 

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, гишүүдийн 90.8 хувийн саналаар томиллоо. 

Ажилласан байдал

1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш

1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн

1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн

1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн

1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга

1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч

1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга

2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга

2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга

2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч. 

БНСУ-д хөдөлмөр эрхлэх журамд өөрчлөлт оруулахаар болжээ 

Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, 2018 оноос мөрдөхөөр болжээ. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулахдаа солонгос хэлний шалгалтад өндөр оноо авсан чухалчилдаг байсан нь учир дутагдалтай байсан гэж үзээд энэхүү журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

Ажил олгогчид бие бялдрын хөгжил, тухайн ажлын байранд тохирох ур чадвар, эрүүл мэндийн байдал, тогтвортой ажиллах боломж, нөхцлийг илүү үзэж байхаар болжээ. Энэ шалгуур түлхүү тавигдах учраас хэлний шалгалтад өндөр оноо аваагүй ч бусад нөхцлийг хангасан хүнийг ажиллах хүчээр илгээж эхлэх гэнэ. Гэсэн хэдий ч солонгос хэлний шалгалт, ажлын бусад ур чадварын нөхцөл хоёулаа чухал үүрэгтэй хэвээр байх аж.

Одоогийн байдлаар ажлын байр горилогчид солонгос хэлний 50 асуулттай шалгалтыг 70 минутад өгч, дээд тал нь 200 оноо авах ёстой. Гэхдээ сонгон шалгаруулалтад 84 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орж байгаа. Үүнээс гадна ур чадварын шалгалтаар бие бялдар, ярилцлага, суурь чадвар зэргийг шалгаад тогтоосон онооноос дээш оноо авсан иргэдэд ажлын санал түрүүлж ирдэг юм байна.

Харин 2018 оноос хэрэгжих гэж байгаа өөрчлөлтөөр 40 асуулттай шалгалтыг 50 минутад өгч, 44-өөс дээш оноо авсан иргэд сонгон шалгаруулалтад орох эрхтэй болж байгаа аж. Үүн дээр ажлын ур чадварт үнэлгээ өгөх асуудал нэмэгдэж байгаа юм байна. Жишээ нь, аж үйлдвэрийн салбарт нэг жилээс дээш хугацаатай ажиллаж байсан туршлагатай бол нэмэх гурван оноо, мэргэжлийн сертификаттай бол нэг оноо, техникийн чиглэлээр коллеж эсвэл түүнээс дээш боловсролтой, мэргэжил олгох сургалтанд 120-иос дээш цаг суралцаж төгссөн бол нэг оноо нэмж өгөх аж.

Тус улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд нь 18-39 насныхан байна. Тэд ял шийтгэл эдэлж байгаагүй, хилийн хориг тавиулж байгаагүй, БНСУ-аас хэрэгжүүлдэг албадан гаргах журмын дагуу эх орондоо ирж байгаагүй гэх мэт шалгуурыг хангасан байх ёстой. Мөн “мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д таван жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэд байх шаардлагатай” гэсэн өөрчлөлт оржээ.

Үүнээс гадна өнгө сайн ялгадаггүй, нуруу гэмтсэн, гарын хуруу дутуу зэрэг иргэдийг Хяналтын хорооны гишүүд ажиллах боломжгүй хэмэн дүгнэвэл шалгаруулалтаас хасах гэнэ. Энэхүү өөрчлөлттэй холбоотой мэдээллийг www.monkor.net, www.hudulmur-halamj.gov.mn зэрэг сайтаас авах боломжтой.  

Ц.Баярцогтыг тодорхой газарт зорчихыг хоригложээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.  Шүүгдэгч Ц.Баярцогтыг  хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүсэн байна. Мөн  түүнийг батлан даалтад гаргаж Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. 

Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томиллоо 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар томилогдож байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханыг 87.5 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллээ.

Г.Тэмүүлэн “Дадлага туршлагатай хүнээр энэ салбарыг удирдуулах гэж байгаад баяртай байна. Барилгын салбарт газар зохион байгуулалтын асуудал яригддаг. Газрын асуудал нь олон яам агентлагт хамаарагддаг. Байгаль орчны яаманд гэхэд аялал жуулчлал, байгаль хамгаалах чиглэлээр газар олголт явуулдаг. Уул уурхайн салбарт гэхэд газрын тусгай зөвшөөрөл, лиценз гээд яригддаг.Энэ бүх газрын асуудалд ард авлига бий. Мөн Хууль эрх зүйн асуудлыг анхаарч сайжруулах шаардлагатай юм. Салбар болгон дээр газар олгохтой холбоотой шийдвэрлэх асуудал байна” гэсэн юм.  

Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ 

"Сэлэнгэ  аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн “Байвын-Ам” гэдэг газар  энэ сарын 19-ний өдрийн 01:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн үеэр иргэдэд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэдгийг  албаны хүмүүс мэдээллэсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл