8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана"

2017-10-19 11:04:00

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.18/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын найман гишүүнийг томиллоо.Өнөөдөр үргэлжүүлэн УИХ-ын чуулган хуралдаж, үлдсэн сайдуудыг томилно. Өчигдөр дараахь сайдуудыг томилсон. Тодруулбал,

  1. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь буюу 88.2 хувь нь дэмжлээ. 
  2. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.
  3. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувийн саналаар томиллоо.
  4. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг томиллоо. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь нь дэмжлээ. 
  5. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжснээр томиллоо.
  6. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг томиллоо.
  7. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний  58 нь буюу  84.1 хувь нь дэмжив.
  8. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг томиллоо.

Харин өнөөдөр үлдсэн 7 гишүүнийг томилсноор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэх юм. Өчигдөр УИХ-ын чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ танилцуулсаны дараа нэр дэвшигчид үг хэлж, санал хураалт явагдсан. Томилогдсон найман сайдын чуулганы танхимд хэлсэн байр суурийг хүргэж байна.

БОАЖЯ-ы сайд Н.ЦэрэнбатБид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй

Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн.

Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм.Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах. Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бид бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны тусламжтайгаар 1,500 айлын ариун цэврийн байгууламжийг солих төсөл хэрэгжиж байгаа гэдгийг хэлье

БХ-ын сайд Н.Энхболд: Батлан хамгаалах салбарын 60-70 хувь нь гадаад харилцаатай холбоотой явдаг

"Монгол Улсын төрд алба хаах хүн бүр цэргийн алба хаана гэж хуульд заасан байсан. Цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйл байхгүй. Бидэнд ийм шаардлага бий гэж би хувьдаа боддог. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын 60-70 хувь нь гадаад харилцаатай холбоотой явдаг. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, тэр хэрээрээ улсынхаа нэрийг өргөж явдаг. Үүнийг цааш нь улам эрчимтэй, зөв зохистой хөгжүүлнэ гэж боддог. Зэвсэг техникийг шинэчлэх, гадаад улсад суралцах, алба хаагчдын амьдрал ахуйг дээшлүүлэх гээд ач холбогдолтой

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана

Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана. Ийм ажил хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс одоо зогс гэж хэлье. Үүнийг энхийн замаар өөрсдөө хийж чаддаггүй юм бол хуулийн хайч хөдөлнө шүү. Монгол мафитай байх уу үгүй юу гэдгийг шийдэх асуудал. Танил тал, сүлжээнд дулдуйдсан энэ зүйлийг би тасална. Ингэж байж шударга ёс ярина. Би Хууль зүйн сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол ярина. Надад ажил хийх хугацаа ертөнцийн жамаар богиносч байна. Тиймээс би ярих зүйлээ ярьж, хийнэ. Олон улсын парламентчдын хурал дээр С.Зориг агсны хэргийн талаар олон зүйл ярьсан. Үүнээс нэг зүйл бүр их сэтгэл эмзэглүүлсэн нь энэ хэрэгт холбогдуулан шийтгүүлсэн хүмүүст шүүхийн шийдвэрийг нь одоог хүртэл өгөөгүй байна гэж хэлсэн. Ийм зүйл байж болохгүй. Үүнээс харахад Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүх зарчим алдагдсан. Нууц гэдгээр 25 жилээр энэ хэргийг хааж байна. Би үүнийг ил болгоно. Захиалагчаа зарла гэж шууд шаардана. 

ХНХЯ-ны сайд  С.Чинзориг: Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана

Төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй  нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эмч, багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс гурван талт гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн цалин нэмэх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн ОУВС-тай гэрээ хийхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж гэрээнд зурсан. Тиймээс бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана.Би хүн халах гэж сайдаар очоогүй. Би тэнд ажил хийхээр очиж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Би энэ галыг аваад гаръя, хэл амнаас илүү улсын эрх ашиг чухал

Би Сангийн сайдаар томилогдвол ОУВС-тай хэлэлцэх ажилд шуурхайлан орно. Ядуурлын түвшин нэмэгдэж байгаа учир хүүхдийн 60 хувьд олгох ёстойг өшөө нэмэх ёстой. Намайг Оюутолгойн мөнгө Монголоор дамжих байсныг болиулсан гэсэн. Тухайн үед баталсан гэрээний үр дагавраас болоод ОУВС-тай тохирсон байсан хөтөлбөр хойшилсон. Тиймээс зээлж авсан мөнгийг төлөхийн тулд УИХ, Засгийн газар, Сангийн сайд нар намайг дуудаад ярилцан Төсвийн байнгын хороотой нэгдэж тэр шийдвэрийг гаргах болсон. Энэ бол хамтын шийдвэр байсан. Би тэр үед над руу олон дайралт ирнэ. Гэхдээ би энэ галыг аваад гаръя, хэл амнаас илүү улсын эрх ашиг чухал гэж хэлж байсан

ГХ-ын сайд Д.Цогтбаатар: Эдийн засгийн коридорын асуудал дээр бусад яамтайгаа хамтарч ажиллана.

Гадаад харилцаа, худалдааны яам гэсэн яамтай орнууд байна. Жижиг орны хувьд энэ боломжит хувилбар юм. Дипломат арга хэрэгслийн хүчээр бид 1990-ээд оны үед гадны тусламж дэмжлэгийг авч ирсэн. Хөрөнгө оруулагчдыг ДТГ-ууд эх орон руугаа татах бололцоотой байдаг. Эдийн засгийн коридорын асуудал дээр бусад яамтайгаа хамтарч ажиллана.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана

Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой дутагдал бол хяналтын тогтолцоо суларсан.  Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй. Үүнийг нөхөх зорилгоор Мэргэжлийн хяналт байгуулсан. 2003 оноос хойш яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал гарав. Энэ нь хувь хүнээс болов уу, хууль эрх зүйн орчноос болов уу гэдгийг судална.Иргэнээ хянадаг цагддаг гэхээс илүү тусалдаг, хүнд сурталгүй, ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана.

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхтүвшин болио
Энхтүвшингээр дутахгүй олон эрдэмтэн судоаачид судлаад яриад сууж байна. Юу хийхээ ч мэдэхгүй байгаа өвгөнөөр яадаг байнаа.
2017/10/19 202.179.31.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment