8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшилж, Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэллээ

2017-10-16 18:40:00

Хатдын үргэлжлэл хамаг монголын халуун дархлаа минь

Хацар ялдам цэвэрхэн үзэмжит тэнгэрийн гоо минь

Хайр дүүрэн зүрхэнд чинь аав нь халуун нулимсаа юүлж үлдээе

Хамгийг тунгаах сэтгэлд чинь ижий нь цагаан сүүгээ нэвчүүлж шингээе

Цэлийн цэлийх цасан далайн гунигийг нимгэлэхээр
Цээнийн цэцэгс өвлийн туршид цасанд сэвэлзэнэ ээ
Цэрвүү холдоо охин үр минь хадамд гарахад
Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ ээ
Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүлнэ ээ гэсэн сайхан дуу байдаг. Гэтэл хацар гоо охид хүчирхийлэлд өртсөн гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээ өнөөдөр гарлаа. Энэ мэдээлэлийн араас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэллээ гэсэн мэдээлэл мөн цацагдлаа. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байна

Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй  уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.  Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна.

Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар ч хуульч судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд ч байна. 

Хүчирхийлэлд өртсөн охины ээж долдугаар сард самранд яваад ирээгүй байна

Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэргийн талаар мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр мэдээлэл гарсан. Охины нөхцөл байдал, эрүүл мэнд одоогоор ямар байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгсөн байна.Одоогийн байдлаар охиныг Хүүхдийн тусламжийн 108 төв хамгаалалтад авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан бөнөөд шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Хохирогч охины ээж самранд яваад ирээгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар бол “Хохирогч охины ээж долдугаар сард самранд яваад одоог хүртэл холбоо бариагүй, түүнээс хойш эрэн сурвалжилж байна” хэмээн хэллээ. 

АТГ 60 тэрбумын бүлэглэлээс “айж” байна уу

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын хяналт шалгалт сүүлийн үед ширүүсч, яамдууд болон олны анхаарлыг татсан зарим нэг хүмүүсийг шалгаж байна. Тодруулбал, БОАЖЯ, Уул уурхайн яам, БСШУЯ, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам гэх мэтчилэн яамуудад хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтаар зөрчилгүй нэг ч яам байсангүй.Зарим яамнаас бүр ноцтой зөрчил илэрсэн. Тодруулбал, АТГ Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлсэн.  Тус яамны 2015 оноос хойш тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байв. Хамгийн ноцтой нь ЗХЖШ-ын харъяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар албан тушаалаа урвуулан ашиглаж тус ангид ажиллаж байгаад гадаад явсан, өөр анги руу шилжэн томилогдсон гэдэг шалтгаанаар 295 иргэний нэр дээр нийт давхардсан тоогоор 2016 онд  нийт 177,000,000 орчим төгрөгийн цалин бодож олгосон зөрчил илрүүлсэн. 

Мөн “УБЦТС” ТӨХК  албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон ноцтой зөрчил илрүүлсэн. Энэ мэтчилэн яам  тус бүр дээр шалгалт хийж, нэлээдгүй зөрчил илрүүлсэн.АТГ яам тамгын газарт ажиллаж зөрчил илрүүлж, хяналт шалгалт хийж байгаа нь сайн боловч, авлигын үүр уурхайг шалгахгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй МАН-ын удирдлагуудтай холбоотой 120 минутын бичлэг цацагдсан. Хоёр жил дамнан яригдаж байхад АТГ 60 тэрбумыг шалгахгүй байгаа нь ямар учиртай вэ. "Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн мэргэн үг бий.Энэ авлига хээл хахуулыг төрийн өндөр албан тушаалтануудаас нь эхлэж шалгахгүй бол авлига гэх аалзны тор тасрахгүй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоон сард  Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Ч.Хүрэлбаатар: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ баталсан УИХ-ын чуулганд би оролцож чадаагүй

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт  ажиллах 15 сайдын нэр тодорхой болсон. Ерөнхий сайдын кабинетад орж ажиллах сайдуулын нэр тодорхой болж эхэлсэнээс эхлээд “сайдуудын хэн нь хэн бэ” гэсэн мэдээлэл цахим сайтуудаар хөвөрлөө. Түүний нэг нь Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар “Ч.Хүрэлбаатар бол ”Рио Тинто”-той 60 тэрбумын барьцаатай хүн” гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс  гадна “УВСЫН FB™” групп дээр Ч.Хүрэлбаатарыг Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрс¬ний ордын 51 хувийг 10 сая дол¬ла¬раар Солонгосын төрийн өмчит компани болох “Korea-Mongolia energy Development” компанид зар¬сан ноцтой баримт дэлгэгджээ гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тус Оюутолгой гэрээний асуудалд  Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн байна. 

 1. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ 

2007 онд миний ахлаж хийсэн Оюутолгойн  гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2,7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулах, эрчим хүчээ монголоос авах, нийт ажиллагсдын 90%-иас доошгүй нь монголчууд байх, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна.

 2.  Оюутолгойн гэрээг батлахад оролцоогүй

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг намайг ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээ хийж Арц суварга гэдэг компанид тендер авч өгсөн мэтээр ор үндэсгүй гүтгэж байсан удаатай. Тухайн үед би ТВ-ээр тайлбар, няцаалт өгч байсныг та бүгд санаж байгаа байх аа. ОТ-н гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ЫН ДАРГААР ДОЛГОР САЙД, БИ ТӨСВИЙН БХ-НЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН САНУУЛМААР БАЙНА. ОТ-н гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-н даргаар томилогдож ажилласан. Түүнчлэн тэр Арц суварга гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж байгаад гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ, гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хурд группын удирдлагууд оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Маршал таун хотхон, Кинг таур апартментын 2000 гаруй оршин суугчид хотхоныхоо чанх хойшоо гарах орц гарцыг өөрсдийн зардлаар шинээр гаргахаар төлөвлөж, холбогдох газруудад хандан Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор зураг төсвийг нь батлуулж, зохих байгууллагуудаас хууль ёсны дагуу зөвшөөрлийг нь авчээ.

ХУРД ГРУПП ОРШИН СУУГЧДЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА

Хотоос олгосон зөвшөөрлийн дагуу орц гарцыг хийх гэсэн боловч Хурд группын зүгээс Кинг тауэр хотхоны оршин суугчдын саналыг хүлээн аваагүй төдийгүй дээрх зам тавихад гарсан зардлын талаас илүү хувийг нь төлөх хатуу болзолыг тулгасан байна.

Хотхоны оршин суугчид “Хурд группын зүгээс өөрсдийн ашгийн төлөө нийтийн эрх ашгийг орхигдуулан, хөрш зэргэлдээх оршин суугчдын хүсэлтийг үл хэрэгсэн, эрхийг нь зөрчиж байна” гэж үзээд Хурд группын захирал Энхгэрэлтэй уулзаж албан хүсэлтийнхээ хариуг авахаар удаа дараа очсон боловч уулзаж чадаагүйгээр барахгүй менежерүүд нь “Эдгээр хүмүүсийг дахиж битгий оруул” хэмээн хамгаалалтын албандаа үүрэгдэн, хөөж гаргажээ.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК 1.2 тэрбум ам долларын санхүүжилт хийхээ Ерөнхий сайдад мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 30 минут үргэлжлэв. Үүний дараа нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг хойшлууллаа. С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэргийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр болов.

ДОХ-аар өвчилсөн иргэдийн 40 хувь нь 18-30 насныхан байна

Үндэсний статистикийн газраас 2016 онд Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлж буй талаархи судалгаа гаргажээ. Манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй, шийтгэгдсэн иргэдийн 75 хувь, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 хүртэлх насны залуучууд эзлээд байна. Мөн архины хамааралт элэгний өвчнөөр өвчилсөн зургаан хүн тутмын нэг нь залуу хүн байгаа талаар дурджээ.

Үүнээс харахад, залуучуудын дунд эрүүл амьдралын зөв хэв маягийг суулгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэмжлэгтэйгээр оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг зохион байгуулагчдын хэлж буйгаар, “Эерэг хандлага-Эрүүл оюутан-2016” аянг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан талаар зохион байгуулагчид онцолж байлаа. Тухайлбал, шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тус аяныг эхлүүлэхэд оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлт 10 гаруй хувьтай байжээ. Аяны дараа энэ тоо 40 гаруй хувь болтлоо өссөн аж.

Тус аян энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаархи зөвлөгөө мэдээллийг хүргэх юм байна. Мөн аяны үеэр Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zima
Tsaaziin yaliig sergeehiig demjij bn
2017/10/16 59.153.87.221
Anu
Bosoo ganbaagiin amiih barij zorigiig mohooj chadahgui shuu 60 n ter bumiihniig shuugeech
2017/10/16 59.153.87.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment