8o
Улаанбаатар хот
mobile menu

ДОХ-аар өвчилсөн иргэдийн 40 хувь нь 18-30 насныхан байна

2017-10-13 16:20:00

Үндэсний статистикийн газраас 2016 онд Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлж буй талаархи судалгаа гаргажээ. Манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй, шийтгэгдсэн иргэдийн 75 хувь, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 хүртэлх насны залуучууд эзлээд байна. Мөн архины хамааралт элэгний өвчнөөр өвчилсөн зургаан хүн тутмын нэг нь залуу хүн байгаа талаар дурджээ.

Үүнээс харахад, залуучуудын дунд эрүүл амьдралын зөв хэв маягийг суулгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэмжлэгтэйгээр оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг зохион байгуулагчдын хэлж буйгаар, “Эерэг хандлага-Эрүүл оюутан-2016” аянг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан талаар зохион байгуулагчид онцолж байлаа. Тухайлбал, шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тус аяныг эхлүүлэхэд оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлт 10 гаруй хувьтай байжээ. Аяны дараа энэ тоо 40 гаруй хувь болтлоо өссөн аж.

Тус аян энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаархи зөвлөгөө мэдээллийг хүргэх юм байна. Мөн аяны үеэр Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл