8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүхийн хуралдаан түр завсарлага авч, АХБ 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон өдөр

2017-10-13 18:40:00

Эрхэм уншигчидаа оройн мэнд хүргэе. Энэ өдрийн ажил амжилттай биз дээ. Саяхан л шинэ, содон бүхнийг дагуулан ирсэн их ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Таны энэ долоо хоногийг ажил амжилттай байж, олз омогоор дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Харин та маргааш амралтын өдөр юу хийхээр төлөвлөж байна вэ.  Таньд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй бол мод тарихыг зөвлөж байна. Харин одоо та бүхэндээ энэ өдрийн сонин содон мэдээлэлийг багцлан хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна

Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ. Мөн “Түүхэн Засгийн газар”  өөрийнх нь тодотгосноор...

 Харин олон нийтийн дунд  шүүмжилж байгаа асуудал нь  давхар дээл болон тохирооны сайд. Яагаад заавал тэр шүүмжлүүлэн байж  Давхар дээл, мөн  нэр хүнд муутай зарим нэг гишүүдийг танхимдаа багтааж Сайдад нэр дэвшүүлэв. “Юманд учир, суманд занги бий”

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод л шулуухан хэлж байсан санагдана. “Миний танхимд багтах сайд нар УИХ-аас орж ирнэ” гэж. Үүний цаана танхимаа УИХ-аас бүрдүүлснээр УИХ дээр Засгийн ажлаа бүрэн хамгаалах хүчийг тооцоолсон байж. Энэ яалт ч үгүй зөв тооцоолол. Төр, Засгийн энэ тогтворгүй цаг үед. Цаашлаад МАН-ын хагаралтай байгаа өнөө үед бүх эв эеийг бодолцох нь зөв. Ингэвэл хойш татах элдэв хэрүүл маргаангүй, зөвхөн урагшаа гэсэн чиглэлийг баримталж амласандаа хүрэх боломж бүрдэнэ. Эс бөгөөс хоосон амлагч болж жилийн хагас ч хүрэхгүй мөн л урьдын адил Засгаа бойкотлуулах болно.

 Манайхан аливаа юмыг эерэг биш сөрөг талаас нь түрүүлж дүгнэж, харах өвчтэй болсон энэ цаг үед бид сөргөөс илүүтэй эерэг талын эхэлж харах хэрэгтэй. Дээр дурдсанчлан “Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна” гэсэн гарчиг. Яагаад хүчирхэг байж чадна гэж өргөж өгөв.  Гараа сайн бол бариа сайн гэсэн ардын сайхан үг бий. Үүний адил Засгийн газрын бүтэц нь түүний  ажлын эхлэл. Ахмад, дунд, залуу үе төдийгүй үндэсний цөөнх Казах ард түмний төлөөллийг танхимдаа багтаасан нь сүүлийн 25 жилд харагдаагүй үзэгдэл болж чадлаа.

   Бидний жишиж ярьдгаар хал үзэж халуун чулуу долоосон ахмадууд төдийгүй УИХ-д хоёр ч удаа сонгогдож улс төрийн тогоонд багагүй чанагдсан дунд, залуу үеийн төлөөлөл нэг танхимд багтан ажиллах болсон нь ёстой л сүүлийн 25 жилд байгаагүй бүтцийг хийж чадлаа хэмээн дүгнэх хүн олон байна.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Т.Энхболд: Дөнгө миний хувийн үзэл бодлын илэрхийлэл

-Хувь хүн “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн минь монголд анх удаагийнх-

Дархан-Уул, Сэлэнгийн ахмадууд орон сууцтай болохыг шаардаж өчигдөр Ялалтын талбайд дөнгөтэй суулт хийсэн юм. Дөнгөтэй суулт  хийж буй иргэн Т.Энхболдтой ярилцлаа.  

-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Яагаад дөнгөтэй суулт хийх болов?

-Намайг Товуудоржийн Энхболд гэдэг. Би Дархан-Уул аймгийн уугуул иргэн. 2012 онд эмнэлэгт хэвтэж байхад гэр хороололд амьдардаг нэг хөгшин “Дулаахан байранд амьдрах чинь яасан сайхан юм бэ. Гуравхан алхаад л ОО өрөө рүү орчихлоо. Хэрвээ би гэртээ байсан бол 20-30 метр жорлон руугаа алхана, өвөл хүйтэнд орж гарах хэцүү байдаг. Зун бороо орохоор шалбааган дээр халтирч унадаг” гэж ярьсан.

Тэр үед би аймагтаа “ахмадын орон сууц” барих хөтөлбөрийг санаачилж эхлүүлсэн. Би хувийн эзэмшлийн газар дээрээ хаус, зочид буудал, үйлчилгээний төв барьж болох л байсан. Гэхдээ яагаад ард түмнийхээ төлөө, ахмадуудаа дэмжиж нэг ч гэсэн юм хийж болохгүй гэж бодож уг хөтөлбөрөө санаачилж хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайн үед Д.Хаянхярваа, С.Ганбаатар хоёрт хандахад “Санхүүжилтийг шийдвэрлэж өгнө” гэж амалсны үндсэн дээр энэ ажил эхэлсэн юм.Хувь хүн “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн минь монголд анх удаагийнх. Манай компани өөрийн хөрөнгө дээрээ урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулсан Гэвч өнөөдрийг хүртэл ахмадын орон сууц баригдаж дууссангүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан.  Тухайн үед энэ хоёр аймгаас гарсан УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга нарт гээд хандаж болох бүх шатны байгуулагад надад санхүүжилт, батлан даалт гаргаж өгөөч гэж хөтөлбөрөө танилцуулж явсан .Тэгэхэд бүгд л дуртай хүлээн авч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч газар санжүүжүүлэлт өгөөгүй. Үүнээс болоод өөрийн хөрөнгөөр барьж эхэлсэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн барилгууд гацчихлаа. Тиймээс л ахмад настанууд маань дулаахан байранд тохь тухтай амьдраасай л гэж хүсэж буй учраас өнөөдөр дөнгөтэй суулт хийж байна. Дөнгө миний хувийн үзэл бодлын илэрхийлэл.

-Нийт хэчнээн метр квадрат газарт орон сууц барьж эхэлсэн бэ. Барилгын ажил хэдэн хувьтай явж байгаад гацсан вэ?

-Миний хувийн эзэмшлийн 3900м2 газарт нэг орон сууц эхлүүлсэн. Хоёр аймагт орон сууцны барилгын ажил эхэлсэн. Сэлэнгэ аймгийн барилга 15 хувьтай, Дархан-Уул нь 30 хувийн гүйцэтгэлтэйгээр гацсан. Өнгөрсөн 2013 оноос хойш барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогссон.  

-Барилгын ажлыг эхлүүлэхэд гадаад, дотоод олон байгууллага Засгийн газрын батлан даалт гарсан тохиолдолд санхүүжилт олгоно гэсэн хариу ирсэн гэж та ярилаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Барилгын ажлаа цааш үргэлжлүүлэхийн тулдСөгнөгөр хайрхан” компанийн удирдлагууд Бүгд найрамдах Унгар улсын “Экзим” банкинд хандахад 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн хариу ирүүлж, урьдчилсан байдлаар гэрээ байгуулсан.Одоо зөвхөн Засгийн газрын баталгаа хэрэгтэй байгаа юм. 

Дотоод ХААН, Голомт, Худалдаа хөгжил зэрэг хэд хэдэн банкинд хүсэлт гаргасан тэд бүгд адил Засгийн газрыг баталгаа хэрэгтэй. Баталгаа гаргуулсан тохиолдолд санхүүжүүлэлт хийх боломжтой гэсэн. Би ахмадын орон сууцанд санхүүжилт авахын тулд төрийн байгууллагын 109 удирдах албан тушаалтанд хандсан байна.Өнөөдөр нэг нь тодорхой хариу өгөөгүй байна. Дэлгэрэнгүй  мэдээллийг энд дарж үзнэ үү.

5 машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ.Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх  дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.

Тус цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч,  лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа.   Цаашид  жижиг шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулж байна

Төрсөн ах нь 13 настай дүүгээ хүчирхийлдэг байжээ

36 настай эрэгтэй төрсөн дүү болох 13-хан настай охиныг хүчиндсэн хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ. Тус хэргийн тухай мэдээлэл Хүний эрхийн үндэсний коммист ирсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад хүчирхийлэгч этгээд дүүгээ гэртээ ганцаараа үеийг ашиглаж эсвэл хөдөө хээр аваачиж хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийг шүүхээс хянан хэлэлцээд, хүчирхийлэгчийг чанга дэглэмтэй хорих ангид таван жил суух ял оноосон байна.

Арьс ширний үйлдвэр орчмын хөрс хортой байна

НМХГ-ын БОГУУХХ-ээс 2017 онд Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтанд 43 арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдлаа.

Нийтлэг зөрчлүүд
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээний тодотгол хийлгээгүй, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй “Ерөөлт интернейшнл” ХХК, Их эргэлт ХХК, Ви Си ХХК, “Хосгол”ХХК, Жи Эс ЭФ ХХК нар байна.
• Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй “Инэл кашимер” ХХК, “Хос гол” ХХК, “Жин корона” ХХК, “Гоёо” ХК, “Арилдий” ХХК, Эм Эм Жи капитал ХХК, “Эм Ди Си Пи” ХХК, “Хунжуй” /Түмэн шир/ ХХК, “Ерөөлт интернейшнл” ХХК, “Их эргэлт” ХХК ,” Алтан харгиа” ХХК, “Хатан төгөл” ХХК\
• Үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй бүх аж ахуйн нэгж,
• Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зарцуулалтын тайлан мэдээ гаргадаггүй бүх аж ахуйн нэгж, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй,
• Үйлдвэрлэлээс гарсан лагийн талбай байгуулаагүй нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага, улсын ахлах байцаагчийн 6 зөвлөмж, 8 дүгнэлт, 10016.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Арьс ширний үйлдвэрүүдийн орчмын 114 цэгт хүлцэх агууламжаас хэтэрсэн, 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн, 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн бөгөөд хортой ба аюултай агууламжаас хэтэрсэн цэгүүдийн эзлэх хувь нийт талбайн 26.4 хувийг эзэлж байна.

Хуурамч дуудлага өгвөл 50 мянган төгрөгөөр торгоно

Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно -  

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг.

Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Ихэнх тохиолдолд бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, иргэд өөрийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.

Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 600 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл