8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын бүлэг сайд нарыг дэмжиж, Forbes аппликейшн зохион бүтээсэн Монгол залуусыг онцолсон өдөр

2017-10-12 18:45:00

“Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ” энэ сайхан урмын үгийн хамт та бүхэндээ үдшийн мэнд хүргэж. Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр “ тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Н.Номтойбаяр: Мотоциклтой жолооч урдуур орж ирснээс болсон. Ямар ч аргагүй л мөргөчихсөн

Энэ сарын эхээр нэгэн сайд зам тээврийн осол  гаргаж ослын улмаас нэгэн иргэн амиа алдсан талаарх мэдээлэл цахим орчин гарч эхэлсэн билээ. Хэрэг есдүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг "Түлүүгийн даваа"-ны орчим, "Дондогийн булаг" гэдэг газарт болсон.  Уг мэдээлэл гарсантай холбогдуулан тэр сайд хэн бэ гэх битүү асуулт хөвөрч зарим нь ч Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр гэж албан бусаар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ сарын 4-ны өдөр өөрөө холбогдсон зам тээврийн ослын талаар Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Мотоцикл унасан согтуу иргэн жолоодлого алдаж ирээд өөрийг нь мөргөсөн, хохирогчийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн, маргааш өглөө нь архи нь гараад биеийн байдал сайжирсан өвчтөнийг Эрдэнэтийн эмнэлэг рүү эмчлүүлэхээр авч явахад замдаа нас барсан юм билээ. Би тэр бүрэлдэхүүнд явсан гэрчийн хувьд ярьж байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн хэнтэй, ямар зорилгоор Булган аймагт явсан тухай асуусан сэтгүүлчийн асуултанд тэр хариулаагүй. 

 
Харин Н.Номтойбаярын хувьд өөрийгөө гэрч хэмээн хэлж, мэдүүлэг өгсөн тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Тэрбээр гэрчийн мэдүүлэгтээ юу гэж онцолсныг энд дурдая. Хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр гарсан. Харин Н.Номтойбаяр 28-ны өдрийн 16:30 минутын үед Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн М-д осол болсон үеийн  үйл явцын талаар мэдүүлэг өгсөн байна. МЭДҮҮЛЭГТ  “2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 70-77 УНЭ улсын дугаартай бенз маркийн автомашинтай П.Алтанцэцэгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу хувийн ажлаар явсан байсан. Машинд би П.Алтанцэцэг, жолооч Б нарын хамт зочиж явсан. Даваа өнгөрөөд явж байхад засмал замыг хөндлөн гарсан шороон замаар замынхаа урд тал нэг мотоциклтой хүн явж байгаа харагдсан.

Урд дугуй нь савчсан хөдөлгөөнтэй харагдахаар нь би урдуур орчихгүй байгаа гэж бодтол яг урдуур орж ирээд жолооч тормоз гишгээд тэр чигээрээ гулгаж очоод нөгөө мотоциклийг мөргөчихсөн. Мотоцикл нь машины доор ороод хүн нь замын хойд тал руу жалга руу уначихсан. Би машинаасаа буугаад нөгөө хүн рүү очиход ухаан алдчихсан байсан.

Тухайн үед ойр хавьд эмч, эмнэлэг байгаа эсэхийг асуухад байхгүй гэсэн. Тэгээд шууд Булган аймгийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг руу авч явахаар  машинд суулгахад архи үнэртэж байсан. Осол гарах үед би жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. П.Алтанцэцэг миний хойно сууж байсан. Осол гарсан тэр хэсэгт, газарт үзэгдэх орчин чөлөөтэй, бүх юм харагдаж байсан” гэж мэдүүлэг өгсөн аж. Энэ мэдүүллэгийн нэгээхэн хэсэг.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Та уг зам тээврийн осол болсон шалтгааныг юунаас болсон гэж үзэж байна бэ? гэх байцаагчийн асуултад Н.Номтойбаяр “Би автомашины уралдаан тэмцээнд ордог. Өөрөө ч осолд орж байсан болохоор осол болсон шалтгааныг мотоциклтой жолооч урдуур орж ирснээс болсон гэж бодож байна. Ямар ч аргагүй л мөргөчихсөн” гэж хариулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийг Булганы аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхэд хүнд бэртэл гэмтэл авсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдсан байдалтай ирсэн гэжээ. Үхсэн үг хэлэх биш дээ сайдаа. Хэргийн бурууг нөгөө хүн рүүгээ эргүүлнэ. Согтуу байсан л гэнэ, өөрөө орж ирээд мотоциклээрээ машинийг нь мөргөсөн л гэнэ.  Энэ хэргийн холбогдогчид хуулийн ямар хариуцлага хүлээлгэх бэ. Эрүүгийн хуулийн 21.2-т  1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна. Энэ хуулийн зүйл заалт Н.Номтойбаярт хэрэгжих үү.  

АТГ БСШУЯ-д хяналт шалгалт хийж ноцтой 12 зөрчил илрүүллээ

АТГ-аас Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хяналт шалгалт хийжээ. Тус яамнаас илэрсэн зөрчил мэдээллийг хүргэж байна.

  1.  Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
  2.  Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ.
  3.  Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
  4.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.
  5. Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн байна.
  6. Түүнчлэн Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.
  7.  ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэжээ.
  8. 1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ.
  9. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй,9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.
  10. Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэг бүрчлэн танилцуулав. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэж хуулийн байгууллага үзсэн байна.
  11. Яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн байна.
  12.   Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг ноцтой зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.

Forbes аппликейшн зохион бүтээсэн Монгол залуусыг онцоллоо

Хоёр жилийн өмнө Монголын Ч.Анар гэх залуу мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн зохион бүтээсэн талаар Forbes мэдээлэл гаргасан байна.  Түүний санаачилсан LendMN хэмээх аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн юм.Тэд 2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам. долларын анхны санхүүжилт босгож, өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас дөрвөн сая ам. доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30,8 сая ам. доллар болжээ.
Тус компанид хөрөнгө оруулдаг олон хүмүүс байдагийн нэг нь  Японы парламентийн гишүүн асан Таками Юүичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото нар байдаг аж. 

МОНГОЛЫН БАНКУУД ХЭРХЭН ЯАЖ ЗЭЭЛ ОЛГОДОГ ВЭ 

Монголын хуучирсан банкны салбарт зээлийн үнэлгээний систем байхгүй.  Банкны зээлүүд нь урт хугацаат баримт бичиг, барьцаа хөрөнгө гэх мэт зүйлсийг шаарддаг. Үүнийг бүрдүүлэхийн тулд багадаа  таван өдөр болдог аж. Зээлдэгчээс барьцаа хөрөнгө авдаг ба үүнд  автомашин, орон сууц харин хөдөө орон нутагт таван хошуу малаа барьцаалж зээл авдаг. Тийм учраас хүмүүс ихэвчлэн долоо хоногт 10 хувийн хүүтэй томоохон банк бус байгуулгаас зээл авдаг. Бүр зарим жижиг зээлдэгч байгууллагууд өдөртөө 10 хувь гэж тооцдог гэнэ.

LendMN хэмээх аппликейшныг үүсгэн байгуулагч залуус  хууль бус зээлдэгчдээс татгалзаж хэрэглэгчийн санхүүгийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлэхийг хүсч байна. Тэд хүний харилцан үйлчлэл, хиймэл оюун ухаанаар дамжуулан Монголд бутарсан байгаа зээлийн тогтолцоог дүүргэхийг эрмэлздэг.Тэдний шийдвэрлэх хэрэгтэй байсан хамгийн том бэрхшээл бол зээлдэгчдийн зээлжих чадварыг үнэн зөв үнэлэх байв.
Тэд эхний жилд бид 100 орчим банкир, эрсдэлийн менежер, зээлийн үнэлгээний мэргэжилтнүүдээс зөвлөгөө өгч авсан бөгөөд 99 нь боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан талаар Н.Чинбат ярилаа. Харин Монголын хамгийн том банкны брокер л боломжтой гэж харсан бөгөөд зээлжих чадварыг үнэлэх загвар гаргахад тусалсан гэнэ.
Ингээд тус залуус банкны орлого, зарлагын бүртгэл гэх мэт уламжлалт мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ухаалаг гар утасны хэрэглээ, боловсрол, ажил эрхлэлтийн түүх гэх мэт эх сурвалжуудаас мэдээлэл аван уг хүнийг үнэлдэг системийг боловсруулсан.
Тус компани Японоос санхүүжилт авах замаар хил дамнасан зээлийг нэвтрүүлэхийг хүссэн боловч хөрөнгө оруулагчид бага орлоготой байх эрсдэл хүлээхийг хүсээгүй тул төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулан компаний зээлийн үйл ажиллагааг 2017 оны 4-р сард эхлүүлснээс хойш 2 сарын дотор ашигтай ажилласан бөгөөд одоогоор 8,000 зээлд хамрагдсан идэвхтэй хэрэглэгчидтэй.
Хоёр жилийн өмнө өөрөөс нь мөнгө зээлэхийг гуйсан найзуудаасаа залхсан Ч.Анар мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. Гэтэл LendMN-ийн анхны үйлчлүүлэгчид Чинбаатарыг гайхшруулсан гэнэ.   Тэрээр эхлээд хүмүүсийг бага хэмжээний мөнгө зээлж, тамхи эсвэл бусад зугаа цэнгэлийн зүйлд ашиглах байх гэж бодсон бол одоогын тоо баримтууд нь хүмүүсыг санхүүгийн хувьд хариуцлагатай болж, үнэхээр хэрэгтэй үедээ зээл авч байгаа нь харагдаж байгаа аж. 
LendMN нь 1.5% -ийн бага хүүтэй ба гүйлгээний хэмжээ нь ойролцоогоор $ 70 байдаг. 
 
Та Монгол залуусын бүтээсэн LendMN хэмээх аппликейшнтай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Алибаба сүлжээний аюулгүй байдлын шинэ судлагааны төв байгуулж байна

Алибаба групп машины дэвшил, сүлжээний аюулгүй байдал, эд зүйлсийн интернет, гэх мэт шинэ технологийг хөгжүүлэх зорилготой шинэ судалгааны байгууллага байгуулжээ. Тус байгууллагадаа Алибаба дэлхийн 100 орчим судлаачдыг ажилд авахаар төлөвлөж байна. Тус компани нь Хятад дахь Hangzhou, Бээжин гэсэн хоёр хотод лабораторийг нээхээр төлөвлөж байгаа аж.  Бээжинд  Хятадын цахим худалдааны болон технологийн хамгийн том байгууллагыг нээх юм байна. Мөн Калифорни муж улсын Сан Маттабад лабораторийг нээх аж. Ирээдүйд Seattle, Вашингтон, Москва, Орос,  Израиль дахь Тел Авив, мөн Сингапур гэх газруудад лабораторийг нээх төлөвлгөөтөй байгаа аж.Дараагийн гурван жилийн хугацаанд компани нь судалгаа, боловсруулалтын чиглэлээр 15 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Тус байгууллагыг Алибаба группын  технологийн ахлах офецир Жэфф Жан нь удирдах юм байна. 
Алибаба нь бусад байгууллагуудын нэгэн адилаар өөрсдийн хийж байгаа ажилаа нээлттэй байлгах арга барилаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд судалгааны баримт бичиг, төсөлийг бусдын хамтын ажиллагаагаар дамжуулан олон нийтэд мэдээллийг хүргэх болно.
Энэхүү судалгааг гүйцэтгсэнээр Алибабаг хамгийн сүүлийн үеийн технологийг шинэчлэх бөгөөд дэлхийн хэмжээний эрчим хүчний салбарт өрсөлдөх чадвартай болох болно.

Малчид цаг агаарын мэдээг утсаараа шуурхай авах боломжтой боллоо

Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү  туршлагатай Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна.  Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.

Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал,  Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтал” болон “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр  малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн  малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Уг үйлчилгээг  өнгөрсөн  оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна.  Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ.

Сайд болоогүй гишүүд ба тэдний У.Хүрэлсүхтэй хийсэн тохироо

Мэргэжлийн засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүдийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр та сайд болох уу хэмээн ам асууж байсан цаг саяхан. Энэ асуултанд Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар өөртэй итгэлтэйгээр сайд болохгүй гэж өөртөө итгэлтэйгээр хариулж байсан. Яагаад эд нар сайд болсонгүй вэ? Ямар тохиролцоо яваад байна? Эсвэл У.Хүрэлсүхдээ гомдсон уу? гэсэн асуултууд Төрийн ордноор эргэлдээд байгаа билээ. Ойрын баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гүйцэтгэх засаглалаа парламент дотроос нь хамгаалж тоглохоор эдгээр гишүүд шийдсэн гэнэ. Мөн тэгээд ч УИХ-н гишүүний үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэж сонгогчиддоо өгсөн амлалт нь тэдэнд оноо цуглуулж бусдаас ялгарах нэг өнцөг болжээ.

Уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ

Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ. Хэргийн газарт  Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.  24 настай эрэгтэй Б тус уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан аж. Улмаар цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Архины үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Засгийн газрын тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд МХЕГ, ХХААХҮЯ хамтран хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48  буюу 57 хувийнх нь үйл ажиллагаа зогсчээ.

Шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлжээ.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль,  Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллажээ.

Хууль бусаар тарвага агнасан иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван  жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан.

Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл