8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайланд руу зорчих иргэдийн анхааралд

2017-10-12 16:34:15

Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд Улсад нэг жилийн хугацаанд гашуудал зарласан билээ. Гашуудлын хугацаа 2017 оны 10 дугаар сард дуусгавар болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Бангкок хотноо Хаан Пумипон Адульядет агсаны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох юм. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Хааны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм (Grand Palace and Wat Phra Kaeo /Temple of Emerald Buddha/) 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олон нийтэд түр хаалттай байна.
  • Хаантантай салах ёс хийх зорилгоор Тайландын өнцөг булан бүрээс олон тооны хүн Бангкок хотод ирэхээр төлөвлөж байгаа тул Та энэ үеэр Бангкок хотод ирэх бол зочид буудлын захиалгаа эртнээс хийнэ үү.
  • 10 дугаар сарын 26-29-нд банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ажиллах хэдий ч зарим дэлгүүр, хоолны газрууд эрт хаагдана.
  • 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Хааны Их ордон, түүний ойролцоох Санам Луанг (Sanam Luang) талбай орчмын замын хөдөлгөөнийг түр хаах тул Бангкок хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байх болно.
  • Олон нийтийн тээврийн хэрэгсэл, тухайлбал автобус, метро (MRT), Skytrain (BTS) 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй үйлчилнэ.
  • Тайландын иргэд, ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард иргэдийнх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байх, аль болохоор хар тууз зүүж явахыг зөвлөж байна. Хар туузыг нисэх онгоцны буудал, зочид буудал, дэлгүүрүүдэд жуулчдад үнэгүй тарааж байгаа болно.
  • Хааны нас барсан өдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд хар эсхүл цагаан өнгийн цамц өмсөхийг зөвлөж байна.
  • 10 дугаар сарын 25-29-нд олон нийтийн газруудад хөгжим сул дуутай, гэрэлтүүлгийг нь бүдгэрүүлсэн байх бөгөөд 26-ны өдөр бар, шөнийн клубууд хаалттай байх болно.
  • Хааны шарилыг чандарлаж түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг жуулчид үзэж, оролцох боломжтой. Харин Тайландын ёс заншил, уламжлалын дагуу заавал дагаж мөрдөх шаардлагатай хатуу дүрэм, журам үйлчлэх тул ёслолын арга хэмжээнд оролцохдоо Тайландын иргэд эсхүл тай хэл, соёлыг мэддэг хүнтэй хамт явахыг зөвлөж байна.
  • Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд Тайланд болон гадаадын бусад орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид оролцох тул Тайландын цагдаа болон арми аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттай ажиллана. Иймд дээрх өдрүүдэд Бангкок хотод зорчих иргэд гадаад паспортаа биедээ авч явахыг анхаарна уу.
  • Тайландын Аялал жуулчлалын газраас гадаадын жуулчдад хандан тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүй болохыг уриалж байгааг үүгээр уламжилж байна.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment