8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Зарим сайд нарын нэр эцсийн байдлаар тодорхой болж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа зөрчил илэрчээ

2017-10-11 18:40:00

Намрын улиран одож, өвлийн улирал хаяанд ирлээ. Анхны цас аль хэдийн орж, ес эхлэх дөхөж байна. Өвлийн улирал айлчлан ирж байгаа учраас цасны тухай сонирхолтой баримтыг хүргэж байна. 
Хамгийн том цасан ширхэг 38см урт, 20см өргөн байсан гэж Геннисийн номонд бүртгэгджээ. Энэхүү аварга том цасан ширхэг 1887 оны 1 сарын 28-нд АНУ-н Монтанад орж байжээ.
Цас үнэндээ ямар ч өнгөгүй байдаг. Нарны гэрлийн тусгалд цагаан өнгөтэй харагддаг байна.
Хамгийн их цас 1921 онд АНУ-н Колорадо мужийн Silver Lake хэмээх газар орж байжээ. 24 цаг тасралтгүй орсон цас 193см-ийн зузаантай болсон байжээ.
Хамгийн их хэмжээгээр орсон цас Washington State-д 1998-1999 оны өвөл нийт 2895см цас орсон байна.
Дэлхийн цэвэр усны ихэнх хэсэг нь хөлдүү байдаг.Дэлхийн нийт цэвэр усны 80% нь мөс болон цас хэлбэрээр оршдог. Дүнхийсэн их цас орж, тачигнасан хүйтэнд та бэлэн үү. Бэлэн биш бэлтгэлээ базаагаарай. Харин одоо та бүхэндээ үдэш бүрийн энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 


Шинээр томилогдох 12 сайдын хэн нь хэн бэ


МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрын  12 сайдын нэр тодорхой болсон талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тодруулбал,  

"Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг нарын нэр тодорхой боллоо. 


Батлан хамгаалахын сайдын, Барилга хот байгуулалтын сайд, Шадар сайдын нэр тодорхой болоогүй байна. Ингээд одоогийн байдлаар 12 яамыг удирдах сайд нарын хэн нь хэн бэ гэсэн мэдээллийг хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛНО 

Г.Занданшатар 1970 оны 3 сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Өмнө Гадаад харилцааны сайд хийж байсан  УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдаж байсан гэсэн. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, онц сурлагатай, үлгэр жишээ оюутан учир аврагдаж үлдсэн гэдэг. 
Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болсон гэдэг.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан түүнийг ямар ч яаманд, аль ч цаг үед ажиллаад явах чадвартай хүн хэмээн дүгнэдэг. 
 Ажлын туршлага
•    МАСЗХ-ны ерөнхийлөгч. (2009-2012 он)
•    Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга. (2008-2013 он)
•    Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. (2011-2013 он)
•    “Нэг Монгол” төрийн бус байгууллагын зөвлөлдөх танхимын тэргүүн. (2015 он)
•    МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. (2015 он)
•    Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч. (2016 он)
Гавьяа шагнал
•    Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
•    “Алтан гадас” одон. (2005 он)
•    Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол. (2011 он)
•    Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
•    Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол. (2012 он) Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэрбум төгрөг зувчуулсан гэх гомдол иржээ

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.Хурлын үеэр  УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон байна. Бас 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна гэх мэдээллийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан онцолсон юм. 
Мөн  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд иржээ. Энэ нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт юм байна. Тодруулбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сар зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэдгээ мэдэгджээ. 

Багш нарын цалинг нэмэх боломжтой гэв

"Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалинг нэмэх шаардлагыг дэмжиж хэвлэлийн буйгаа илэрхийллээ. Тэд “Хоёр жил ажилласан багш 384 мянган төгрөг гар дээрээ авдаг. Цалинтай холбоотой олон судалгааг хийлээ. Монголын ирээдүйд боловсрол олгож байгаа багш нартаа төр мөнгө зарцуулах ёстой. 

Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг бид хүлээн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч төсвийн үр ашиггүй зардлыг танаж, тэвчиж чадвал багш нарын цалинг 30 хүртэл хувиар нэмэх эх үүсвэр гарч ирнэ. 

Бид Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр тус хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэх шаардлагыг тавьсан байсан. Энэ шаардлагыг манай эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллана” гэв. 

Ч.Улаан: Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудлыг хэлэлцэхээр боллоо.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, болон үүнтэй холбогдон  Ажлын хэсэг байгуулах  асуудлыг хасах саналтай байна гэж байлаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ үеэр Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, Шинэ Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалтай сайтар танилцан, нягталсны дараа уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсныг мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв. 


ЭМЯ баяр наадам тохиолдуулан албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгожээ


АТГ Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад хяналт шалгалт хийсэн байна. Эрүүл мэндийн яамны төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргасан абйна. 
Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг,тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна хэмээн АТГ анхааруулга өгсөн байна. 
Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. 


Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.
Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна.” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байна. 


Г.Дэнзэн: Би юу болж өнгөрснийг яримаар байна


Маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нарын 4 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм байна.   Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга  байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноогоод байгаа. 
Энэ удаагийн шүүх хурлыг  Г.Дэнзэн нээлттэй хийх хүсэлт гаргасан байна. Тодруулбал  “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” гэж хүсэлт гаргажээ. 

С.Амарсайхан: Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсан

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, шинэхэн даргаа сонгосон. Нийслэлийн удирдах шинэ даргаар Оюуны Ундраа группын ерөнхийлөгч С.Амарсайхан тодорсон. Түүнийг НИТХ-ын даргад нэр дэвшихэд олон хүн нэрээ татахыг шаардсан талаар хэлж байсан. Түүнтэй МАН-ын дарга М.Энхболдын ойрын хүн болох НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэх эмэгтэй өрсөлдөж өвдөг шороодсон. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Ц.Сандуй ажлаа өгсөн ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Мөн НИТХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа С.Амарсайхан олон нийтэнд хандаж мөн үг хэлсэн. Түүний ярилцлага хэлсэн болон дарга болсоныхоо дараа хэлсэн үгийг онцлох ишлэлээр хүргэж байна. 

1.    Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх нь хувьд хүндэлдэг
2.   Миний хувьд Д.Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь харахаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижлийг нь гүтгэн доромжилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.
3.    Ц.Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна.
4.     Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг Ц.Сандуй шууд удирдсаар байгаа учраас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авсан
5.    Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгосон.
6.    Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна.
7.    Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургүйцсэн.
8.    Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжилсан үйлдэл болох байлаа.
9.    НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж байгаа нь бодитой шүүмжлэл.
10.      Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна
11.    Фракц бүлэглэл хаана ч байдаг. Гэхдээ эрх ашиг, туйлын зорилго нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх
12.    Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг.
13.    Энэ хэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг
14.    Би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог.
15.    Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр ирлээ.
16.    Нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирсан
17.    Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна.
18.    Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй.
19.    Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлагатай.
20.    Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл ажил гацааж байгаа учраас өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье


 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл