8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн газрын сайд нарын нэрс урьдчилсан байдлаар тодорч, Г.Дэнзэн нарын хэргийг хяналтын шатны шүүхийн тов гарсан өдөр

2017-10-10 18:40:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог  “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Уул уурхайтай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг Шинэ Засаг хүлээж авахгүй 

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон цагаас хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрсийн таамаг олон янзаар гарч эхэлсэн. Тэгвэл шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс тун удахгүй эцсийн байдлаар тодорно. Харин өнөөдөр үү , маргааш уу. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл нь хуралдсаны дараа сайд нарын нэрийг лхагва гаригт буюу маргааш өргөн барих юм байна. Ингэснээр шинэ Засгийн газрын танхим бүрдэх учиртай.

Тэгвэл өнгөрсөн шөнө МАН-ын хоёр бүлэг хуралдаж Засгийн газрын сайд нарынхаа томилгоог тус тусдаа  хэлэлцжээ.  МАН-ын хоёр бүлэг гэж хэлсэн нь учиртай. МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдсан. Тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан 32-ын бүлэг. Зураагүй 33 гэж.

Эх сурвалжийн мэдээлснээр намын дарга М.Энхболд засгийн газарт зургаан сайд оруулна гэж хатуу зогссон гэнэ. Үүнийг хүлээж авахгүй бол шинэ засаг байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар ч жив жув хийх хүн олон байна. Харин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс намын гишүүдээ ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын байр сууриа хатуу баримталж байгаа аж.  Энэ нь У.Хүрэлсүхийн эсрэг зогссон гишүүдийг засагт оруулахгүй гэсэн үг биш. Харин зөв үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллахад буруу зүйл байхгүй. Гэхдээ уул уурхайтай болон бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг хүлээж авахгүй гэсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана гэдгээ чуулганы индер дээрээс онцолж байсан.  Үүнийхээ дагуу хэн нэгнийг сайд болгохдоо бус намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдал, хариуцлагатай байх, шударга ёсыг хангах зарчим дээрээ хатуу зогсч Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн сураг дуулдаж эхлэв. 

Хятадад хэн хамгийн их эрх мэдэлтэй вэ? 

Хятадад хэн хамгийн эрх мэдэлтэй талаарх мэдээлэл CNN агентлагт гарсан байна. Тус мэдээллийг орчуулан хүргэж байна. 
1. Ши Жиньпин

Хятадын хамгийн эрх мэдэлтэй хүний жагсаалтыг Ши Жиньпин тэргүүлсэн байна. Түүний хувьд Хятадын Ерөнхийлөгч гадна Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга юм. Шинжээчдийн хэлж байгаагаар Ши Жиньпин нь 1980-аад он, 1990-ээд оноос хойшхи Хятадын удирдагчаас хамгийн хүчирхэг удирдагч юм."Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болсоноор тэрээр өөрийн өмнөх удирдагчдаасаа илүү их эрх мэдэлтэй болгож, өрсөлдөгчдийг нь багасгаж чадсан" гэж судлаач Митт хэлэв.
2. Жэк Ма

Жэк Ма-ийн хувьд Майкл Жексоны дууг дагаж дуулах, бүжиглэх дуртай, англи хэлний багш байсан хүн юм.Гэвч Жэк Ма бол Хятадын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг бөгөөд магадгүй Ерөнхийлөгч Ши Жиньпинтэн адил олон улсад танил хүн юм. Жэк Магийн нэр нь  Ма Юн гэдэг. Тэрбээр  Хятад улсын хамгийн хүчирхэг цахим худалдааны вэбсайт Альбаба-г үүсгэн байгуулсан нэгэн. Тэрбээр Taobao шиг худалдааны томоохон онлайн худалдааны тавцанг эзэмшдэг юм.Түүний онлайн платформ нь сард хэдэн зуун тэрбум долларын ашиг олдог ба тэрбээр 2017 оны 9-р сарын байдлаар Хятадад хамгийн баян хүн болжээ.

3. Кишан Ванг

2012 оноос эхлэн Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин авлигатай тэмцэж эхэлсэн. Авлига хээл хахуулыг хянуулахаар Бээжингийн захирагч ба 2008 оны олимпийн зохион байгуулагч Кишан Ванг сонгосон юм.  Тэр үеэс хойш Кишан Ванг Хятадын албан тушаалтнуудын дунд ч хүчтэй айдас төрүүлэхээр хүн болжээ.Кишан Вангийг Хятадын "хоёр дахь хамгийн хүчирхэг" улс төрч гэж үздэг ба тэр Ши Жиньпин 
чухал дэслэгч байсан. Ши Жиньпин түүний байхгүй бол тэргүүн эгнээний ширээн дээр хүчин мөхөс байдаг хэмээн судлаачид үздэг. 
4.Ма Хуатэнг

Хэрвээ та Хятадад амьдардаг бол таны утас дээр зөвхөн нэг л апп байх ёстой. Хятадын бүх хүн үүнийг хэрэглэдэг. Фэйсбүүк эсвэл Твиттергүй улс оронд нь WeChat байдаг ба энэ нь хоёулангийнх нь хослол бөгөөд үүнээс ч илүү сайн бөгөөд илүү түгээмэл мэдээлэл өгдөг.  Уг компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэнг нь Forbes сэтгүүлд Хятад улсын гуравдахь хамгийн баян хүний нэг гэж бичигдсэн юм. Ма "Pony" хэмээх нэрээрээ алдартай бөгөөд 1998 онд WeChat аппыг эзэмшдэг Tencent компанийг байгуулж байжээ. 
5.Ли Көцян
Ли Көцян 2012 онд  БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан. Мөн  Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүчирхэг нэгэн. Дэлхийн 2 дахь том эдийн засгийн ерөнхий менежер тэрээр дэлхийн хамгийн том эдийн засаг, нийгэм, технологийн өөрчлөлт гэх зэрэг асуудлуудыг шийдэж байсан чадварлаг нэгэн. Хятадын улс төр судлаач Zhiyue Bo CNN-д өгсөн ярилцлагадаа Ли-г хамгийн эрх мэдэлтэн жагсаалтынхаа 3-т бичсэн байсан юм. 

Ж.Мөнхбат: Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан

ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр “Би өөрийнхөө гүтгэгдсэн нэр хүндийг сэргээхийн тулд  хуулийн байгууллагад хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.Дорноговь аймгийн Сайншандын автозамын тендэрийг нийтдээ найман компани материал ирүүлсэн. Концессийн гэрээг "Засаг чандмань майнз" компани шалгарсан. Энэ компанитай миний бие болон манай гэр бүлийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан" хэмээн мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэн бичлэгийг энд дарж үзнэ үү. 

"Давхар дээлтэй сайд нарт давхар цалин өгөхгүй"

МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Бүлгийн хурлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэрийг хэлэлцэж байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ерөнхий сайд давхар дээлтэй ажиллах эдгээр сайдуудад цалин өгөхгүй. Цалин өгөхгүй гэдгийг эсэргүүцэж байгаа хүн байгаа бол сайдаас татгалзаж болно” хэмээн МАН-ын бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна. Монгол Улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас аль болох хэмнэх бодлогыг баримталж ажиллах юм байна. Энэ удаагийн Засгийн газрын сайд нар танхимаас бүрдэж байгаа учраас УИХ-ын гишүүний цалингаа аваад сайдын ажлаа хийхийг Ерөнхий сайдын зүгээс хэлсэн байна. Үүнийг ч МАН-ын бүлэг дэмжиж, сайдад нэр дэвшигчид ч зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. 

Цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно 

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагдах юм. Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгжийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж заасан байдаг. 

Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ 

Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн иргэн “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн В. Мөнхбат, иргэн Б.Мөнгөндуулга нар бүлэглэн бусдыг бүлэглэн олон цагийн турш зодсон хэрэг гарсан байна. В.Мөнхбат нь урьд өмнө аймгийнхаа засаг даргыг зодож гэмтээсний улмаас хорих ял эдэлж байсан, хэд хэдэн удаа бусдыг айлган сүрдүүлж дарамтлах, зодож гэмтээж байсан хэргээр шалгагдаж байсан нэгэн аж. Тус хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.  

О.Батнасан: О.Бурмаа хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадах уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн бөгөөд ХЗБХ уг асуудлыг ийн хэлэлцсэн юм.Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас шинэ гишүүн томилох ёстой.  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал бодлоо илэрхийлж, асуулт асуулаа. 
 УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц гэдэг бол эх хуулийг минь хянаж байгаа дээд шатны хамгийн том байгууллага. Үндсэн хуулиас олон хууль салбарлан гарч байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна  гэдэг шалгууртай. Нэр дэвшигчээс нэг асуулт байна. Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд  Р.Бурмаагийн нэрийг оруулж ирж байгаа юм байна.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй гэсэн шалгуур байгаа. Яг энэ шалгуурыг давж гарсан хэдэн хүн байгаа билээ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадаж байна уу” гэсэн асуултыг асуулаа. 
 
Р.Бурмаа хариулахдаа“Үндсэн хуулийн 65,2-д Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй, 40 настай иргэн байна гэсэн шалгуур байгаа. Давхар улс төр, хууль зүйн мэргэжил гэсэн шалгуур байхгүй. Аль нэгийг нь гэсэн байгаа. Давхар гэсэн утга агуулаагүй. Хувь хүний хувьд УИХ,  хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан. УИХ-ын хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан” хэмээн хариулт хэлэхэд УИХ-ын гишүүн О.Батнасан “Таныг УИХ гишүүн байсан төрд өндөр албан тушаал хашиж байсныг мэднэ. Төрд салбараараа мэргэшнэ гэдэг чинь өөр асуулт. Мэргэшнэ гэдгийг асуухаар тойруулж хариулсаар байгаад л өндөр албан тушаалд томилогддог” хэмээн хэллээ.  

ТАНИЛЦ: Засгийн газрын сайд нарын нэрс урьдчилсан байдлаар тодорхой болжээ 

МАН-ын бүлэг өчигдөр шөнө болтол хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар урьдчилсан байдлаар 14 сайдын нэр тодорхой болсон байна. 

Одоогоос зургаан хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 04-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилох чуулганы өмнө М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд сайдын тохироо хийх санал тавьсан талаар мэдээлэл гарч байсан. УИХ-ын дарга М.Энхболд тохирохгүй бол УИХ-ын намрын чуулганд 30-аад гишүүн орохгүй өрөөндөө гэдийж, хэдхэн гишүүн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж нөгөөдүүлийгээ хүлээсэн байдалтай өдөр өнгөрсөн. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал дээр М.Энхболд дарга нэлээд хэдэн сайдын суудал авна гэдгээ илэрхийлсэн талаар эх сурвалж дуулгалаа. 


Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг  МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд оруулахаар тохирсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам,  Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, ниймийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны сайдыг томилохоор болсон байна. Ингээд одоогийн байдлаар яригдаж байгаа сайд нарын мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг томилно гэсэн мэдээлэл байна.  

 

"60 ТЭРБУМ” болон У.ХҮРЭЛСҮХИЙГ тагнасан асуудлаар сонсгол явуулахыг хүсчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна. 

Нууцлагдаж байсан Хүннү эмэгтэйн ховор булш олджээ 

 

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Енисей мөрний эрэг Ала-Тей хэмээх газарт судлаачид 2015 онд малтлага хийж,  Хүннүгийн үеийн томоохон булшыг илрүүлсэн байна. Енисей мөрний эрэгт Скифийн үеэс эхлээд Дундад зууны үе (НТӨ 2-р зуунааас 12-13 зуун хүртэл) хүртлэх олдворууд нэгэн дор байсны нэг нь хүннүгийн үед хамаарах эмэгтэйн булш байжээ. Малтлагын үед нүүрсээр урлаж, үнэт чулуу, амьтдын дүрсээр чимсэн бүсний арал, гоёлын бусад эд зүйлс олдсон байна. 

Археологичид өнөөг хүртэл олон нийтэд зарлахаас зайлсхийж байсан нь тонуулчдад ховор эд зүйлсийг алдахаас болгоомжилсных гэнэ.

Малтлагыг удирдсан Санкт Петрбургийн Оросын Шинжлэх Ухааны Академийн Соёлын өвийн хүрээлэнгийн судлаач, доктор Килуновскаягийн хэлснээр булшны газар нь хүн хүрэхэд хэцүү, зөвхөн зуны улиралд ажиллах боломжтой тул ирэх зун үргэлжлүүлэх аж. Тэрээр энэ булшийг урьд нь илэрч байгаагүй “хамгийн баялаг бүсний тоноглолын олдвор” гэж тодорхойлж байна.  

Г.Дэнзэн нарын хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 13-нд хянан хэлэлцэхээр товложээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм. Мөн уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр жилийн хорих ял, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулах шүүхийн шийдвэр гарсан юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Eruul mendiin saidaar yadaj meregjliin hun songomoor uym hunii ami togoloom uym uu sarangerel chini yag hen uym bee
2017/10/11 112.72.11.121
Хуучин бууны хугархай
Сайдуудыг бодлого хэрэгжүүлэх талаар хийх ажлыг нь сонсож шалгаруулах нь зүйтэй. Өрсөлдүүлж ч болно шүү дээ. Тэрнээс хэн нэгний татаас түлхээсний сайдуудыг болих цаг болоогүй юу?
2017/10/11 135.23.229.11
zochin
сумьяабазар шал сонин санагдчихлаа
2017/10/10 103.26.195.96
  • Recent
  • Most Read
  • Most Comment