Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон цагаас хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрсийн таамаг олон янзаар гарч эхэлсэн. Тэгвэл шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс тун удахгүй эцсийн байдлаар тодорно. Харин өнөөдөр үү , маргааш уу. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл нь хуралдсаны дараа сайд нарын нэрийг лхагва гаригт буюу маргааш өргөн барих юм байна. Ингэснээр шинэ Засгийн газрын танхим бүрдэх учиртай.
Тэгвэл өнгөрсөн шөнө МАН-ын хоёр бүлэг хуралдаж Засгийн газрын сайд нарынхаа томилгоог тус тусдаа хэлэлцжээ. МАН-ын хоёр бүлэг гэж хэлсэн нь учиртай. МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдсан. Тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан 32-ын бүлэг. Зураагүй 33 гэж.
Эх сурвалжийн мэдээлснээр намын дарга М.Энхболд засгийн газарт зургаан сайд оруулна гэж хатуу зогссон гэнэ. Үүнийг хүлээж авахгүй бол шинэ засаг байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар ч жив жув хийх хүн олон байна. Харин
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс намын гишүүдээ ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын байр сууриа хатуу баримталж байгаа аж. Энэ нь У.Хүрэлсүхийн эсрэг зогссон гишүүдийг засагт оруулахгүй гэсэн үг биш. Харин зөв үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллахад буруу зүйл байхгүй. Гэхдээ уул уурхайтай болон бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг хүлээж авахгүй гэсэн талаар эх сурвалж мэдээллэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана гэдгээ чуулганы индер дээрээс онцолж байсан. Үүнийхээ дагуу хэн нэгнийг сайд болгохдоо бус намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдал, хариуцлагатай байх, шударга ёсыг хангах зарчим дээрээ хатуу зогсч Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн сураг дуулдаж эхлэв.
Д.Болор