УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн бөгөөд ХЗБХ уг асуудлыг ийн хэлэлцсэн юм.Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас шинэ гишүүн томилох ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал бодлоо илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц гэдэг бол эх хуулийг минь хянаж байгаа дээд шатны хамгийн том байгууллага. Үндсэн хуулиас олон хууль салбарлан гарч байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна гэдэг шалгууртай. Нэр дэвшигчээс нэг асуулт байна. Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд Р.Бурмаагийн нэрийг оруулж ирж байгаа юм байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй гэсэн шалгуур байгаа. Яг энэ шалгуурыг давж гарсан хэдэн хүн байгаа билээ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадаж байна уу” гэсэн асуултыг асуулаа.
Р.Бурмаа хариулахдаа “Үндсэн хуулийн 65,2-д Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй, 40 настай иргэн байна гэсэн шалгуур байгаа. Давхар улс төр, хууль зүйн мэргэжил гэсэн шалгуур байхгүй. Аль нэгийг нь гэсэн байгаа. Давхар гэсэн утга агуулаагүй. Хувь хүний хувьд УИХ, хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан. УИХ-ын хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан” хэмээн хариулт хэлэхэд УИХ-ын гишүүн О.Батнасан “Таныг УИХ гишүүн байсан төрд өндөр албан тушаал хашиж байсныг мэднэ. Төрд салбараараа мэргэшнэ гэдэг чинь өөр асуулт. Мэргэшнэ гэдгийг асуухаар тойруулж хариулсаар байгаад л өндөр албан тушаалд томилогддог” хэмээн хэллээ.
О.Батнасан: О.Бурмаа хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадах уу
2017-10-10 11:55:08