8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: НИТХ-ын даргыг сонгож, Хангарьд ордны гадаа нүцгэн жагсаал хийсэн өдөр

2017-10-09 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.


Н.Номтойбаярын зорчиж явсан машинд мөргүүлсэн талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч хол шидэгджээ

Булган аймгийн Хутаг өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэдэг газар өнгөрсөн сарын сүүлээр хоёр том осол гарсан. Түүнийг нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч  Н.Номтойбаярын сууж явсан гэх  “Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд 1971 онд төрсөн, мотоцикл унаж явсан иргэн мөргүүлж нас барсан хэрэг гарсан.Тус “Бенз жи класс” маркийн автомашин дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон иргэн А буюу  /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан ил болоод байгаа.


 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тухайн ослын талаар мэдээлэл өгөхдөө “Тухайн хүн 1971 онд төрсөн. Эхнэр хүүхэдгүй, сүүлийн хэдэн жил тэнэмэл байдлаар амьдарч байгаа. Согтуу байсан. Жолооны үнэмлэх байхгүй мөн замын хөдөлгөөнд оролцох эрхгүй байсан. Туслах замаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл үндсэн автозамд зам тавьж өгөх ёстой. Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан” хэмээн хэлсэн. 


Тухайн осол “Дондогийн булаг”-ийн олон гуанзуудын хажууд болсон бөгөөд осол болсон даруйд гуанзны хүмүүс гүйгээд очиход Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийг машиндаа суулгаад аваад явсан. Мөн ослын улмаас аарцагны яр хугарч, гол судаснууд тасарч, цус алдаж өнгөрсөн талаар талийгаачийн эгч ярилцлага өгсөн байдаг. Харин тухайн ослыг цайны газрын таван хүн хараад зогсож байсан аж. Гэрчийн хэлж буйгаар бол “талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч их хол шидэгдсэн” хэмээн хэлсэн байна.   Гэтэл УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярын хэлж буйгаар бол “жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” хэмээн агсам тавьж байсан гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ талийгаач ослын газраас эмнэлэг рүү авч явах үед хөдөлж чадахгүй байсан талаар талийгаачийн эгч ярицлага өгөх үедээ дурьдсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

БХБЯ-ы албан тушаалтнуудын 76 хувь нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа томилогджээ


11 АЛБАН ТУШААЛТНЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛСОН БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ


Авлигатай тэмцэх газар Барилга хот байгуулалтын яаманд хяналт шалгалт хийсэн байна.

Барилга хот байгуулалтын яам нь улсын хэмжээнд 2015 онд нийт 15 яамнаас  шударга байдлын үнэлгээгээр 65,8 оноогоор буюу яам, агентлаг, аймаг, нийслэлээс хамгийн бага оноотой, эрсдэл өндөртэй үнэлэгдсэн бол 2016 онд мөн л 65,7 оноогоор Авлигын индексийн судалгаа, үзүүлэлтээр харьцангуй бага оноотой 3 салбарын нэг болсон байна.


Барилга, хот байгуулалтын яамны бүтэц, зохион байгуулалтыг сүүлийн 1 жилийн хугацаанд 3 удаа өөрчилж өмнө нь 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байсныг 7 газартай болгон задалсан байна. Үүнийг хуулийн байгууллагын зүгээс салбар хоорондын уялдаа холбоог бууруулж, тусгаарласан, хамтын ажиллагааг сулруулж байна гэж үзсэн байна. 
Барилга, хот байгуулалтын яам болон салбарын хэмжээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох нийт 143 албан тушаалтан байгаагаас 11 албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолыг хууль зөрчсөн байна. 
Мөн тус салбарт  2015-2017 онд томилогдсон удирдах албан тушаалтны 76 хувь нь 2016 онд буюу сонгуулийн жилийн дараа тухайн албан тушаалд томилогдсон зөрчил илэрчээ. Мөн үүнээс гадна төрийн жинхэнэ албан тушаалд 25 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь төрийн захиргааны албан тушаал дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалт өгөөгүй иргэдийг хууль зөрчин ажиллуулсан зөрчил мөн илэрсэн байна.
Ажлын хэсэг салбарын хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 36 төсөл хөтөлбөртэй танилцахад нэгэн зүйл анхаарал татсан талаар танилцууллаа.
Тухайлбал, 2013-2014 онд тус бүр нь 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 томоохон төсөл хөтөлбөрийг “Монгол Дайван” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан боловч тус компани барилгыг ажлын зураг төслөөс зөрүүтэй хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй байжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж эхэлсэн байна. 

Аsiarussia.ru: Монголын гудамжны борлуулагчийн нүцгэн эсэргүүцэл

Өнөөдөр өглөө хувцсаа нүцгэлсэн нэгэн иргэн Хангарьд ордны гадаа нүцгэн жагсаал хийсэн.  Тэрбээр нийслэлийн удирдлагуудад хандан "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё" гэсэн уриатай тэмцэж байгаа юм. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийн нэг юм. Гэвч тэдгээр худалдаа эрхлэгчдийг талбайгаа чөлөөл гэсэн шаардлагыг тавьж, жагссан. Энэ талаар мэдээлэл Аsiarussia.ru сайтад гарсан байна. Тус мэдээлэлд “Монголын нийслэлийн Иргэний хурлын танхимийн урд талд нэгэн иргэн нүцгэн жагсаал хийлээ. 
Монголын нийслэлд очиж үзсэн бүх хүмүүс "Хархорин" захын хажууд байрлах худалдаа эрхлэгчдийг мэднэ.Тэндээс хувцас, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд  бүх зүйлийг худалдаж авч болно.
Гэсэн хэдий ч Баянгол дүүргийн дарга С.Одонтуяа нь дүүргийн хэмжээнд гудамжны худалдаа хийхийг хориглодог А / 363 тоот тушаал гаргаж, гарын үсэг зурсан. Энэ тушаалыг эсэргүүцэж, гудамжны худалдаачид өлсгөлөн зарлажээ. Гэхдээ тэдний эсэргүүцэл ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Өнөө өглөө худалдаачдын нэг Мишиг иргэн нийслэлийн Иргэний Хурлын хуралдаанд оролцохыг хүссэн боловч цагдаа нар түүнийг оруулаагүй. Мишиг НЗДТГ-ын үүдэнд нүцгэж жагсаал хийсэн. Гудамжны худалдаа эрхлэгчид эрх баригчдаас худалдааны төв барихыг хүсдэг, хэрвээ ажлын байраар хангавал татвараа төлөхөд бэлэн байна хэмээн худалдаачид мэдэгдсэн. 


“Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” санал асуулгын дүн гарлаа


Монгол ардын намын зарим гишүүд толхилцон өөрсдийн босгосон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагааж үр дүнд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон танхимаа бүрдүүлэх эрх аваад буй. 
Medee.mn сайтын редакциас уншигчдын дунд “Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” санал асуулгыг өнгөрөгч долоо хоногийн турш явуулсан юм. Санал асуулгад нийт 47 мянга гаруй уншигч хамрагдан, хамгийн сайн ажилласан, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн сайдуудыг нэрлэжээ. 
Тодруулбал, энэхүү санал асуулгыг Шадар сайд асан У.Хүрэлсүх 38 хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт 28 хувь, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 хувийн саналаар удаалсан байна. Тэдний араас П.Сэргэлэн, Б.Чойжилсүрэн нар нэрлэгджээ.

Харин өнгөрсөн 7 хоногт control.mn сайтаар явагдсан санал асуулгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг хамгийн сайн ажилласан гэж үзсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг хоёрдугаарт нэрлэжээ. Мөн ТВ5 телевизийн сэтгүүлч Баасанжавын Отгон өөрийн цахим хуудсаараа нээлттэй санал асуулга мөн явуулсан билээ. 
Дашрамд, У.Хүрэлсүх кабинетаа хэрхэн бүрдүүлэхийг хэн хүнгүй хүлээж, дор бүрнээ таамаглал дэвшүүлж байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд У.Хүрэлсүх сайд намын дарга М.Энхболдтой тохиролцоо хийсэн, 7*8-ийн харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр зөвшилцсөн гэх мэдээлэл байна. Иргэдийн зүгээс ажлаа гартаа оруулсан сайдуудаа хэвээр үлдээж, аль болох төрийн албаны халаа солио бага хийхийг хүсч байгааг дуулгая. 

"БОЛДОГГҮЙ" Борис Жонсоныг Монгол руу цөлөх хүсэлтэй байна


Их Британийн ахмад улстөрч, Засгийн газрын сайд асан Майкл Хезелтин нэгэн хачирхалтай ярилцлага өгсөн байна.Саяхан болсон Консерватив намын хуралдааны үеэр тэрбээр “Ливи улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд эхлээд цогцоснуудаа цэвэрлэх хэрэгтэй” гэж хэлсний улмаас Ливи болон Их Британийн харилцаа таагүй болоод байгаа юм.
Энэ мэт “бодлогогүй” үг хэлж, засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг сайд нараа Тереза Мэй удахгүй огцруулж, халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа бололтой.
Т.Мэйн зөвлөхөөр ажиллаж буй, Шадар сайд асан Майкл Хезелтинээс “Скай Ньюс” телевизийн сэтгүүлч “Хэрвээ та Т.Мэйн оронд ерөнхий сайд байсан бол Б.Жонсоныг ямар албан тушаалд томилох вэ?” гэж асуухад “Монгол ч юм уу, нэг тиймэрхүү газар руу явуулна даа” гэж хариулсан байна.

Бугын цусан эвэр, бугын сүүл хууль бусаар оруулахыг завджээ


Баянгол дүүрэг Төмөр замын  “Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24-р галт тэрэгний дизель хөдөлгүүрийн вагоны агааржуулалтын хоолойд бугын чив 395грамм, бугын цусан эвэр 2955гр, бугын сүүл 2ш, 116 кг 145 гр, Дэрвэгэр жирвэгэрүү" эмийн ургамлыг Дархан-Уул аймгийн харъяат 33 настай эрэгтэй И, БЗД-ийн 10 хороонд суух 42 настай эрэгтэй Б нар бүлэглэн нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Хэргийг Төмөр Замын Цагдаагийн Газар шалгаж эхэллээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ


Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл гарч байсан. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдэлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2-д зааснаар шалгаж байсан. Тэрбээр өмнө нь БХБЯ-аас гадна Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвших эрхээ илэрхийлэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.  Тэгвэл АТГ Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг жил гаруй хугацаанд шалгаж, холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан ирүүлжээ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Монголын талтай хамтын чармайлт гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд илүү ахиц гаргахад бэлэн байна” хэмээжээ.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа таныг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Орос, Монгол хоёр улс найрамдалт сайн хөршийн түншлэлийн харилцаатай билээ.
Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тээврийн бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хангарьд ордны гадаа нүцгэн жагсаал хийж байна

Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байгаа бөгөөд НИТХ-ын даргыг сонгоно. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд цагдаа нарын хамгаалалт гарсан байна. Учир нь хувцсаа нүцгэлсэн нэгэн иргэн Хангарьд ордны гадаа нүцгэн жагсаал хийж байна.  Тэрбээр нийслэлийн удирдлагуудад хандан "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё" гэсэн уриатай тэмцэж байгаа юм. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийн нэг юм. Гэвч тэдгээр худалдаа эрхлэгчдийг талбайгаа чөлөөл гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл