Хоёр хоногийн өмнө буюуаравдугаар сарын 7 бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр тохиож, 65 нас хүрлээ. Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр Орос даяар Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Орос орон даяар нийт 80 гаруй хотод жагсаал болж, иргэд “Путин бол луйварчин!”, “Хааныг огцруул!”, “Тэтгэвэрт гарга!” зэрэг уриа лоозон барьсан байв. 41 настай авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальныйг өнгөрсөн Даваа гарагт 20 хоног хорихоор баривчилсныг мөн жагсагчид эсэргүүцсэн байна. Түүнийг хууль бус цуглаан зохион байгуулсанд буруутгасан юм. Навальный энэ он гарсаар гурав дахь удаагаа ийнхүү хоригдож байгаа юм.Тэрээр 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путинтай өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.
Нийслэл Москва хотод 1,000 орчим иргэн Пушкиний талбайд цугларч, Кремлийн зүг жагсах гэсэн боловч замыг нь цагдаа нар хааж, зогсоосон байна. Уг эсэргүүцлийн улмаас Орос даяар нийтдээ 260 гаруй жагсагчийг баривчилсан тухай хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.