Төрийн гурван өндөрлөг гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат корпусын ажилтнуудтай жил бүрийн эхэнд уулзаж, мэндчилгээ дэвшүүлдэг. Энэ уулзалт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцлоо.
2016 онд монголчууд бид Ази-Европын чуулга уулзалт болох – АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах зочин улсын хүндтэй үүргийг өөртөө аваад байна. АСЕМ-ийн дээд хэмжээний энэхүү уулзалт нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцах тул ойн арга хэмжээ, уулзалт маань зэрэгцэн явагдана. Манай Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс, ГХЯ, АСЕМ-ийн бэлтгэл хангах ажлын алба нэн идэвхтэй ажиллаж байна.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан Ази, Европын улсуудын Элчин сайд нар Та бүхэн энэ уулзалтад онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад бид баяртай байна. Та бүхний төлөөлөн суугаа улс орны Төр-засгийн тэргүүн нар Улаанбаатарт тавтай саатан морилно гэдэгт бид итгэлтэй байна.