МАН-ын Бага хурал ирэх даваа гарагт хуралдаж Ерөнхий сайдаа тодруулна. Мөн Их хурлынхаа товыг зарлаж намын даргын асуудлаа хэлэлцэх юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн огцорсноос хойш ерөнхий сайд, намын даргын сунгаанд фракциудын тэмцэл ил далд өрнөж байна. Энэ хугааанд 60 тэрбумын хэрэгт гүнзгий унаад байгаа М.Энхболдын тэргүүлсэн хотын фракцийнхан эрх мэдлээ алдахгүйн төлөө эцсийн аргаа хэрэглэх гэж байна.
Барьц алдах дээрээ тулаад байсан тэдний хувьд эцсийн найдвар нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болж таарч байна. Өчигдөр тэрээр М.Энхболдтой уулзаж хэрэв өөрийг нь дэмжвэл хотын фракцийн бодлого шийдвэрийг дагана. Боловсон хүчний бодлого дээр дор хаяж 50 хувь нь хотын фракцийн төлөөллийг байршуулна гэсэн байна. Ийм зөөлөн чихтэй, үгийг нь үг дуугүй дагах хүн өөрөө ороод ирж байхад хэн татгалзах билээ. М.Энхболд түүний болзолыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гар хөлөө барилцжээ. Тиймээс өчигдөр оройноос хотын фракцийнхан Ө.Энхтүвшингийн гэрт цуглаж ирэх хурлуудыг хэрхэн удирлах, шийдвэрээ хэрхэн гаргах, хэн хэний саналыг татах гээд бүхий сценараа зурсан гэдгийг ойрынх нь эх сурвалж үгүйлж байна.
Түүгээр ч барахгүй Ө.Энхтүвшингийн тэргүүлнэ гэж тооцсон Засгийн газрын гишүүдийн нэрсийг зоож, бусад томилгоог хэрхэн өөрчлөхөө төлөвлөөд амжсан сурагтай. Эх сурвалжийн өгүүлж буйгаар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй зарим сайд нар үлдэхээр тохиролцсон гэх. Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд, Батлан хамгаалахын сайд нарыг хэвээр үлдээхээр болж байгаа бололтой. М.Энхболд УИХ-ын даргын суудлаа хадгалж үлдэх юм байх. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд удаа дараагийн санал асуулгад бүдэрсэн тэрээр хариуцлага хүлээх ямсар ч сонирхол байхгүй байгаа нь энэ.
Хотын фракцийн нууцхан тохиролцооны зарим нэг хөшгийг сөхөхөд иймэрхүү. Эндээс харахад дуулиант 60 тэрбумын асуудал ингэсгээд дарагдах бололтой.
Г.Санчир