Америкийн иргэн Хэнтийн хоккейн багийг дасгалжуулж байгаа талаар орон нутгаас мэдээлж байна. Монгол орныг зорих иргэд, аялагч жуулчид түүх дурсгал, байгалийн сайхныг нь бахдан бишрэхээс гадна монголчуудад туслах хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох нь элбэг. Тэгвэл тэдний төлөөлөл болсон Лислэй Эберсол 2012 оноос мөсөн талбай барьж ажиллуулахын зэрэгцээ Чингис хотын ард иргэд, хүүхэд залуучуудад энэ спортыг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ. Лислэй Эберсол АНУ-ын иргэн бөгөөд өдгөө гэр бүлээрээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт оршин сууж байна. Лислэй Эберсол 2006 онд Монгол Улсад ирж 2009 онд манай аймагт ажиллаж, амьдрахаар гэр бүлийн хамт иржээ. Тэрбээр олон улсын соёл судлаач мэргэжилтэй. Монгол Улсад сайн дурын болон хамтын хөгжлийн ажил хийх зорилготой анх ирж, 4 жилийн турш аймгийн төвд айлын хашаанд зундаа хүлэмжийн ногоо тарьж ургуулах, түүнийгээ бусдад зааж сургах ажил хийжээ. Үүнийхээ хажуугаар өвлийн цагт 2012 оноос эхлэн мөсөн талбай барьж ажиллуулахын зэрэгцээ Чингис хотын хүүхэд залуучуудыг хоккейн спортоор хичээллүүлж байгаа аж. Түүний гурван хүү болох Victor Ebersole, Vicent Ebersole, Zachary Ebersole нар нь тус багт орж тоглодог аж. Тэд өнгөрсөн жилээс улс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа бөгөөд тун ударгүй энэ сарын 13-18-нд Сэлэнгэ аймгийн Шарын голд зохиогдох Хоккейн УАШТэмцээнд оролцохоор өчигдөр Хэнтий нутгаас мордсон байна.