Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах, мөрдөх ажиллагаа явуулж байгаа мэдээллийг шалгуулах талаар Шадар сайдын ажлын албанаас 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий Газар болон Авлигатай Тэмцэх Газарт хүсэлт гаргасан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 42-р зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1, 20.1.3, 24-р зүйлийн 24.3, 24.3.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын Хороонд хүсэлт хүргүүлсэн.
Гэвч АТГ-аас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны 7 дугаар сард өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон хамаарал бүхий хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн учир яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлчихсэн, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд явж байна" гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол, хүсэлт гаргасан ч ТЕГ, АТГ хоёр сар гаруйн хугацаанд энэ хэргийг үнэн зөв шийдэх талаар дорвитой ямар ч алхам хийгээгүй атлаа өнөөдөр ийм мэдээлэл хийж байгаа нь илтэд нэг талыг барьсан улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл боллоо гэж үзэж байна.
Хэргийн гэрч, оролцогч болох иргэн Ч.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль, хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, нотолсоор байтал хууль хяналтын байгууллага бодит үнэнийг олон нийтэд мэдээлсэнгүй.
Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын Ерөнхий Газарын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ Улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж байгаагийн тод жишээ болж байна.
Удахгүй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг олон нийтэд мэдээлэх болно.
ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА