8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Боксын улсын аварга эхэлж, “Херо" энтертайнментийн захирал Л.Баатар ноцтой мэдээлэл хийсэн өдөр

2016-01-12 02:42:00

Өвлийн улирлын хамгийн хүйтэн өдрүүдийг монголчууд бид  зурхайн цаг тооны бичгийн дагуу хэмждэг уламжлалтай. Тэгвэл нялх гурав буюу гурван ес эхэлж тажигнасан тэсгэм хүйтэн өдрүүд үргэлжилж байна.  Гунан үхэрийн тас хөлдөх мэт хүйтэн өдрүүдийг хайртай гэр бүлээ халуун дулаан үг, хайр халамжаар бүү дутаагаарай. Хайр байгаа цагт халуун дулаан энерги хэзээ ч тасрахгүй. Мэдээ мэдээлэлийн chuhal.mn сайтаас орой болгон уламжлал болгон хүргэдэг Монголын нэг өдөр булангынхаа ээлжит нэгэн дугаараа хүргэх гэж байна. Өнөөдөр монголын улс төр болоод нийгэмд дуулиан тарьсан олон мэдээлэл цацагдаж, багагүй шуугиан дэгдээлээ. Мөн үүнээс гадна манай сэтгүүлчийн бэлтгэсэн “Н.Гантөмөр: Миний хүүг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг” гэсэн сурвалжлагыг цаг гарган заавал уншаарай. Алдаж оносон ч амьдарч амьсгалж байгаа нь сайхан гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, азаар олдсон энэ амьдарлаа эрхгүй нэг хайрлах болно. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлээ  хүлээн авч үзнэ үү.

Н.Гантөмөр: Миний хүүг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг

Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирэх их нүүдлийн цуваа өдрөөс өдөрт үргэлжилсээр л... Тэд юуны төлөө ийн хотыг зорин ирнэ вэ... Зөвхөн амьдрал, ахуй, ар гэрийн амьдралаа дээшлүүлэх зорилго өвөртлөх гэх ганц хариулт бий бизээ.

Хотын амьдрал хүн бүхний хүслийг биелүүлдэг бирд биш. Энд хэн түрүүлж алхсан нь ажилд орж, сайн сайхан амьдралын үзүүрээс атгадаг хатуу дүрэмтэй. Цаг хугацааны шуурганд уруудаж, ноорхой хувцас, халтар шуудайгаар амьдралаа сольсон тэднийг бид архичин, тэнүүлчин, хулгайч л гэж дууддагТэд яагаад ийм болсон, юу тохиолдсон нь хэнд ч сонин биш. Гэвч тэд адилхан л хүмүүс...

Хэн нэгний хайр нь болж, хэн нэгнийг баярлуулсаар ирсэн үрс. Хэдийгээр бусад шиг ходоод нь дүүрэн, хонох газаргүй ч гэлээ амьдралдаа сэтгэл хангалуун... Амьдрахын сайхныг өөрөөрөө мэдэрч яваа хүмүүс. Амьдралдаа алдаж, хазгай гишгэсэн ч хулгай хийдэггүй, хүний хөрөнгөөс хумсалдаггүй, хөдөлмөрөөрөө амиа зогоож байгаагаа тэд учирлаж сууна..Түүнтэй хийсэн чин сэтгэлийн сайхан ярилцлагыг энэд дарж үзнэ үү.

Н.Энхбаярын дуулиант бичлэг цацагдлаа

Улс төрд өрнөсөн онцлог үйл явдалын нэг нь Н.Энхбаяртай холбоотой дуулиант бичлэг цацагдлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн онд   "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон. Уг нэвтрүүлэгт монголын төлөө хийсэн бүтээсэн, нэр хүндтэй хүмүүс оролцдог. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр нэгэн дуулиант бичлэг цацагдсан нь тус нэвтрүүлэгт оролцсон О.Цолмонгийн яриа олон нийтийг гайхшруулаад авлаа. Тухайн  бичлэгт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээж байв. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “Херо Энтертайнмент”-ынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд “Бидний нэвтрүүлгийн хар материал алдагдсан бөгөөд цааш түгээхгүй байхыг хүсье” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Харин олон нийт үүнийг зориуд тараасан уу гэдэгт эргэлзэж байна. Эхнэр О.Цолмонгийн ярианаас гадна Н.Энхбаярын хэлсэн хэд, хэдэн анхаарал татах нууц яриа хөшигний ард үлдсэн байсан нь хулгайд алдагджээ. Хулгайд алдагдсан бичлэгийн талаар “Херо Энтертайнмент”-ийн захирал Л.Баатарын "Хэд хэдэн улстөрчид над руу залгаж дарамталж байсан" гэсэн тодруулгыг  энэдээс уншина уу.

Д.Булганы ээж хэвлэлд анх удаа ярилцлага өгөв

Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны хэрэг өдгөө болтол илрээгүй байгаа.Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдаад 18 жил өнгөрч байна. Хэргийн талаар эргэлзээтэй хариултгүй асуултууд ар араасаа хөвөрсөөр байгаа. Сонирхолтой нь түүний хэрэгтэй холбогдсон хүмүүс учир битүүлгээр амиа алдсан байдаг. 

Энэ нь түүний хэргийг илрүүлэхийг хүсэхгүй хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Түүний эхнэр Д.Булганыг хоёр сарын өмнө баривчилсан бөгөөд албаныхан ямар ч хариулт өгөөгүй байгаа. Тус хэргийн ганц гэрч Д.Булганы талаар түүний ээж анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс үзнэ үү

TWITTER- ээр бусдыг гүтгэсэн хэргээр ял сонслоо

Анхан шатны шүүх энэ долоо хоногт twitter-т үзэл бодлоо илэрхийлсэн иргэнд холбогдох хэргийг хэлэлцэж, ял оноолоо. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн гэх үндэслэлээр Монголын Төмөр замын инженерийн холбооны гишүүн Л.Даваапилд анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (9.7 сая төгрөг) мөнгөн торгууль ногдуулсан юм. Л.Даваапил 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхийн твиттер хуудсандаа “МИАТ-т хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж бичсэний доор нь “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн юм бэ, сайдаа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 чинь хол давна” гэж бичсэн нь шүүгдэх үндэслэл болжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 111.2 буюу олон нийтийн өмнө бусдыг гүтгэсэн, алдар хүндэд нь халдсан гэх үндэслэлээр ял оноосон байна. 

Зуданд нэрвэгдсэн малчдад мөнгө өгнө

Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо манай орны 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Одоогоор тавин суманд зудтай, 120 суманд зудархаг байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжиж байна” гэж мэдээлсэн. Улсын онцгой комисс зудтай байгаа тэдгээр аймагт төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээр болсныг мөн мэдээлж байсан. Үүнээс гадна Улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болсон байна. Эхний ээлжинд 300 сая төгрөгийг Олон улсын Улаан загалмайн хорооноос зудад өртсөн, өндөр эрсдэлтэй өрхүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Мөн Английн улаан загалмай нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг зургаан аймагт үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Эдгээр тусламжийг олгохдоо 400 орчим өрхөд нь бэлэн мөнгө, үлдсэн 1200 орчим өрхөд гэр, дулаалга, туурга гэх мэт шаардагдах эд материалыг нь өгөх аж. Мөнгө тараахдаа тухайн өрхийн нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан олгохоор болжээ.

Боксын улсын аваргын тэмцээн эхэллээ

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын 36 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нээлтийн үеэр хэлэхдээ “2016 он бол олимпийн, бас Бүх ард түмний спартакиадын жил гэдэг утгаараа тэмцээн өргөн цар хүрээтэй болж байна. 34 байгууллагын 224 тамирчин өрсөлдөж байна. Тодруулбал, эрэгтэй арван жинд 141 тамирчин, эмэгтэй найман жинд 81 тамирчин оролцож байгаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гэмтлийн улмаас оролцоогүй. Бусад тамирчин бүгд оролцож байгаа. Эмэгтэй төрлийг нээлттэй зохион байгуулж байна. Өрсөлдөөн бий болгох зорилгоор Өмнөд Монголын болон Буриадын багийг оролцуулж байгаа“ гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сүртэй юм биш ээ. одооны энэ хүмүүсийн хулгай луйврын дэргэд юу ч биш
2016/01/12 103.17.108.42