8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: О.Баасанхүү гишүүн намаасаа гараагүй гэдгээ мэдэгдэж, Олимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэн өдөр

2017-08-14 18:40:00

Эрхэм уншигч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд дэвшүүлье. Мөн 2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаатай болсон өдөр билээ өнөөдөр. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

ОФФШОР: 49-22=27 хоног?

Өнгөрөгч 2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум буюу 76 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч 40 жилийн турш тасралтгүй эрэн сурвалжсаны эцэст улстөрчдийн нууц хөрөнгө буюу оффшор дансыг нээж, илрүүлсэн мэдээллээ дэлхий нийтэд цацсан юм. Энэ дунд манай улсаас 49 гаруй компани, хувь хүн энэ бүсэд данстай нь ил болсон. Үүнд улс төрийн нэр нөлөө бүхий хүнээс эхлүүлээд хувийн компани хүртэл дурдагдсан. Оффшор нь зүгээр нэг данс биш. Хэн нэгэн хууль бус, татвараас нуусан, авлига авсан мөнгөө хадгалдаг хил дамнасан бүс.

Энэ дунд манай улсаас 49 гаруй компани, хувь уг бүсэд мөнгө хадгалдаг нь ил болсон. Үүнд улс төрийн нэр нөлөө бүхий хүнээс эхлүүлээд хувийн компани хүртэл дурдагдсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр уриалга гаргаж оффшор бүсэд байгаа мөнгийг татах 49 хоногийн хугацаа өгсөн юм. Энэхүү уриалгад “Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Ерөнхийлөгч оффшортнуудад “өршөөлийн” 49 хоногийн хугацаа өгсөн. Өнөөдөр энэ уриалга гаргаснаас хойш 22 хоног өнгөрч. Үндсэндээ оффшор бүсээс мөнгө татахад 27 хоног үлдээд байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн уриалга гаргаж мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгч оффшортнуудад “өршөөлийн” 49 хоногийн хугацаа өгсөн. 

Учир нь Монгол Улс өнөөдрийг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой. Тиймээс улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд гарч байна

Өнөөдөр энэ уриалга гаргаснаас хойш 22 хоног өнгөрч. Үндсэндээ оффшор бүсээс мөнгө татахад 27 хоног үлдээд байна. Өнгөрсөн 22 хоногийн хугацаанд оффшор бүсээс мөнгө татах ажлын хэсэг байгуулагдсанаас өөр зүйл сонсогдсонгүй.  Харин бусад улс оронд энэ мэдээлэл гарсан даруй оффшор дансанд мөнгөтэй хүмүүст хариуцлага тооцож эхлэсэн талаарх мэдээлэл гарсаар ирсэн.  Үүнээс харахад манай улс оффшор данснаас мөнгө оруулж ирэх асуудалд “хайнга” хандаж байгаа нь харагдаж байна. Учир нь Монгол Улс өнөөдрийг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой. Тиймээс улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд гарч байна. Манай улс шиг хүн ам цөөтэй, эдийн засаг дорой улс оронд оффшор данстай улс төрч байна гэдэг боломжгүй санагдана. Мөн оффшор бүсэд байгаа тэр их мөнгө хаанаас ямар шугамаар орсон нь тодорхойгүй. Ямартай ч эхний ээлжид оффшорт байгаа мөнгийг татах. Дараа нь оффшор бүсэд данстай хүмүүст хариуцлага тооцох асуудал нэн чухал.

Товчхондоо 49-22=27 хоног?. Энэ 27 хоног оффшор бүсэд байгаа мөнгийг татаж оруулахад хангалттай хугацаа мөн үү. Эсвэл хэрхэн яаж ажиллахаас шалтгаалах уу. 

Анхаар: Маргаашнаас эхлэн зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно

 Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх юм. Тус хөдөлгөөний зохицуулалтыг маргаашнаас эхлэх юм байна.

Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай аж. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг.

НИЙСЛЭЛИЙН ГОЛ ЗАМД ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСНААР,

Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явах юм байна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурах эерэг үр дагавартай.

Тавантолгойд ноцтой осол гарч, жолооч нь шатаж амиа алджээ

Энэ сарын 05-ны өдөр Тавантолгойн ордоос Гашуунсухайтын замд, хилээс нааш 130 гаруй км-ийн орчимд ноцтой осол гарч, жолооч нас барсан байна. Тодруулбал, БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан “North benz” маркийн том оворын ачааны хоёр машин мөргөлджээ.  Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр жолооч өөрөө амиа алджээ. Мөргөсөн автомашин шатаж, жолооч үрүүл, суудлынхаа дунд хавжуулагдсанаас үүдэн гарч чадалгүй шатаж нас баржээ.

Олимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэн өдөр

Өнөөдөр монголчууд бид  анхны олимпийн аваргатай болсон түүхэн өдөр юм. Тодруулбал, 2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа авч байсан.  Тэрбээр дараагийн олимп буюу Лондон-2012 наадмаас мөнгөн медаль хүртэж, олимпийн наадмын алт, мөнгөн хос медалтай Монголын цорын ганц тамирчин болсон. Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлснээс хойших өнөөг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпийн наадмаас долоон медаль хүртсэн байна. 

Хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилж байна гэв

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж холбогдох хуульд заасан байдаг. Энэ гурван дүүрэгт ИНХ-ыг зарлахгүйгээр хуралдуулж байна. Мөн өөрсдийн тойрон хүрээлэгч АН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж, хурал хийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг сонгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Үүний дагуу НИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт албан бичиг явуулж байна. Энэ гурван дүүргийн бүх хороонд ийм асуудал үүсгэж байгаа нь зохион байгуулалттай гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд дахин зохион байгуулах хэрэгтэй. Хуулийн хүрээнд зохион байгуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ярилаа.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин “Энэ сарын 9-нөөс эхлэн ИНХ-ыг хууль бусаар зарлан хуралдуулж байна. Ардчилсан намын хэсэг гишүүн, хэсгийн ахлагч нар, ах дүүсээ цуглуулж луйврын аргаар хурал хийх үйл ажиллагаа явагдаад үндсэндээ дууслаа. Амралттын өдрөөр өглөө 06:00-08:00 цагт хурал хуралдуулах, өөр хорооны нутаг дэвсгэрт хуралдах, өөр дүүрэг, хорооны иргэдийг шилжүүлэн авч ирэх зэрэг зөрчил гарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд хуулийн дагуу, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж шударгаар баг, хорооныхоо ИНХ-ын дарга, Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа.

“Манай дүүргийн 23 хороонд эдгээр бүх зөрчил яг ижил түвшинд гарсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд намын талцал, хуваагдал үүсч байна. БГД-ийн нийт 11 хорооны иргэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн анхан шатны шийдвэрээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг тус дүүргийн 23 хорооны ИНХ-ын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Засаг дарга нарыг томилж байгаа нь иргэдийн эрх ашгийг боогдуулж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тогтоосон. Ийм байхад БГД-ын Засаг дарга, ИТХ-ын дарга нар улайрсаар байгаад Засаг дарга нарыг томилсон. Мөн хороогоор дамжиж иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ ялгавартай байх болсон. Энэ бол бүр ил цагаандаа гарсан” хэмээн БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

О.Баасанхүү: Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу

Өнөөдөр өглөөнөөс эхлэн МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

Тэрбээр “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулжээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, тайлбар өглөө. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй  байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна.
Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин намаа өөрчилнө, шинэчилнэ. Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу" хэмээн тайлбар хийлээ. 

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс Нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран 9-р сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь 9-р сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа 10-р сарын 15-наас эхэлдэг байсан бөгөөд иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.  

АНХААР: Дараах чиглэлийн автобуснууд Багшийн дээд дээр зогсохгүй

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан Багшийн дээдээс явдаг долоон чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл дараах чиглэлийн автобуснууд Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсохгүй юм байна. 

Ч7- Нисэх, Төв номын сан, 7буудал, Зунжин чиглэлийн автобус
Ч28- Сэлх, Цэцэг төв
Ч30б-Жанжин клуб, Цэцэг төв, МУБИС
Ч34-Шархад, Сансар, Ард кино театр, ТЭЦ3
Ч53-Яармаг, Цэцэг төв, МУБИС
Ч55-Зайсан, Дэнжийн мянга, Зам гүүрийн автобаз, Согоотын гудамж
Ч63- Ривер гарден,  Баянмонгол, Цэцэг төв, Багшийн дээд
Зүүн 4 замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудал өөрчлөгдөхгүй. Автобусны явах замд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл