Өнөөдөр өглөөнөөс эхлэн МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тэрбээр “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулжээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, тайлбар өглөө. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна.
Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин намаа өөрчилнө, шинэчилнэ. Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу" хэмээн тайлбар хийлээ.