8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун дөрвөн зам буюу “Өгөөжийн уулзвар”-аар эргэдэг автобуснуудын чиглэл түр өөрчлөгджээ

2017-08-10 15:38:00

“Нисэх-Нарны гүүр-хүнсний IV дэлгүүр” чиглэлийн автобусаар өнөө өглөө зорчсон зарим иргэд багахан бухимдав. Нарны гүүрээр гарч явсан автобусны жолооч “Зам хаалттай байна” хэмээн чиглэлээ өөрчилж, вокзалын замаар тойрч явахаар болсон юм. Зам хаагдсан болохоор энэ хавь түгжрэлтэй байлаа. Автобусанд зорчиж явсан нэг бус хүн ажлаасаа хоцорсон биз. Автобусны жолооч ч багагүй бухимдалтай явахыг бодоход тэдэнд урьдчилж мэдээлэл өгдөггүй бололтой. Дөрвөн зам түр хаагдах тухай мэдээлэл олж хараагүй санагдаад Нийслэлийн нийтийн тээврийн газраас лавлав. Уг нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобуснуудын чиглэл өөрчлөгдөх тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө гаргажээ. Гэхдээ олны ярьдаг, мэргэжилтнүүдийн хэлдэг нэршилүүдэд ялгаа байдгийг энд харгалзаагүй бололтой. Иргэдийн хэлж заншсанаар Баруун дөрвөн замын уулзварыг нийтийн тээврийнхэн “Өгөөжийн уулзвар” гэдэг юм байна. Жолооч нар энэ нэрээр нь мэддэг бололтой. Харин жолоо барьдаггүй жирийн иргэд гадарлах ч үгүй явж мэднэ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ийнхүү мэдээлжээ.

-Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  • Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  • Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  • Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  • Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  • Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  • Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  • ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд
  • Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл