8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн айлуудыг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөлөө

2017-08-04 13:32:46

ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж иржээ. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-аар үргэлжилж байна.

Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа ажээ. Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механикаар буюу гэрлээр урхи тавих аргаар барьж устгаж байгаа аж. Тиймээс зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ асаахгүй байхыг зөвлөж байна. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж үргэдэг байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад зориулж энэ жилийн улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөжээ.

Хүр эрвээхэйн нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж. Хүр эрвээхэй цөөн тоогоор танай гэрт орж ирсэн бол дараах зөвөлгөөний дагуу устгаарай.

Өрөөсгөл хүр эрвээхэй

Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.

Хор хөнөөл:

-Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.

-Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох

Урьдчилан сэргийлэлт:

-Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах

-Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх

-Өндөг  шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх

-Өндөглөсөн газруудыг  яаралтай устгах

-Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх

-Шөнийн цагаар  хурц гэрэл асаахгүй байх

Бие гүйцсэн өрөөсгөл эрвээхэйг устгах

Модны навч, шимлүүсээр хооллох үе шатанд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхэй үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулдаг.

Бие гүйцсэн эрвээхэйг устгах:

-Ажлын бээлий өмсөх

-Амны хаалт хэрэглэх

-Нүдний шил зүүх

-Эрвээхэй хийх сав

-Хүрз

-Ажлын хувцас өмсөх

Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийнэ. Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булна. Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байх ёстой.

Авгалдайг устгах арга

-Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгах хэрэгтэй.

-Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.

-Угаалгын нунтагтай усаар угаах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment