8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвгөдийн минь үлдээж өгсөн өв чулууг Хятад руу зөөгөөд дуусах нь

2017-08-04 09:20:00

Гадныхан Монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин”  хэмээн жиг жуг хийлцдэг. Учир нь манай улс өргөн уудам нутагтай гуравхан сая хүн амтай, шавхагдашгүй байгалийн баялагтай орон. Та энэхүү нөөц баялагийг алт, зэс, нүүрс, нефт, төмрийн хүдэр гэх мэтээр төсөөлдөг үү. Алт, нүүрснээс гадна манай улсын байгалийн өнгөт чулуу хүртэл дэлхий хаана ч байхгүй хосгүй үнэт эрдэнэ юм.  Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг, үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалсаар олон жилийг ардаа үдлээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдууд, Дорноговь аймгийн айраг сум, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн сумдуудад орших байгалийн өнгөт чулууг 2011 оноос хятад худалдаачид худалдаж авсаар өнөөдөр бүртийх ч чулуугүй болжээ. Хөрсөн дээрээс чулуу түүж байсан нутгийн ард түмэн мөнгө олохын эрхээр газар нутгаа өнгөрсөн өвлөөс эхлэн ухаж эхэлсэн байна. Өнгөтэй өөдтэй чулууг урд хөршийнхөн худалдаж авсаар байгаль ээж өнөөдөр эмэгнэн гашуудаж байна. Тус газруудад цөлжилт нэмэгдэж хөрс их хэмжээгээр сийрэгжиж байгааг нутгийн иргэд ч мөн ярьж байна.

 Өнгөт чулууг  урд талын 5 аймагт олборлож байгаа аж.  Хэдэн жилийн турш ужгиран үргэлжилж байгаа байгалийн өнгөт чулуу түүдэг явдлыг таслан зогсооно гэж аймгуудын Засаг дарга мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл уг хууль бус үйл ажиллагаа зогсохгүй байна. Хориглохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүнрүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд  байгаль орчныг сүйтгэх  маш их сөрөг үр дагавартай 
 Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хайрлаж  яваарай хэмээн  Ардын багш Ш.Чоймаа хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр алт ухсан газраас дутахгүй эмгэнэл тус аймгуудад нүүрлээд байна. Бид захын нэг сум болох Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиход багахан хэмжээний найр болж байгаа мэт дүр зураг угтлаа. 


Уг чулуу түүдэг газар найман настай балчираас наян настай буурал хүртэл таяг тулсан газар ухаж явна. Бор-Өндөр сум газар нутгаараа хамгийн бага  хэмжээний сум бөгөөд өнөөдөр тус суманд зургаан газар бүхий талбайг ухаж сүйтгэсэн байна. Бор-Өндөрт уурхай дээр ажилладаг хүмүүс ажилаа тараад гэр бүлээрээ ирж чулуу ухдаг гэнэ. Мөн малчид мөнгө олохын эрхээр өдөр бүр чулуу ухсаар 7 жилийн ардаа үдсэн байна. Энэ жил тус суманд бороо хур орохгүй гандуу зун болж байна. Энэ ган гачигч мөн уг чулуу түүж байгаатай холбоотой хэмээн нутгийн хөгшчүүд ярьж байна. 


Тус сумаас гадна Баянжаргалан, Говь- Угтаал, Дэлгэрцогт сумын нутагт гэхэд сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөрсийг сэндийлэн ухдаг болсон гэнэ. Чулуу түүгчдийн гараар тус сумын уртаашаа 7 км урт, өргөөшөө 4 км хэртэй бэлчээр ухагдаж, үржил шимт хөрсний 50 гаруй мянган шоо метр үе давхарга доройтон эвдрэлд орсон ч нутгийн удирдлагууд  өнөөдөр нэг ч арга хэмжээ аваагүй байна. 
Чулуу түүж, ухаж буй газруудад  чулууг газар дээр нь авдаг ченжтэй, бэлэн хоол унд, ундаа ус зардаг гуанзтай аж. Бэлэн хоол унд зарж байгаа учраас зарим иргэд гэр орондоо очилгүй хэдэн хоногоор ч түүдэг гэнэ.   Бор-Өндөр суманд нутгийн иргэдээс гадна Дорноговь, Дундговь, Хэнтий, Улаанбаатар хотоос очсон хүмүүс чулуу ухаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос очсон иргэн Ч тус газар хонон өнжин 7 хоног түүсэн байна. Ингэхдээ 6 сая төгрөг олсон хэмээн хуучиллаа. Тэрбээр хэлэхдээ “чулуу түүх гэж байгаа хүн тууштай, хаанаас ямар чулуу гарч ирэх вэ гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй” хэмээн ойр тойрны газар ухаж буй хүмүүст хэлж сууна. 
Бор-Өндөрт хамгийн бага үнэтэй чулууг гэхэд кг нь 3000 төгрөгний үнэтэй байдаг аж. Хамгийн үнэтэй шөрмөсөн мана гэх чулуу хэлбэр хэмжээнээсээ хамаараад 2-3 сая түүнээс ч өндөр үнэ хүрдэг аж. Өнгөн хөрсөн дээрээс түүсэн чулуу нь бутрамхай чанартай, өнгө үзэмжийн хувьд ч газрын гүний чулуугаа гүйцдэггүй учраас хямд үнээр авдаг гэнэ.Улаан мана буюу цахиурлаг хасыг хятадууд гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг гэнэ. 


Ченжүүд авсан чулуугаа хил гаргаж дөнгөвөл овоо нугалаад хятадууд, өвөрмонголчуудад зарчихдаг гэнэ. Жишээ нь өнгөрсөн жил нэгэн ченж Бор-Өндөр сумын нутгийн иргэнээс 50 мянган төгрөгөөр жижиг шөрмөсөн улаан мана худалдаж аваад урагшаа Хятад руу 1,7 сая  төгрөгөөр зарсан гэнэ. Дорноговь аймгмийн Айраг сумын иргэн 5 ширхэг шилэн маныг урагшаа гаргаад 2 сая төгрөгөөр зарсан гэнэ. Чулууг Хятадууд ингэж өндөр үнээр авч байгаа учраас нутгийн ард иргэд газраа нутгаа ухаж, түүж байна. Өдөр бүр хилээр хэдэн мянган кг чулуу урагшаа гарч байгаа ч үүнд хяналт тавьдаг хил гаалийнхан өнөөдөр алга байна.  Аль ч нутгийн иргэн өөрийнхөө түүсэн чулууг урагшаа хилээр гаргаад боломжийн өндөр үнэтэй өгчихөөд гараад ирдэг гэнэ. Үүнээс харахад манай улсын хил гаалийнханы хараа хяналт хэр байгааг харж болно. Чулуу түүн амжиргаагаа залгуулж буй нутгийн иргэдтэй бус эл чулууг наймаалан хөлждөг бизнесийн бүлэглэлийнхэнтэй эхлээд тэмцэх нь хамгийн зөв. Байгалийн чулууг хууль бусаар хил давуулан наймаалдаг бизнесмэнүүдийг олж илрүүлэх, тэдэнд хариуцлага тооцох ажлыг нутгийн удирдлагууд болон, Тагнуул, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгтэй байна. Эх орон газар нутаг сүйрч байна. 

Өвгөдийн минь үлдээж өгсөн өв чулуу
Өлсөж үхсэн ч  зарж идэмгүй өл чулуу
Алтан говийн минь бэрх чулуу
Амин голын минь зүрх чулуу... . Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэсэн өвөг дээдсийн сургаалийг бид мэднэ. Эх орон газар шороо, үнэт чулуугаа аварч үлдэе. 

Үргэлжлэл бий. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болд
Улсаа өөдтэй авч явсан бол хэн ингэж үйлээ үзэж амьдрах вэ. Чулуу нь гэсэн ард түмнээ хоололчихоор ийм баян улсыг яаж ийм ядуу байлгаж чадаж байнаа, гайхамшигтай монгол удирдагчид.
2017/08/04 150.129.140.231
  • Recent
  • Most Read
  • Most Comment