8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг гарч, Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөвлөхүүдийн нэрс яригдаж эхэлсэн өдөр

2017-07-17 18:40:00

Эрхэм уншигч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Туурга тусгаар монгол түмэн та бүхэн хотол олноороо сайхан наадацгаасан уу. Наадмын урт амралт өндөрлөж, ажлын өдрүүд ийнхүү эхэлж байна. Улс эх оронд минь болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн тоймоо хүлээн авна уу.  

Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөвлөхүүдийн нэрс яригдаж эхэлсэн үү

Баяр наадмын өмнөхөн Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгов. Шинэхэн Ерөнхийлөгч тангаргаа өргөж, маргааш нь энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нээсэн юм. Гэтэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилоолд амжсан билээ. 

Өчигдрөөс эхлэн баяр наадмын урт амралт дуусч ажил цугларч эхэлллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны ажлын гараа нь түймрийн голомтод ажилласан гэхэд хол зөрөхгүй болов уу. Учир нь Сэлэнгэ аймгийн Батсүмбэрт гарсан галын голомтод очиж ажиллаж нөхцөл байдалтай танилцаж холбогдох байгууллагуудад үүрэг, даалгавар өгсөн юм. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын  зөвлөхүүдийн асуудал яригдаж эхэлсэн үү. Тодруулбал Шинэ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэн сонгогдох гэсэн асуулт жив жув яриад гарч зарим хүмүүсийн нь нэрс ч дурдагдаж эхэлсэн байна. Үүнд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нар ажиллана гэсэн яриа гарсныг эх сурвалж онцолжээ. 

Ямартаа ч Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өнөө маргаашгүй томилогдох сурагтай гэнэ шүү.   

Ерөнхийлөгч дараах чиглэлд зөвлөхтэй болно. 

-Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх 

-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх

-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх 

-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх 

-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх

- Гадаад бодлогын зөвлөх

-Аюулгүй байдлын зөвлөх 

-Батлан хамгаалах бодлогын зөвлөх

Ерөнхийлөгч ҮХЦ-ийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Ойрын өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороотой

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 18-НААС ДОЛООДУГААР САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

18-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

Цаашдаа хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэлээ хангаад байна гэв

Түймрийн нөхцөл байдал болоод хандив тусламжийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.  Энэхүү мэдээлэлд Ой хээрийн түймрийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм. Тодруулбал, Долоодугаар сар гараад нийт нутгаар хурайшилтын зэрэг нэн аюултай төвшинд хүрсэнтэй холбоотойгоор гарсан түймэртэй ОБЕГ бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Мөн Улсын онцгой комисс,  Засгийн газрын хуралдаанаар урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг өгсөн.

Өчигдөр нийт 22 түймэр гарсан бол өнөөдрийн байдлаар 21 түймэр байна. Үүнээс 7 түймрийг цурманд оруулсан. Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн орон нутгийн 1,000 гаруй иргэд 80 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний 300 гаруй албан хаагч 26 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймрийн эрчим буурч байгаагийн нэг шалтгаан нь үүлэнд нөлөөлөх арга хэмжээг авч эхэлсэнтэй холбоотой. Улмаар хандив тусламж үзүүлсэн нийт ард иргэд, Засгийн газар, Шадар сайдад ОБЕГ-ын нийт хамт олны зүгээс баярласнаа илэрхийлсэн юм. Хэрэв түймрийн нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг татан оролцуулна. Одоохондоо хүндрэлтэй байдалд хүрээгүй байна. Иргэдийн зүгээс маш их тусламж үзүүлсэн нь ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн маш их дэм болсон. Албан хаагчдын хувьд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээлэл ирээд байна. Өчигдрөөс эхлэн 22 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн. Цаашдаа хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэлээ хангаад байна. Өнөөдрийн байдлаар 84 иргэний 32 сая 474 мянган төгрөгний хандив ирсэн гэсэн мэдээллийг өгсөн юм.

Харангадаж үхсэн 1200 гаруй зээрийн сэг зэмийг нүхэнд хийж устгажээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд харангадаж үхсэн 1200 гаруй цагаан зээрийн сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулжээ. Цаана нь даруй устгах шаардлагатай 1000 гаруй үхсэн зээр байгаа аж. Өнөөдрийн байдлаар үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгах техник хэрэгсэл дутмаг байгаа эгдгийг эх сурвалж онцолсон байна. Мөн  үхсэн 1200 гаруй цагаан зээр үхсэн байсныг нүхэнд бөөгнүүлж, ойр хавийн газраар ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн.

Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван түймэр, Булган аймгийн Гурванбулаг сумын “Усны ам” гэдэг газар гарсан нэг түймэр, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын түймрийн голомтод 0.9 мм хур тунадас 01:00 цаг, Хүдэр суманд 0.3 мм хур тунадас 20 минут, Мандал суманд 4 мм хур тунадас 20 минут, Төв аймгийн Батсүмбэр суманд 0.5 мм хур тунадас 20 минут, Эрдэнэ суманд 0.9 мм хур тунадас 20 минут, Булан аймгийн Сэлэнгэ суманд 0.7 мм хур тунадас 01.00 цаг, Гурванбулаг суманд 1 мм хур тунадас 20 минут тус тус орсон байна. Мөн хангайн уулархаг бүс нутгаар 2017.07.17-ны хур тунадас орох төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг гарчээ

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

2017 онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байгаа болно.

Түймэр тавьсан этгээдүүдээр 30 сая төгрөг нөхөн төлүүлжээ

Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна.

Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүлсэн, одоогийн байдлаар нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас 3, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас 7, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас 5, гэрийн яндангаас үсэрсэн очноос 3, хог шатааснаас 3, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2, галт зэвсэг хэрэглэсний улмаас 1, ил задгай гал түлснээс болж 8 түймэр гарсан болох нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагад 2017 оны долдугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Уг түймэр нь хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогдсон байна.


Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.

Сугалаагаар 20 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтыг хамруулжээ.

Сугалаагаар:

  • 11233 хүн 20 мянган төгрөг,

  • 1130 хүн 100 мянган төгрөг,

  • 113 хүн 500,000 төгрөг,

  • 8 хүн дөрвөн сая төгрөг,

  • 1 хүн 20 сая төгрөг хожиж, нийт 12,485 хүн азтан боллоо.


Харин 350 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment