8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнд саатаарай

2017-07-10 14:20:00

 

Үндэсний Их Баяр Наадмыг угтан Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн гар урлалын гайхамшигт 180 бүтээлээр “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийжээ.

Монголчуудын уламжлалт гар урлал олон зуун жилийн түүхтэй, өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой. Урчууд гоёл чимэглэл, ахуйн хэрэглээ, бурхан шашны эд зүйлсийг урлахдаа олон янзын хээ угалзаар утга төгөлдөр чимэглэн үзэмж нэмдэг. Гар урлалын бүтээл нь гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны хараа булааж, сэтгэл татдаг билээ.

XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, Монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр музейн цуглуулгад хадгалагдаж байна. Монгол дархчууд эмээл хазаар, хэт хутга, эрэгтэй, эмэгтэй хүний гоёл чимэглэл, сав суулга, бурхны шашны эд зүйлсийг алт, мөнгө, төмөр, зэс гуулиар үзэмж төгөлдөр урлаж ирсэн билээ. Нутаг нутгийн дархчууд өөрийн гэсэн өвөрмөц арга барил, дэг сургуультай байсан нь гар урлалын олон арван бүтээлд тусгалаа олсон байдаг байна.

Уг үзэсгэлэн Монголын Үндэсний музейд есдүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл