8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дахин санал хураалтын тов гарч, Шүүх С.Ганбаатарын авлига авсан гэх хэргийг дахин буцаав

2017-06-27 18:40:00

Энэ долоо хоногт хэт их халах төлөвтэй байгаа учраас наршихаас сэргийлэхийг зөвлөж байна. Дараахь зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу. 

Наршихаас сэргийлэхийн тулд та

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,  /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй

Нарны хордлого авсан хүнд хамгийн түрүүнд гэрийн нөхцөлд хэвтүүлээд, хөлийг нь бага зэрэг өндөрлөж, хөлнөөс нь сэрүүцүүлэхийн тулд сэнс тавьж болно. Мөн хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороож, жин тавих зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ.Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам байн байн уух хэрэгтэй. Гэхдээ шингэнийг бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ.Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар болон намын нөхөд нь мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж болон сонгуулийн штабынхан оролцлоо. МАХН-ын зүгээс “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. Бид цаашид СЕХ-той тууштай тэмцэх болно" гэв.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

СЕХ 35000 амьгүй албатуудыг шинээр бий болгосон. Монголын ард түмэн ардчиллаа аврахын төлөө үүнтэй эвлэрч болохгүй. Бидэнд баримтаар нотолсон олон жишээ байна. Олон жил даварч байна. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ шударга ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Энэ бол зөвхөн Ганбаатарын сонгууль байсангүй.Бид үндсэндээ ялсан.  Бид хамгийн цэврээр өрсөлдсөн. Ажилгүйдэл, ядуурал яагаад үүссэн бэ хэрхэн үүнийг даван туулах вэ гэдгийг ярьсан. Тэрнээс цусны асуудал, гэр бүлийн талаар нэг ч үг дуугараагүй. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд МАНАН дотроосоо нурж байгааг харууллаа. Тэдэнд анхааруулга өгсөн сонгууль боллоо. 420 гаруй мянган сонгогчдодоо баярлалаа.Тэдэнд мөнгө байна. Надад Монголын ард түмэн байна” хэмээн хэллээ.

Ц.Шаравдорж: Сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна

Сонгуулийг хараат бусаар зохион байгуулах ёстой Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчийн талд илт үйлчилж МАНАН-ын талд хууль бус шийдвэр гаргахаар ажиллаа.
СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны олон орны ажиглагчид ажиглаж байсан. Гэтэл Монгол улсын нэр төрийг шившигтэйгээр унагаж, Монголын ардчиллыг гутааж байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн та шөнийн 24 цагт мэдээллэхдээ нийт сонгогчдын тоог 1.327.634 гэсэн. Гэтэл эцсийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517.478 хүн, Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболдод 411.748 хүн, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 409.899 санал авсан гэж мэдээллээ. Ингэснээр нийт 39 мянга гаруй санал нэмэгдэж, саналын зөрүү гарч байгаа нь МАНАН-ын нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргасан гэж харж байна.
Саналын зөрүүг харуулсан энэ тоо баримт бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах хангалттай баримт тул уг сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 9-нд гэж товлон, яаран сандран мэдэгдсэн нь сонгуулийн луйвраа хурдан түргэн нуух гэсэн арчаагүй алхам гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ. 

60 тэрбумын бичлэг М.Энхболдын нэр хүндийг "шороо"-той хутгав уу

Монголчууд бид сүүлийн 2 жилийн хугацаанд төр түшилцэх эрхэм гишүүд болон төрийн тэргүүнээ сонгох чухал хариуцлагатай сонгуулийг өглөө. Одоогоос яг жилийн өмнө 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт буюу УИХ-д 65 суудал авч байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН Засгийн эрхийг гартаа аваад татвар нэмсэн, тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлсэн, хүүхдийн мөнгийг хассан гээд амласан амлалтаасаа ухарсан. Дайны хажуугаар дажин гэгчээр МАН-ын удирлагуудтай холбоотой 60 тэрбумын бичлэг цацагдаж, олон нийтийн дунд МАН-ын нэр хүнд огцом унасан. Тодруулбал,60 тэрбумын бичлэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдын нэр хүндийг шороотой хутгалаа. Гурван нэр дэвшигчээс сонгуулийн ажилд хамгийн их мөнгө цацаж, 21 аймаг руу нисдэг тэргээр нисэж, урлаг соёл, олны танил нэр хүндтэй хүмүүсээр сонгуулийн сурталчилгаагаа хийлгэсэн М.Энхболд сонгуульд сүүл мушгихаа шахав. Өчигдөр шөнө 22.00 цагаас эхлэн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж эхэлсэн цагаас эхлэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулга гарааны зурхайгаас гарахдаа манлайлж, араас нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нэхэж эхэлсэн. Харин МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд санал хураалт эхэлсэн цагаас эхлэн сүүл мушгиж байсан. Гэвч эцсийн дүн гарахад  Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авав. 


Санал хураалтын дүнгээс харахад 23.00 байдлаар Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байсан бол  С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж ирсэн бөгөөд эцсийн мөчид мянга гаруйхан саналын зөрүүгээр хоёрдугаар байрыг М.Энхболдод алдлаа. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар урдьчилсан дүнгээр Архангай, Орхон, Дархан-Уул зэрэг 10 аймагт ялалт байгуулсан хэдий эцсийн дүндээ ялагдал хүлээв. Энэхүү үйл явцыг МАХН-ын эсэргүүцэж,  Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байна хэмээн өнгөрсөн шөнө мэдээлэл хийв. 


Ингээд дахин санал хураалт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын дунд явагдахаар болов. Дахин санал хураалт явагдахад С.Ганбаатарт саналаа өгсөн иргэд  Х.Баттулгад санал өгөх магадлал маш өндөр байна. Учир нь М.Энхболдын нэр хүнд рейтэнг маш муу байна. Сонгууль эхэлсэн цагаас эхлэн өнгөтэй, мөнгөтэй, нэр хүндтэй  байсан М.Энхболд мэтгэлцээн болон, 60 тэрбумын бичлэгний талаар хэлсэн хариулт сонгогчдын санал хураалтад маш их нөлөөлсөн. Анх 60 тэрбум төгрөгний бичлэг цацагдаж эхлэхэд тус бичлэгт нэр холбогдсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Ц.Сандуй тус бичлэгний талаар хэлэхдээ “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН стартеги тактикаа ярих хуралдаан хийсэн.Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тус бичлэгийг хэн гадагш нь задруулсаныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” хэмээн хэлж байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн санал хураалтын талаар ийнхүү жиргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гараад байгаа билээ. санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал 30.19 хувийн санал авсан. Тиймээс дахин санал хураалт явуулах шийдвэр гараад байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн саналын талаар ийнхүү жиргэсэн байна. 

Шүүх С.Ганбаатарын авлига авсан гэх хэргийг дахин буцаажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан гэх хэргийг ЦЕГ шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Гэвч зургадугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүх хэргийг дутуу шалгасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад буцаасан юм.

Тэгвэл ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хэргийн холбогдох материалыг нэмж бүрдүүлж шүүхэд дахин өгөөд байсан ч өнөөдөр БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот захирамж гаргаж, С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаах шийдвэр гаргажээ

“Насны хишиг”-ийн материалыг 30-ныг хүртэл хүлээн авна

"Насны хишиг”-ийн хоёрдахь удаагийн олголт долдугаар сарын 11-ны өдөр олгох юм. Харин энэ удаагийн насны хишгийг авахыг хүссэн иргэдийн материалыг зургаадугаар сарын 30-ны дотор хүлээн авахаар болжээ. Ингэхдээ өмнө нь бүртгүүлж мөнгө авч байсан иргэд ахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй аж.

Харин анх удаа хамрагдах иргэд заасан хугацаанд багтан материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөж олгохгүй бөгөөд, дараа жилийн олголт хүртэл өнжих” тухай Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг хэллээ. “Насны хишиг”-ийг  олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөх юм. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очиж бүртгүүлэх юм байна.

Дахин санал хураалтад 7,2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ

СЕХ-ноос дөнгөж сая ээлжит мэдээллээ хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Сонгуулийн дүнгийн талаар авч хэлэлцлээ. Хамгийн сүүлийн хэсгийн дүн өнөөдөр өглөө 09.00 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суманд Юнителийн сүлжээг тасалсан  хэрэг цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрсэн байна. Мөн   санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал 30.19 хувийн санал авсан байна.

 Үүнээс гадна дахин санал хуралтыг ирэх сарын сарын 9-ны өдөр явуулахаар болсон бөгөөд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна.  Үүнийг Засгийн газраас гаргуулах ёстой гэж шийдвэрлээд байна. 

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч ирэх сарын 10-нд тангараг өргөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас М.Энхболд 411748, МАХН-аас С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч, Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр боллоо.  

Тэгвэл дахин санал хураалтыг ирэх долдугаар сарын 6-нд хийнэ гэсэн мэдээлэл байна. Ямартай ч ирэх долдугаар сарын 10-ны дотор хийж, шинэ Ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангараг өргөх аж.

УЦУОШГ: Маргаашнаас зарим нутгаар бороо орно

Сүүлийн хэд хоног үргэлжилж буй 30 хэмийг давсан халуун өнөөдөр ч үргэлжилнэ. Харин лхагва гарагаас буюу энэ сарын 28-наас нутгийн зарим хэсгээр бороо орох гэнэ. 

Энэ сарын 28-наас долдугаар сарын 02-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. 

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 

Гадаад, дотоодод Х.БАТТУЛГА ЯЛАЛТ байгуулсан ч дахин санал хураалт явагдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-уудаас гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчдээс саналаараа илүүрхсэн ч дахин санал хураалт явахаар боллоо. Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах юм. Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий гэсэн мэдээллийг СЕХ-оос мэдээлэл өгсөн. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тодруулна.

1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний саналыг авчээ. Ингэснээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар дахин санал хураалтанд оролцоно. 


Дахин санал хураалтад 5 тэрбум орчим төгрөг зарцуулна


Дахин санал хураалтад ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн тооцож байна.
Энэ талаар "Онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал гэж бий. Гэхдээ болзошгүй зардал хоёр дахь санал хураалт явуулахад хүрэлцэхгүй. Иймээс Засгийн газрын нөөц рүү орно. Бид Засгийн газарт хүсэлт тавьж,  УИХ-аар шийдүүлнэ. Хэрэв хоёр дахь санал хураалт явахаар бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна гэж тооцож байна" хэмээн СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ.
Сануулахад дахин санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй.

МАХН жагсаал цуглаан зохион байгуулав 


Сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны дараа Ардчилсан нам мэдээлэл хийсэн. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн. Тус намын мэдээллийн дараагаар МАХН мэдээлэл хийсэн. Учир нь урьдчилсан дүнгийн мэдээллээр /2017.06.27 23.00/ Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байсан бол С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж ирсэн. Үүнийг МАХН-ынхан эсэргүүцэж луйвар хийсэн хэмээн СЕХ-ны үүдэнд жагсаал зохион байгуулав. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагаа наадам нээх үү 

Шинээр тодорсон Ерөнхийлөгч наадмын өмнө буюу ирэх сарын 10-нд тангаргаа өргөх талаар мэдээлэл гарч байсан. Гэвч дахин санал хураалт явагдах учраас Ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацаа хойшлох магадлалтай байна.  Дахин санал хураалтыг ирэх сарын зургаан буюу 7 дугаар сарын 6-нд төлөвлөсөн гэсэн мэдээлэл байна. Хэрвээ дахин сонгууль наадмаас өмнө болбол шинэ Ерөнхийлөгч наадам нээнэ, хэрэв дахин сонгууль наадмаас хойно болох тов гарвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагаа наадмыг нээх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Энхболд ичмээр юмаа энхболдын эгч нь гээд нэг хятад царайтай арзайсан авгай гаальд ажилладаг ш дээ хүмүүсийн хэлсэнээр нээрээ хятад юм биш үү тэр эгч нь яаг хятад ээж нь хятад гэсэн тэгээд энхболд м
2017/06/27 59.153.114.24