8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирж, Шенгений орны визийг Монголоос авдаг болсон өдөр

2017-06-23 00:00:00

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь. Монголын өнцөг булан бүрт оршин суугаа эрхэм уншигч та бүхэндээ  энэ оройн амар амгалан айлтгая. Өнөөдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Хүлээн авна уу.  

Ц.Баянбилэг: Үе мөчний архаг өвчтэй хүмүүс өвдөгний хиймэл үе тавиулах нь ихэссэн

“Өвдөгний нүдээр хатгалаа”, “Өвдөгний үеэ солиуллаа”, “Өвдгөнд яс ургалаа” гэх ярих хүнтэй та сүүлийн үе нэлээд таарсан байх. Учир нь энэ төрлийн өвчин манай улсад төдийгүй дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь уг өвчнөөр шаналж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.  Тиймээс өнөөдрийн эрүүл мэнд булангаар өвдөгний үеэр өвдөх архаг, хууч өвчнөөс хэрхэн сэргийлэх, яаж эмчилэх талаар “Алтан хүн” эмнэлгийн захирал, Клиникийн профессор Ц.Баянбилэгтэй ярилцлаа.  

-Сүүлийн үед иргэдийн дунд өвдөгний үеэр өвдөх асуудал нэлээд түгээмэл болсон. Энэ өвчлөл ер нь юунаас үүдэлтэй вэ?

Хүүхэд байхдаа үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордогХалдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ.

 -Үе мөчний өвчлөл их нуугдмал шинж чанартай өвчин. Эхэн үедээ огт мэддэггүй. Тухайн хүн 15-20 магадүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж архагшсан үедээ илэрдэг. нуугдмал шинж чанартай өвчин. Өнөөдөр ихэнх хүмүүс 50 нас хүрээд зөвхөн өвдөгний үе гэлтгүй тохой, ууц нуруу, мөр, нурууны үе гарын бугалга тэр бүү хэл хөл, гарын жижиг үеүүд хүртэл шархирч үе мөч нь өвдөж эхэлдэг. Энэ нь тухайн хүн хүүхэд байхаасаа өвдөж эхэлсэн гэсэн үг. Учир нь хүүхэд байхдаа үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог. Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ. Энэ нь үе мөчний  архаг өвчинд хүргэж байгаа юм. Манай монголчууд өөрсдөө ярьдаг биздээ хоолойн ангина үе мөчинд нөлөөлж байна гэж. Үүнийг мэддэг хэрнээ яагаад нөлөөлөх болсон шалтгааныг тэр бүр мэддэггүй. Мөн энэ өвчний хамгийн гол нөлөөлөх шалтгаан нь шүдний үрэвсэл буюу хорхойтох, цоорох явдал. Өнөөдөр ЕБС-ийн нэг ангийн хүүхдүүийн 75-80  хувь нь шүд цоорхой, хорхойтсон байна. Энэ бодит тоо шүү. Түүнийг бүрэн эмчлээгүй хор уршиг нь 20, 30  жилийн дараа гарч байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүд өвчихсөн, хорхойтох юм уу цоорхой байхад авахуулах, ломбо тавиулаад өнгөрдөг. Энэ нь өнгөн хэсгийг эмчлээд цаана буйланд байгаа үрэвсэлд нөлөөлж чаддаггүй. Тиймээс л үе мөчний өвчин хожуу илэрч байгаа юм. Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болно.Шөрмөс татах, халуун оргих буюу хүйтэн оргих, янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах, босох, суух, жийх, атийлгахад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн байдаг. Иймээс эмчид хандаж үзүүлэх нь хамгийн зөв. 

-Өвдөгний үеэр өвдсөн тохиодолд ямар эмчилгээг хийлгэх хэрэгтэй вэ. Сүүлийн үед өвдөгний үений шингэн нөхөх зориулалтай тариа хийдэг болсон. Энэ нь хэр үр дүнтэй байдаг юм бол?

-Тухайн хүний зовиур шаналгаа зургаан cap буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг. Тодруулж хэлбэл байнгын зовиур шаналгаатай, өглөө босоход хөшдөг, өдөржингөө зовиур нь хадгалагдаад байдаг, доголдог, таяг тулдаг, шатаар уруудахаар заавал шатнаас барьж буудаг гэхмэчилэн ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөтэй авч явах боломжгүй, хүний дэмжлэг шаардлагатай болчихсон, цаашаа энэ байдал нь тухайн хүнийг чөлөөтэй ажиллаж амьдрахад нь саад учирч, мухардмал байдалд хүргэсэн тохиолдлыг хэлнэ. Энэ байдлаас гаргахын тулд л үенд нь тариа хийдэг юм. Үе мөчний өвчний үед шат дараалалтай эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Зарим хүмүүсийг харж байхад өвчин намдаах зориулалттай эм, тос болон тосон түрхлэг түрхэж янз бүрийн арга авч хэрэглэж байдаг. Энэ нь зөвхөн түр хугацааны арга бөгөөд дахин сэдрэх нь элбэг. Тиймээс үнэхээр таны өвдөг болон нуруу, мөр, тохойны үеэр өвдөөд байгаа бол магадгүй маш олон жил зовиуртай байгаа бол даруйхан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ер нь үе мөчний архаг өвчний үед дөрвөн үе шаттай эмчилгээ хийдэг.  Энэ нь үе хоорондын шингэнийг нөхдөг тариа.Шингэн нөхөх энэ тариаг зургаа болон түүнээс дээш сараар өвдсөн хүмүүс илүү хэрэглэдэг. Үзлэг, шинжилгээнд орсны дараа эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй. Нэгдүгээр үе шатны эмчилгээ нь  үе нь дотор Алфлутон тариаг тариж өгдөг. Үүнийг үений шар ус гэж нэрлэдэг. Хоёрдугаар шатны эмчилгээ буюу Дексаметазон тариаг мөн өвдөгний үе хооронд тарьдаг. Энэ нь нэгдүгээр шатны тариатай нэг үйлчилгээтэй хэдий ч үр дүнг нь илүү удаан хугацаанд барих чадвартай.Нэг үгээр хэлбэл, өвчнийг дахин сэдрээхгүй байх хугацааг уртасгаж өгч байгаа юмДараа нь гуравдугаар шатны эмчилгээ Nyal  буюу шилэн хүчлийн натри. Энэ нь цэлцэгмүүр шиг тариа бөгөөд биологийн гаралтайгаар онцлог. Энэ нь өвдөгний үе хооронд байдаг жийргэвчийг орлодог. Нэг үгээр хэлбэл, тэр жийргэвчийг тарианы аргаар тавьж өгч байгаа юм.

-Эдгээр тариа хүнд бүрт тохирох уу. Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

-Эмчилгээ хийлгэхийн өмнө өвчтөн эмчийн үзлэгт орж, тодорхой хэмжээний шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Учир нь тухайн хүний цусны даралт, сахарын хэмжээ хэргийг харгалзан үзнэ. Үе мөчний эмчилгээ хийнэ. Эдгээр тариан Герман, Орос, Австриас орж ирдэг. Манай улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эм бий. Нэгдүгээр шатны эмчилгээ буюу үений шар усан тарилгыг тарихад 12 хоногийн дотор тухайн хүний өвчний зовиурыг 85-90 хувь намдаана. Арван хоёр хоногийн эмчилгээ нийтдээ 250 гаруй мянган төгрөг болдог юм. Энэ нь дундаж үнэ бөгөөд тухай нь эм аль улсын гэдгээсээ шалтгаалж үнэ, өртөг нь өөр өөр байна.

-Өвдөгний үе солиулах нь тариа хийлгэснээрээ илүү үр дүнтэй байх уу?

-Сүүлийн үед үе мөчний архаг өвчтэй хүмүүс өвдөгний хиймэл үе тавиулах нь ихэссэн. Энэ нь нэг талаасаа зөв л дөө гэхдээ өөрийн юм шиг сайн үр дүн өгөх нь дутмаг байдаг. Учир нь хиймэл үе тавиулсан тохиолдолд хальтарч унаж болохгүй, хамаагүй хурдан түргэн хөдөлгөөн хийж явахад төвөгтэй. Түүнчлэн эдийн засгийн хувьд өртөг өндөр. Нэг өвдөгний хиймэл үе солиулахад долоон сая, хоёр өвдөг нийлээд 14 сая болдог. Энэ дундаж үнэ. Тиймээс иргэд тэр бүр хийлгэж чадахгүй. Нөгөө талаар мэс заслын аргаар хийдэг болохоор тухайн хүний биеийн эсэргүйцлээс шалгаалан эдгэрэх хугацаа өөр өөр байдаг юм. Миний бодлоор тариа хийлгэх нь илүү үр дүнтэй.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

СЕХ: Сонгуулийн хууль шинэчлэгдэж хурууны бэхэн тэмдэглэгээ хийхээ больсон

Өчигдөр АН-аас СЕХ-нд сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх хурууны бэхэн тэмдэглэгээ хийлгэх тухай шаардлага хүргүүлсэн юм.  Учир нь сонгогч олон удаа саналаа өгөх тохиолдол гарч болзошгүй гэсэн үүднээс тус шаардлагыг тавьсан юм.  Тус шаардлага хүргүүлэх үеэр  УИХ-ын гишүүн Я.Санжмятав “СЕХ хүлээсэн үүргийнхээ дагуу санал хураалтыг шударгаар зохион байгуулах ёстой. Сонгогчид дамжиж санал өгөх тохиолдол гарах өндөр магадлал байна. Тийм учраас хурууны тэмдэглэгээг зайлшгүй хийх хэрэгтэй гэж АН үзэж байгаа. СЕХ-ны зүгээс бэхэн тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэх байхгүй гэсэн шалтгаан хэлж байгаа. Сонгуулийн тухай хуулинд тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэхийг улсын төсөвт суутган авах асуудлыг маш тодорхой зааж өгсөн байдаг. СЕХ энэ төсөвт суулгах эрхээ эдлэх учиртай. АН-аас удаа дараа энэ шаардлагыг бичгээр хүргүүлсэн байдаг. СЕХ-ноос тодорхой хариулт өгөөгүй. Гол нь нэг хүн олон дахин сонгууль өгөх нөхцөл байдал бүрдчихээд байна" хэмээн мэдээлэл өгсөн. 

Энэ талаар бид СЕХ-оос тодруулахад “Өмнө нь сонгуулиа өгсөн сонгогчдын гар дээр бэхээр тэмдэглэгээ тавьдаг байсан. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд бэхээр тэмдэглэгээ хийнэ гэж заасан байдаг.Харин сүүлд Сонгуулийн хууль шинэчлэгдэж өөрчлөгдөхөд энэ заалтыг хассан. Нэг үгээр хэлбэл сонсгогч сонгуулиа өгсөн эсэхийг мэдэхийн тулд гарыг нь бэхээр тэмдэглэхээ больсон. Ингэхийн оронд сонгогч хурууны хээгээ уншуулдаг болсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.  

Архангай аймагт хүчтэй шуурганы улмаас таван айлын гэр нуржээ

Архангай аймагт хүчтэй салхи дэгдсэний улмаас хэд хэдэн айлын гэр нурсан байна. Хүчтэй салхины бичлэгийг цахим хуудсанд байршуулсан нь олны анхаарлыг нэлээд татсан бөгөөд хамрах хүрээ, салхины эрчээрээ нэлээд хүчтэйд тооцогддог ихэнхдээ говийн нутагт үүсдэг “Угалз үүссэн байна гэж үзсэн байна.Борооны өмнө үүссэн шуурганы улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр, нэг айлын том гэр нурсан байна. Шуурганы улмаас хүн бэртэж гэмтээгүй ч нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн мэдээллийг Архангай аймгийн Онцгой байдлыг газраас хэлтсээс өгч байна.

Шенгений орны визийг Монголоос авдаг боллоо

Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монгол дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авах боломжтой болсон байна. Энэхүүг шийдвэр нь энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын визийг олгоно.

Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарна. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа бэлэн болох зохицуулалтыг манайх хийж байгаа.

Визний хугацаа болон виз мэдүүлгийн хураамж зорчих зорилгоосоо шалтгаалан өөр байх аж. 

ДЭМА эмнэлэгт дусал залгуулахаар очсон иргэн эмч нарын буруугаас болж амиа алдсан уу

Өчигдөр Монгол, БНСУ, Тайвань улсын хамтарсан ДЭМА эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон  иргэн амь насаа алдсан хэрэг гарсан талаар мэдээлэл гарч эхэлллээ. Тодруулбал, иргэн Л 13:00 цагийн үед дуслын  шингэн хийлгэхээр эмнэлэгт очоод, 13:10 цагт  учир битүүлэг байдлаар амиа алдсан байна. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Харин ар гэрийн зүгээс тус эмнэлгийг эмч нарыг буруутгаж байгаа аж. Учир нь  эмч О дуслын шингэн залгасан бөгөөд хохирогч бие эвгүйцэж байгаагаа хэлэхэд эмч нар шаардлагатай арга хэмжээг аваагүй хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм.Гадны хөрөнгө оруулалттай, хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй, лабораторийн цогц үйлчилгээтэй, гадаадын шилдэг эмч мэргэжилтнээс бүрдсэн гэж ярин олны анхаарлыг татсан эмнэлэг ийнхүү дусал хийх чадваргүй эмч ажиллуулдаг уу. 

Наадмын тасалбар ямар үнэтэй худалдаалагдах вэ

Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс ирэх сарын 07-нд худалдаанд гаргахаар болсон байгаа. Тэгвэл тасалбарын үнэ 16, 20, 24 мянган төгрөг байхаар тогтсон байна. 

Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа.

Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.

Г.Ариунбаатарт Цагдаагийн хошууч цол олголоо

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо.

Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ.

Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.

Ирэх даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд буюу ирэх даваа гарагт болно. Сонгуулийн санал хураах өдөр олон нийтээр амардаг. Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.
 
Энэ журмын дагуу зургадугаар сарын 26-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэргий хэвлэлд анх удаа ярилаа

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэргий Балжиннямын Тунгалагтай “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү ярилцжээ. Эгэл даруухан монгол эмэгтэй Б.Тунгалаг энд тэнд ярилцлага өгч, үг хэлээд байх нь тун ховор. Харин Г.Алтантүрүү түүнтэй төрсөн нутаг, ханийнх нь талаар хэрхэн ярилцсаныг сийрүүлэн хүргэж байна.

-Та Архангайн нутгийн хүн үү?

-Миний аав ээж Архангайн хүмүүс. Харин би Улаанбаатарт төрсөн. Гэхдээ эцэг эхийнхээ нутгаар овоглож явна шүү дээ. Аав маань цэргийн хүн. Ээж минь эмч. АУИС-ийг төгсөх жилээ ээж минь намайг төрүүлсэн байдаг. Тэгээд сургуулиа төгсөөд ээж Зүүнбаянгийн цэргийн анги руу хуваарилагдсан. Цэргийн хүний амьдрал нүүдэл суудал ихтэй шүү дээ. Зүүнбаян, Төв аймаг, Улаанбаатар гээд энэ хооронд нүүж өссөн дөө.

-Аав ээж нь хэзээ Архангай аймгийн Чулуутдаа ирж сууршсан бэ?

-1993 онд нутагтаа ирсэн юм байна. Би зургадугаар ангид орох гэж байлаа.. Яг тэр үед аав маань Төв аймгийн цэргийн ангид штабын дарга байж байгаад Цэргийн тагнуулын хоёрдугаар газрын даргаар очсон байсан. Аав минь ажлаа бодоод хотод сууршина гээд ээж болохоор нутаг сайхан байна хөдөө гаръя гээд ээж минь дийлээд хөдөө ирсэн дээ. Хэдэн жилийн дараа би эгчтэйгээ оюутан болж хамаатнындаа суусан. Тэр үед л ханьтайгаа танилцсан даа. Тэгээд Ганбаа маань аав ээж дээр минь ирж “Би охинтой чинь ханилмаар байна. Сайн сайхан амьдруулна ” гэж намайг гуйсан даа.

-Та яагаад С.Ганбаатарыг насан туршийнхаа ханиар сонгож, цэцэг шиг охидыг нь төрүүлэв?

-Итгэж дааж чадахаар хүний хань болохоор хүн юм байна гэдгийг анхнаасаа л мэдэрсэн. Миний ханийн мөн чанар цаг өнгөрөх тусам надад хүндлэл төрүүлдэг. Анх танилцаад гэр бүл болохдоо 15 дугаар хороолол Сансарын тунелийн тэнд айлын хажуу өрөөнд амьдардаг байлаа. Ганбаа маань долоон чемодан номтой, цүнхтэй хувцсаа аваад ирж байсан. Би бас хувцсаа аваад л айл болж байсан.

-Англи хэлийг хэрхэн сурах вэ гэдгээс эхлээд “Бизнесийн нүцгэн үнэн” лекц уншиж залуусыг манлайлаад явж байсныг нь би санаад байдаг. Дараа ҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн боллоо. Тэр тэр бүгдээс аль С.Ганбаатарт нь илүү сайн байсан бэ?

-Чиглэсэн зорилго нь адилхан байсан. Монгол Улсыг өндөр хөгжилтэй бусад орноос дутуугүй байлгах юм сан. Гурван охиноо ч гэсэн сайхан Монгол оронд амьдруулахсан гэж ярьдаг хүн. Тийм учраас миний хувьд яг энэ нь ийм тэр нь тийм гэж тухайлж дэмжиж байгаагүй. Бүгдийг нь л адилхан дэмжиж ирсэн.

-Нэр дэвшигч маань эх орноо аврах төлөвлөгөөгөө танилцуулаад явж байна. Ер нь танай гэр бүлийн төлөвлөгөө юу юм бэ?

-Хүн бүхэн л үр хүүхдээ сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Бид хоёр ч гэсэн гурван охины хүний дайтай яваасай гэж бодно. Эрдэм мэдлэгтэй хамгийн гол нь их сайн хүн болгохыг хичээж байна. Монгол сайхан ээж болгохсон гэж боддог. Миний ээж бас гурван охинтой. Том болоод эрдэмтэй хүн болохоос илүү айлын эзэгтэй ээж болно. Эхнэр хүн үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, хань ижлээ хэрхэн хүндлэх вэ, монгол эмэгтэй ээж хүн юу юу хийж сурсан байх ёстой гэдгийг зааж сургасан. Би ч гэсэн ээжийнхээ нэгэн адилаар охидуудаа сайн ээж болгохсон гэж боддог.

-Та дээл оёчихно биз дээ?

-Хөдөө ирэхээрээ ээждээ туслаад дээл оёж өгдөг.

-Хотод бол зав бага байдаг байх л даа?

-Тийм шүү. Гэхдээ охидынхоо цагаан сар наадмаар өмсөх дээлийг нь оёдог.

-Анх аав болохдоо С.Ганбаатар ах яаж хүлээж авсан бэ?

-Том охиноо төрөхөд хажууд минь байсан. Арай ухаан алдаад унаагүй. Би л юун Ганбааг анхаарах манатай байлаа. Өвдөөд л хэцүү байна шүү дээ. Сүүлд нь эх баригч эмч маань “Танай хүнийг би хатуу тэмцэгч, ширүүн, догшин хүн гэж бодож байсан чинь хань чинь уйлж байсан” гэж байсан. Анх охинтой болчихоод бөөн баяр болж байлаа. Нандин үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан. Хоёр дахь охиноо төрөх үед Ганбаа маань Үйлдвэрчний эвлэлд очсон байлаа. Аймар өвдөөд л тариа хийлгэж байх хооронд эмч нар намайг эхнэр нь гэж мэдэхгүй “Өө энэ Ганбаатар гадаа сууж байх юм. Юугаа хийж яваан” гээд л яриад байна. Тэгэхээр нь “Би эхнэр нь байна аа” гэсэн эмч маань сандарсандаа зүүгээрээ хэд хэд хатгачихаж билээ. /инээв/

-Эх хүний сэтгэл үр хүүхдээ хайрлаад зогсохгүй айлын хүүхдийг орж ирэхэд атга чихэр аваад өгдөг. Энэ бол эх хүний сэтгэл. Энэ агуй сэтгэлийг та хувьдаа юу гэж ойлгодог вэ?

-Ээж болохоосоо өмнө эхийн сэтгэлийн нэг их сайн ойлгож байсангүй. Мэдээж ээж хүн ямар агуу вэ гэдгийг хүн бүхэнд ярьж магтан дуулдаг. Өөрөө ээж болоогүй үедээ энэ сэтгэлийн цаад мөн чанарыг ухаж ойлгож чаддаггүй юм билээ. Анхныхаа хүүхдийг гаргаад төрөхийн орон дээр амлуулаад байж байх тэр агшинд ээж хүн ямар агуу юм бэ гэдгийг ойлгосон. Тэр хэмжээгээр өөрийн болон бусдын хүүхдийг хайрлаж эхэлдэг юм билээ.

-Хүн л болсон хойно ялагдах гундах зүйл гарна шүү дээ. Ялагдаад ороод ирэхэд нь та яг ямар үг хэлье гэж боддог вэ?

-Хань минь хүний төлөө зүтгэж яваа шүү дээ. Би гэр бүлдээ аль болох амар тайван халуун дулаан уур амьсгалыг бий болгохыг хичээдэг. Цаг хугацаа бүхнийг харуулах учраас зорьсондоо хүрэхийн энэ бүхнийг даваад гарах хэрэгтэй л гэж хэлдэг.

-Анх талбай дээр гарч жагссанаас хойшхи цаг хугацаа та хоёр юу харуулсан бэ?

-Хэзээ ч шантрахгүйгээр цаашид тэмцэж чадна гэдгийг би хангалттай харуулсан гэж боддог. Энэ нь буруу байна шүү, энэ гэрээ энэ улс төр булхайтай байна гэдгийг хэлэхээс илүү яах юм бэ. Тэгэхээр миний хувьд энэ цаг хугацаа харуулж байгаа л гэж бодож байна.

-Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг. Одоо төрөө засах цаг нь болсон уу. Цайг нь чанаж байгаа эхнэр хүний хувьд та юу гэж бодож байна?

-Болсон гэж боддог. Гэрээ засахын тулд заавал өндөр үнэтэй, баян тансаг хаустай болохыг хэлэхгүй шүү дээ. Яг одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун үр хүүхэд үргэлжлэл нь байна. Үүнээс өөрөөр яаж гэрээ засах вэ.

-Охидууд их эмзэг л дээ. Аав нь тэнд тэмцээд байна гэнэ. Элдвээр хэлнэ. Орой мэдээгээ ярина. Ер нь жаахан айдастай байдаг болов уу. Гэхдээ танай гэр бүлийн хамгийн аз жаргалтай мөч юу вэ?

-Орой хань маань “Гэр лүүгээ яарсаар ирлээ” гээд орж ирэх мөчид охидууд нь урдаас нь “Аав аа” гэж гүйлдээд л тэр мөч сайхан даа. Хажуугаас нь харсан манай найзууд нэг хонь хурга нийлж байгаа юм шиг л байх юм гэдэг. Яг тэр мөчийг харах надад үнэхээр жаргалтай байдаг даа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment