8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Мөнгөнморьт суманд гарсан түймэр бүрэн унтарч, Тэтгэврийг 40-50 мянган төгрөгөөр нэмэхээр болсон өдөр

2017-06-20 18:40:00

Сүүлийн хэд хоног хэт их халж байсан бол өнөөдөр өглөө бороо орж, чийглэг өглөө биднийг угтлаа. Сүүлийн хэдэн өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орох төлөвтэй байгаа учраас холбоотой бороотой холбоотой мэдээлэл хүргэе. “Зарим хүмүүс бороон дуслыг сэтгэлээсээ мэдэрдэг байхад зарим нь харин зүгээр л шалба нороод өнгөрөх юм” хэмээх хөгжмийн регги урсгалын домогт уран бүтээлч Боб Марлигийн ишлэл хэлсэн байдаг. Тэгвэл  таньд бороотой холбоотой сонирхолтойм мэдээлэл хүргэх гэж байна. 
•    Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200 м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10.000 м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол бий гэнэ.
 
•    Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508 мм урт ба диаметр нь 0.7874 мм хэмжээтэй байдаг ажээ.   
•    Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна. 
Хэт халалт зогсож бороо орно гэж байгаа учраас та бүхэндээ борооны талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Харин одоо та бүхэндээ үдэш бүхний энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ш.Ганчимэг: Суудлын мэдрэлийн өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга дасгал хөдөлгөөн

Суудлын мэдрэлийн өвчин болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Монгол мед” эмнэлгийн мэдрэлийн ахлах зэрэгтэй эмч Ш.Ганчимэгтэй ярилцлаа.

-Суудлын мэдрэлийн өвчин гэж юу вэ. Энэ өвчнөөр аль насныхан их өвчилж байна вэ?

-Суудлын мэдрэлийн өвчин гэдэг нь ихэнхдээ бүсэлхий нуруугаар өвдөн, улмаар өгзөг, хөлрүү өвдөлт дамжсанаас нуруугаа тэнийлгэж, хөдөлж явж чадахгүй болж хөдөлгөөн хязгаарлагдахыг хэлдэг. Мэдрэл цочирдсоны учраас энэ өвчин бий болдог. Нугалам яс ба нугасны хавдар, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл, шохойжилт зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсган дарсанаас нуруу өвддөг. Нугасны ёзоор аль түвшинд, хир их дарагдсанаас шалтгаалан нэг эсвэл хоёр хөл, хэвлий, бэлэг эрхтэн рүү өвдөлт дамждаг. Нугасны ёзоор цочирсоноос доод мөчдийн, ялангуяа шилбэ тавхайн цусан хангамж буурч хөл даарах, ирвэгнэх шинжүүд бас илэрч болно. Нугасны хөдөлгөөний ширхэгүүд хавчигдсан тохиолдолд хөлийг нугалагч булчингууд чангарч, тэнийлгэгч булчингууд сулардаг байна. Энэ өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд.  Үүнд дотроо илүүдэл жинтэй хүмүүс их ирдэг. Мөн жолооч, тамирчид түлхүү өвчилж байна. Сүүлийн үед биеийн хүчний дасгал сургуулилт хийдэг секц, дугуйланд явдаг хүүхдүүд нэлээд ирдэг. Мөн эмэгтэйчүүд тодорхой хувийг эзэлж байна.

-Өвдөлт гэнэт эсвэл аажим явцад илэрдэг гэсэн. Суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ? 

Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч булчин шөрмөс чангарсанаас нурууны өвдөлт үүсдэг.

-Нурууны булчингийн чангарал, бүслүүр үед, бөөрний өвчнүүд, хэвлийн болон бэлгийн замын хавдруудаас болсон нурууны өвдөлтийг суудлын мэдрэлийн өвдөлтөөс ялган оношлох шаардлагатай. Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүний нуруу өвчлөх магадлал их байдаг. Мөн компьютерийн ард олон цагаар сууж ажилладаг ажилтнууд, РС тоглодог хүүхдүүд ч нуруу өвддөг. Үүнийг  эрдэмтэн, судлаачид яртдаг болсон. Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч булчин шөрмөс чангарсанаас нурууны өвдөлт үүсдэг. Нуруу, нугасны эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг, бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг байна. Түүнчлэн суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь нуруу өвдлөө, нурууны нэг тал татчихлаа, нуруунд юм орчлоо гэсэн зовиур шинж тэмдэгтээ ирдэг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал та суудлын мэдрэлийн өвчнөөр өвчилсөн байна. Зарим тохиолдолд иргэд явж чадахгүй болчихсон, хүнээр тулуулсан, таяг тулсан орж ирдэг. Энэ нь хурц өвдөлт өгч байгаагийн шинж тэмдэг.

-Энэ өвчний шалтгаан юунаас үүдэлтэй вэ?

-Нурууны өвдөлт чухам юунаас болсоныг оношлохын тулд эхлээд рентген зураг авч нурууны нугаламын бүрэн бүтэн байдал, компьютер томограф, соронзон оношлуурт томограф зэрэг шинжилгээгээр  булчин, холбоос эд, зөөлөн эдийн  эмгэг байгаа эсэхийг оношлоно. Сүүлийн үед хэт их суугаа ажил хийх, хөдөлгөөний хомсдол, илүү жин энэ өвчнөөр өвчлөх шалтгаан болж байна. Мөн хөлстэй, халууцсан үедээ гарч салхи цохиулах тохиолдолд мэдрэлд цочирол үүсдэг. Үүнээс болж өвддөг. Энэ нь ихэвчлэн тамирчид, жолооч, дугуйлан секцэд явдаг хүүхдүүдэд илэрдэг. Түүнчлэн ясны сийрэгжилт нэлээд  нөлөөлж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.ТУЯАЦЭЦЭГ: Заримдаа ямар их тэвчээртэй юм гэж боддог

УИХ-ын дарга, МАН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын гэргий Ж.Туяацэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ханиа “Болдоо” гэх юм. Харин өрхийн тэргүүн эхнэрээ “Цэцэгээ” гэж дууддаг. Болдоо, Цэцэгээ хоёр хуримаа хийгээд 33 жил болжээ.

-Та хоёрыг 10 жилийн нэг ангийнх гэдгийг хүмүүс мэднэ. Сургуулийн тайзнаа тоглосон “Отелло” жүжигт та хоёр гол дүр бүтээсэн байдаг. Яагаад та хоёрыг сонгосон юм бол?
-Анги болгонд хүүхдүүдийн өмнө явдаг, уриалан дууддаг гал цогтой, сэргэлэн, хөгжилтэй охид байдаг шүү дээ. Манай ангид ч хэдэн “гал” охид байлаа. Бид жүжгээ найруулна. Дүр бүрт зориулан хувцасны зураг гаргаж, оёно. Одоогийнх шиг бүх юм бэлэн байсан биш. Олон метр марль авч өнгөнд оруулаад хувцас хийдэг байсан. Болдоо нэг удаа “Дайн ба энх”-ийн Пьер Безуховын дүрд тоглосон нь санаанд тод үлдэж. “Отелло”-д Энхболд Отелло, би Дездемон болсон. Болдоо маань том биетэй, төрөлхийн буржгар үстэй болохоор Отеллогийн дүрд  сонгогдсон хэрэг. Нүүрийг нь хараар будчихсан чинь том алаг нүд нь эргэлдээд, маш сүрлэг Отелло болсон шүү. 
-Сонины нэгэн сурвалжлагад Таны тухай зураглахдаа ангийн хөөрхөн охидын нэг, Энхболдыг тоодоггүй. Нөгөөх нь тоогдохын тулд тураад, гоолиг гоё залуу болсон гэж бичсэн байсан. Та түүнийг турвал үерхэнэ гэсэн юм уу? 
-Юу гэж “тур” гэх вэ дээ /инээв/. Тарган бүдүүн ч байгаагүй. Хүмүүс “Энхболд чамд захиа өгч байсан уу” гэж их сонирхдог. Үнэнээ хэлэхэд, тэр бусдын адил захиа занаа өгч сүйд болсон юмгүй. Нэг л мэдэхэд үерхдэг болчихсон байсан. Есдүгээр ангиасаа үерхэж эхэлсэн болохоор аравдугаар анги төгсөх үед хоёр талын аав ээж мэддэг болчихсон байсан. Ахлах ангид байхад баяр болохоор нийлдэг “өвчтэй” байлаа шүү дээ. Баахан нийслэл салаат хийчихээд түүнийгээ тойрч суугаад иддэг байж. Төгрөг хорин мөнгөний лемоны шүүс ууна. Нэг удаа Болдоогийнд, ээж аав нь найзуудтайгаа салхинд гарахаар явсан хойгуур нийллээ. Нийллэг хараахан дуусаагүй, пижигнэж байтал аав ээж нь ороод ирдэг юм. Хүүгээ нэг охинтой найзалж байгааг сонсчихсон байж. Аав нь жаахан халамцуу “За энэ охид дотроос миний хүүтэй найзалж байгаа нь хэн бэ” гэлээ. Би доош хараад, чимээгүй л байлаа. Тэгсэн аав нь “За за, мэдлээ. Нэг охиныг тэр л байх гэж бодлоо” гэсэн. Хожим ааваас сонсоход яагаад ч юм намайг хараад энэ хүүхэд л байх гэж таамагласан юм билээ. Тэр үеийн охид бүгд шахам хоёр салаа гэзэгтэй, ижил загварын хувцастай, ялгахын аргагүй шүү дээ. Намайг гэж яагаад бодсон юм, хөөрхий бүү мэд. 
-Таны аав ээж сэрүүн байгаа юу. Та ах дүү хэдүүлээ вэ?
-Манай аав одоо 83 настай. Хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Хааяа гэртээ авчирна. Унаа явуулах уу гэхээр “Ёстой үгүй шүү. Бөөн түвэг. Өөрөө дэгдээд оччихож чадна” гэдэг юм. Өөрийгөө бусдад төвөг болчих вий гэж тувт сандарна. Ээж минь 2004 онд элэгний хавдраар өөд болсон. Манай аав Хөдөө аж ахуйн дээд төгссөн, агрономич хүн. Хавар газар гэсэх үеэр яваад, намар ургац хураасан хойно ирдэг байсан. Тариалангийн талбай, ургамал хамгааллын чиглэлийн хүн. Ээж маань Санхүү эдийн засгийн техникум төгссөн. Төгсөөд Дорнодод хоёр жил ажиллаад, Улаанбаатарт ирсэн. Банкинд насаараа ажилласан даа. Би ээж, ааваас наймуулаа. Гурван эгч, нэг ахтай айлын тав дахь хүүхэд. Бага байхад намайг “Одонгийн хүүхэд” гэхээр их гайхдаг байсан. Тэнгэр лүү хараад л “Одонгийн хүүхэд” гэж юуг хэлж байгаа юм бол, одтой холбоотой юм болов уу гэж боддог байлаа. Тэр үед тав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд эхийн хоёрдугаар одон, найман хүүхэд төрүүлбэл нэгдүгээр одон өгдөг байсан.  Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Х.Баттулга: Би Ерөнхийлөгч болбол Г.Доржзодовт Улсын баатар цол олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн зургаан дүүргийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэйн хөдөлмөрчидтэй уулзаж, эхлүүллээ. Өнөөдөр ҮЭСТО-д болсон энэхүү уулзалтын үеэр Х.Баттулга нэр дэвшигч байр сууриа илэрхийлж, 60 тэрбумын хэрэгтэй хатуу тэмцэхээ хэлж,Ерөнхийлөгч болбол эх оронч зориг гаргасан Г.Доржзодов залууд Монгол Улсын баатар цол олгоно гэдгээ ч хэлсэн юм.

Тэрбээр “МАН монголчуудыг ядуу байлгаж, саналыг нь хэдхэн төгрөгөөр худалдаж авах бодлого баримталж байна. 2016 оны сонгуулиар яг ийм арга ашигласан, үхсэн үрэгдсэн хүмүүсийн нэр дээр сонгууль өгсөн Одоо ч гэсэн иргэний бүртгэл дээр 100 100-гаар шинэ гэрчилгээ хийгээд, бүртгээд явуулж байна. Айлуудад байхгүй хүмүүсийг хүртэл гаргаж ирж байгаа. Жишээ нь, манайд таван хүн байх нь л дээ. Бид Ардчилсан улс болчихлоо гээд л бодоод яваад байсан чинь тийм биш байж, бид ялагдаж. Аж үйлдвэрийн бодлого дээр бид бас ялагдсан.

Аж үйлдвэр гэдэг бол олон хүнийг ажилтай болгодог хөгжлийн том бодлого. Би энэ талаар олон жил ярьсан, ажилласан, төлөвлөгөө гаргасан. Харамсалтай нь бүгдийг нь гацаасан. Доромжилсон, сүүлдээ намайг гүтгэсэн. Сайншандын Аж үйлдвэрийн парк барих гэж байна гээд зохиомол хэрэг үүсгэсэн. Арьс шир боловсруулах үйлдвэр барих гэж байна гэж зохиомол хэрэг үүсгээд  авсан. Энэ мэт олон төслийг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан 2-3 хүнд 10-15 жилийн ял өгч доромжилсон.  Би уг нь төрийн яамны сайд бодлогыг тодорхойлдог гэж бодож тэр ажлыг хийсэн. Хэдийгээр хоёр яам гээд байгаа боловч дөрвөн том салбарыг толгойлж явсан. Зам тээвэр, барилга хот байгуулалт. Үйлдвэр, хөдөө аж ахуй. Энэ салбарууд дээр олон бодлого гаргаж, ажил хийхээр зүтгэсэн боловч гацаасан бас.

Өнөөдрийн цаг үе биднээс бүхий л салбарт ялахыг шаардаж байна. Бид утаандаа хордоод, машинтайгаа түгжрээд, бухимдаад явж байгаа. Ажилгүй, цалингүй, цалинтай нь бага мөнгө авдаг. Төрийн албан хаагчид нь хоморголон халагддаг. Цэцэрлэг олддоггүй. Утаанаасаа болоод жирэмсэн эхчүүд зулбадаг. Өвөл утаандаа хахаж цацаж, хордож, үхэж үрэгддэг нийслэлтэй болоод удлаа. Энэ улсын нийслэлийг удирдаж байсан хүмүүс бүгд албан тушаал дэвшиж, баяжсан.  Улаанбаатар хотын газруудыг зарсан мөнгө хэний халаасанд оров. Бат-Үүл хотын дарга байхдаа ганцхан газрыг дуудлага худалдаагаар зарсан. Аль эртний, Сүхбаатар жанжин залуу насандаа ажиллаж байсан гэдэг л түүхтэй, бараг жорлон болсон байшинг 24 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар зарсан. Хүн авсан уу, авсан.

Тэгвэл хот орчмыг тойрсон газруудыг хотын дарга байсан хүмүүс дуудлага худалдаагаар зарсан бол яах байсан. Дахиад нэг хот байгуулчих мөнгөтэй болох байлаа. Тэр хотоо байгуулаад, ажлын байр бий болгоод, төвлөрлийг сааруулах боломж байсан. Яагаад энэ ажлыг хийсэнгүй вэ. Яагаад газар зарсан мөнгө нь бидэнд биш цөөхөн хүний халаас руу ороод байна. Өнөөдөр дагуул хот байгуулахыг дэмжихгүй байна. Богд уулынхаа өвөрт Майдар хот гээд 400 мянган хүн амьдрах шинэ хотыг байгуулахаар зүтгэж байгаа. Тэд бүх ажлыг нь гацаасан. Дагуул хот, утаа, хөгжил гээд бүхий л зүйл дээр бид ялагджээ.Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

 

Шинжилгээнд нийслэлийн хэмжээнд 7262 хүн хамрагджээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ.  Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа Налайх дүүрэгт энэ сарын 14-нд, Багануур дүүрэгт 15-нд, Чингэлтэй дүүрэгт 16-нд, Баянзүрх дүүрэгт 19-нд тус, тус зохион байгуулагдлаа.

Тус ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн талбайд нээлттэй өдөрлөг болж байна. Мөн энэ сарын 21-нд Баянгол дүүрэг, 22-нд Сонгинохайрхан дүүрэг, 23-нд Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана.

Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр  нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, автомашинтай мөргөлдсөн 6, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 1 осол тус тус бүртгэгджээ.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртөж гэмтэж, бэртсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлэн саатуулан ажиллажээ.  
 

Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталсан байна. Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр  2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. 

Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдах боломжтой боллоо

Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталжээ. 

Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.

Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ.

Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм  бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж 12 дугаар сарын 25-ны өдрөөс сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна. 

Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.

“Насны хишиг” олгох ажил тун удахгүй эхэлнэ

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Хуулийн дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгох ажил тун удахгүй эхлэх аж. 

Энэ удаад Цагаан сараар 65 хүрээгүй байсан ахмадууд нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж. Харин долдугаар сарын 11-нээс хойш 65 хүрэх ахмадууд энэ жил авах боломжгүй аж.

“Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Насны хишиг олгохдоо:
65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг

Үерийн аюулаас СЭРЭМЖЛЭЭРЭЙ

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар гаргажээ

“Говь” компанийн агуулах, үйлдвэрийн байранд гарсан галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тодруулбал, тус барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид, борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан байжээ. Тэндээс гарсан газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугиж, гал гарсан байх магадлалтай гэжээ. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, гал гарсан объектын дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс байцаалт авч эхэлжээ.

ОБЕГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргүүлж байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
 

Өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн (хүүхэд-6, насанд хүрэгсэд-22) амь насаа алдаад байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалж байна.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээс ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Харин улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаа  нийт 101 удаагийн ой хээрийн түймэр гарч 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Хэнтий аймгийн Биндэр суманд 1, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр 1 нийт дөрвөн түймрийг цурманд оруулсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1, нийт 4 түймэр асаж байгаа юм.

Түймрийн голомтонд Онцгой байдлын албанаас 337 албан хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгар, Зэвсэгт хүчнээс 238 албан хаагч, 14 автомашинтайгаар, Хилийн цэргээс 4 албан хаагч,ХХДЦГ-аас 12 ажилтан, 2 автомашинтай, нийт 922 хүн 1 нисдэг тэрэг, 66 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үүлэнд зориудаар нөлөөлж Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна.

Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Байгал өөрийнхөө жамаар хураа хайрласан атал өөрсдийнхөө хийсэн ажил мэтээр гайхуулжээ: Яана даа энэ МАНынханыг одоо бүр байтлаа хурмастыг хүртэл хувьчилж авах нь ээ
2017/06/21 103.229.120.159