8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Румын Улсын иргэн луйврын гүйлгээ хийж байгаад баригдаж, Тавантолгой сургалтын төвд 1 албан хаагч амиа алдсан өдөр

2017-06-13 18:40:00

“Өглөө сэрээд өнөөдөр би юу хийх ёстой гэдгээ өөрөөсөө асуу. Харин орой унтахаасаа өмнө юу хийснээ асууж бай". Эрхэм уншигч танд Тавдугаар сарын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.

Чуулган тасалдаг УИХ-ын гишүүн Б.Наранхүү морио уяад хээр хөдөө явбал яасан юм бэ

Шинэ УИХ бүрэлдэж нэг жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд үр дүнтэй сайн ажилласан гишүүд нэлээд хэд байна. Уулын мод урттай богинотой гэдэг шиг хичээл тасалдаг муу дүн авсан гишүүд ч нэлээд хэд байна. Өнгөрсөн УИХ-ын намрын чуулганаар нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэнээс хамгийн ирц муутай гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүлж байсан. Тодруулбал,  Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан бол Д.Гантулга гишүүн 108 цаг тасалж байсан. Харин түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалж, гуравдугаар байранд орж байсан билээ. 

Харин  энэ хаврын чуулган нийтдээ 21 удаа хуралдсан байна. Хаврын  чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр дахин УИХ-ын гишүүн Б.Наранхүү тодорсон байна. Чуулган нийтдээ 21 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэг удаа чөлөө авч, нэг удаа гадаадад томилолттой, 19 удаа чуулганы хуралдааныг тасалсан байна. “Мон-Уран”-ы  гэх  тодотголтой  Б.Наранхүү  төрийн түшээ болсноосоо хойш тоотой хэдэн удаа чуулганы хуралдаанд морилов. Б.Наранхүү бол Монголын нууцлаг бизнесмэнүүдийн нэг. Мөнгөтэй хэрнээ чухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг. Тэрбээр 1999 онд анх “Мон-Уран” компаниа байгуулж байсан.  Мөн хурдан моринд хорхойтой улс төрчдийн нэг. Түүний  шарга азарга Улсын наадмаас зургаан түрүү, хоёр айраг авч найман жил түмэн олноо баясгасаныг монгол түмэн мэднэ. Баяр наадмын үеэр Б.Наранхүү болон түүний шарга азарганы талаар монгол түмэн уяачид ам уралдан ярьдаг. Харамсалтай нь өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн талаар саар мэдээлэлүүд дуулдах болсон. Удаа дараа чуулганаа тасалж, хэвлэлийн бай болж байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан.  Б.Наранхүүгийн хувьд тойрогтоо МАН-ын Б.Амарсанаа, МАХН-ын О.Ганбат зэрэг зургаан гишүүнтэй өрсөлдсөн бөгөөд 6559 хүний санал авснаар ялалт байгуулж байв. Ингээд Б.Наранхүү түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уяач биш төрийн түшээ болсон. Гэвч эрхэм гишүүн УИХ-ын гишүүн болсоноосоо хойш тоотой хэдэн удаа чуулганы хуралдаанд суув.

Уг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутгаа хөгжүүлж, аймгийн төвөө жишиг хот болгоно, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ, бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэхчлэн олон сайхан амлалт өгч гарч ирсэнийг нутгийн ард түмэн одоо болтол хүлээж суугаа. Түүний амлалт үүгээр ч дуусахгүй. Томоохон барилга байгууламж барина, иргэдээ орон сууцтай болгоход анхаарна хэмээн томоохон амлалт өгч байсан.

Харамсалтай эрхэм гишүүн өнөөдөр төрийн түшээ болсон гэдэгээ ч мэдээгүй явна. Ард түмнийхээ дуу хоолойг төрд хүргэх, чухал шаардлагатай хууль санаачлах, батлуулах талаар нэг ч удаа ам нээсэнгүй. Эсвэл эрхэм гишүүн хууль тогтоодог байгууллагыг арай өөрөөр хараад байна уу. Дуртай цагтаа орж ирээд, дуртай цагтаа гараад явдаг захын нэг газар биш байлтай.  Б.Наранхүү гишүүнээ эсвэл та зүгээр л морио уяад явбал дээр юм даа. Хүн чаддаг юм аа хийх хамгийн сайхан. 

C.Сээсрэгдорж: Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг

Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн өмнөөс эхтэй гэвэл уншигч та итгэх үү.  Хэдэн зууны тэртээд монголчууд анагаах эрдмийг дэлгэрүүлж, хүн зоноо эмчилж ирсэн арвин түүхтэй аж. Монгол анагаах ухаан өнөөдөр ямар төвшинд байгаа талаар АУ-ны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч, Монгол Анагаах Ухааны дотор өвчин судлалын тэнхмийн багш С.Сээсрэгдоржтой ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухааны гарал үүслийн талаар ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Монголын уламжлалт анагаах ухаан Дорно дахины анагаах ухааны ай сав, эртний Энэтхэгийн анагаах ухаан буюу Айридын анагаах ухаанд багтдаг. Уламжлалт анагаах ухааныг хүн төрөлхтөнтэй хамт бий болсон гэж үздэг. Академич Ш.Болдын судалж тэмдэглэснээр монголын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Уламжлалт анагаах ухааны эх үүсвэр нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гэдэг газарт монголын хамгийн анхны манбадацан эмнэлэг, сургууль байгууллагдсан. Энэ эмнэлэгийг ламын гэгээн Лувсанданзанрэнцэн гэдэг хүн байгуулсан түүхтэй. Сүүлд Монголын анхны уламжлалт анагаах ухааны сургууль 1860-иад оны үед одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өлзий гэдэг газарт Ламын хүрээнд шилжиж ирсэн гэдэг. Үүнээс хойш монгол даяар дуган, дацан, хийд байгуулагдаж уламжлалт анагаах ухааны боловсон хүчин бий болж эхэлсэн. Ингэж явсаар 21-р зуунтай золгоход Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит Хоёрдугаар төв эмнэлэг Орос, Унгар эмч нар ажиллаж байсан. Тухайн үеийн олон улсын эмч нар монгол маарамбуудтай хамтарч ажиллаж байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед монгол анагаах ухаан нууц байдалд байсан. Харин 1990 оноос хойш монгол анагаах ухаан буцаад сэргэж байна. Монгол анагаах ухааныг шинжлэх ухааны нэрийн дор уламжлалт ахин сэргээх, нууц сударч бичгийг авч үлдэхэд Ардын эмнэлгийн хүрээлэнгийн Академич Ц.Хайдав гэдэг хүн томоохон гавъяа байгуулсан. 1958 онд анхны Байгалын нэгдлийн хүрээлэн гэдэг зүйлийг байгуулж байсан гэдэг. Тухайн үед Маршал Ю.Цэдэнбал гуайн тушаал даалгавараар маарамбын эрэлд гарч орон нутгаас дөрөв, таван маарамба авч ирж хүрээлэндээ ном эрдэм заалгасан нь монгол анагаах ухааныг сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс хойш 1989 оны тавдугаар сарын 16-ний өдөр Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг тухайн үеийн Анагаах ухааны сургуулийн харьяанд байгуулсан.  Мамбадацан, Монос зэрэг хувь хувьсгалын олон эмнэлэг, сургууль  байгуулагдсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухаанаас олон алдартан, гавьяат төрсөн. Уламжлалт анагаах ухаан бол асар их нөөц, нууц, боломж, гарц. Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг. 

Уламжлалт анагаах ухаан бол асар их нөөц, нууц, боломж, гарц. Дэлхийн улс орнууд монгол анагаах ухаанд маш олон нууц байгаа гэдгийг нотолсон байдаг. 

-Уламжлалт анагаах ухааныг сонирхож суралцах залуус хэр байна вэ. Энэ чиглэлээр жилд хэчнээн боловсон хүчин төгссөн гарч байна вэ?

-Монгол Улсын Гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, академич, доктор, профессор Н.Төмөрбаатар багш 1989 оны тавдугаар сарын 16-ны өдөр Уламжлалт анагаах ухааны анхны тэнхмийг 29 элсэгчтэйгээр байгуулж байсан. Анхны элсэгчид 1993 онд төгссөн байсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухааны улсын, хувийн сургууль олон болсон байна. Энэ хэрээр төгссөн гарч байгаа боловсон хүчин нэмэгдэж байна. Зөвхөн Монгол анагаах ухаан сургуулийн хувьд жилд 600 гаруй сурагч элсдэг үүнээс 100 гаруй төгссөж гардаг. Бусад хувийн болон улсын сургуулиудад энэ тооны төгсөгч боловсон хүчин гарч байна. Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны сонирхох залуус нэмэгдэж байна гэж хэлж болно. Ганцхан уламжлалт анагаах ухаан гэлтгүй европ анагаах ухааныг хамт судалж байгаа нь сайшаалтай. Нэг үгээр хэлбэл Монголын анагаах ухааны систем уламжлал болон европ гэсэн хос морьтой хөгжиж байна гэхэд буруудахгүй.

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга зүй, онцлог юу вэ?

-Зарим хүмүүс уламжлалт анагаах ухааныг хөнгөхөн ойлгох гэж үздэг юм шиг санагддаг. Зүү тавих, бариа хийх, хануур, төөнүүр тавих, тана буцалгах зэргээр л ойлгож хүлээж авдаг. Эдгээр нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний төрөл, арга барил хэдий ч энгийн анхан шатны мэдэгдэхүүн. Уламжлалт анагаах ухаан хэд хэдэн онцлогтой. Хүн байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг. Тиймээс байгалийн онолд суурилсан өөрийн гэсэн арга барилтай. Зөвхөн бариа засал гэхэд маш олон төрөл бий. Яс барих, бумба тавих, тархи барих, дотор доргилт зэргийг барихад боодог, дэвтээх гээд өдөртөө хэрэглэдэг 40-50 бариа засал бий. Тухайн хүний өвчинд тохируулж бариа, засал хийдгээрээ онцлог. Эмчилгээний арга зүйн талаар яривал маш их цаг хугацаа орно. Заавал онол дээр суурилж байж эмчилгээ оношлогоо хийнэ. Байгалийн хүчин зүйлийг ашиглаж тухайн хүнд бариа, засал хийдгээрээ онцлог. Мод, чулуу, тоосгоор жин тавьж бариа, засал хийх зэрэг онцлог эмчилгээний арга барил олон. Ясыг үүрчихээгүй л бол бариад эдгээдэг.

-Хэчнээн төрлийн эм, эмийн ургамал монгол анагаах ухаанд бүртгэлтэй байна вэ?

-2000 гаруй эм, бодис, 3000 гаруйэмийн жор, эмийн арван төрөл байдаг. Буцалгаж уух, ширгээж уух, үрлэн эм, хандан эм, үнсэн гэх мэт маш олон эм байна. Туулгах, бөөлжүүлэх гээд таван төрлийн эм байдаг. Нийтдээ 15 төрөл бүлэгийн уламжлалт анагаах ухааны эм бий. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Талбайн зүүн, баруун захад зөвхөн жуулчдын автобусыг зогсооно

Жуулчдад үйлчлэх автобусыг Сүхбаатарын талбайн урд хэсгийн баруун, зүүн захад түр зогсоож үйлчлэхийг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэжээ. Тодруулбал, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг үндэслэн талбайн урд талын автозогсоолын ажил дуусах хүртэл дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх юм байна.

Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж үйлчлэх юм байна.

Тавантолгой сургалтын төвд дахин нэг албан хаагч амиа алджээ

Зэвсэгт хүчний Тавантолгойн сургалтын төвд өнгөрсөн амралтын өдөр тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон.Тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Алба хаагч О нь тэмцээнд оролцож байхдаа нас баржээ. Түүний нас баралтын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурав дахь албан хаагч амиа алдаад байна. Одоогоор энэ талаар тэмцээний гол зохион байгуулагч БХЯ-наас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. 

ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрчээ

Өнгөрсөн тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 237 бүртгэгдсэн байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний тавдугаар сард 22,108 болж, өмнөх оны мөн үеэс 51 хувиар буурчээ. 

Гадаад иргэн луйврын гүйлгээ хийж байгаад баригджээ

Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ  хийжээ. Үүнийг  Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа аж.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны автомат мөнгөний машин /АТМ/-аас тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна.

Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад тавдугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.

2017 оны эхний хагас жилд 148 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн зөрчил, 5.4 хувийг бусад зөрчлүүд эзэлж байна.

Албадан гаргасан гадаадын иргэдийг иргэний харьяаллаар нь авч үзвэл 54 хувийг БНХАУ, 15.5 хувийг БНАСАУ, 6 хувийг БНСВУ, 4.7 хувийг ОХУ, 19.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэдийг эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр харьцуулбал 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргажээ. Харин 2017 оны эхний хагас  жилд 148 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. 2017 оны эхний хагас жилд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог 2015 оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 111.4 хувиар тус тус буурсан байна.

АНХААР: 2 хүүхэд, 1 том хүн усанд үйжээ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, “...” амралтын газрын орчим хүн усанд живсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллага авч шалгахад СХД-ийн 24-р хороонд суух 22 настай эрэгтэй Ж голд живж нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. 

Мөн Хан-Уул дүүргийн 13-р хороо, “Карьерийн нууранд хоёр хүүхэд живж нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Баянзүрх дүүргийн 17-р хороонд суух 15 настай эрэгтэй Т, 10 настай эрэгтэй Х нар “Хилэм” нэртэй нууранд живж нас барсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Урин дулааны улирал эхэлж, амралт зугаалга үргэлжилж буй энэ өдрүүдэд үр хүүхэддээ анхаарал хандуулж, гол усны аюулаас сэрэмжлэхийг холбогдох албаныхан анхааруулж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment