8o
Улаанбаатар хот
mobile menu

Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэнэ

2017-06-13 18:00:00

Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр энэ сарын 17-нд тохионо. Эл өдрийг НҮБ-аас “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулахаар зарласан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Ногоон хэрэм” төсөл хамтран энэ сарын 15-нд цөлжилтийн эсрэг Монгол, Солонгос эрдэмтдийн хурлыг зохион байгуулах юм. Уг арга хэмжээнд НҮБ-ын суурин төлөөлөгч тэргүүтэй олон улсын зочид оролцоно. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 17-нд “Газрын доройтлыг бууруулъя” уриан дор явуулж буй гар зураг, видео бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж,  цөлжилтийн эсрэг мод тарина.

Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.  Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий.  Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон. 

Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment