8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байна

2017-06-10 12:20:45

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбай, Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэлтэй танилцаад тулгамдсан ямар асуудал байгаа талаар салбар хорооны дарга нартай ярилцлаа.

Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийн ажил шинээр хийж байна. Мөн гүйлтийн замыг шинэчлэх, үзэгчдийн суудал нэмэх зэрэг ажил ид хийгдэж байгаатай зохион байгуулах хорооныхон танилцлаа. Шагайн харвааны асарт их засвар хийж байгаа бол сурын талбайн хэмжээг томсгож, үзэгчдийн суудлыг нэмж байгаа ажээ. 

Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Баяр наадмын комисс хэдэн сарын өмнө ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу буюу 60 гаран хувьтай явж байна.

Монгол Улсын Засгийн газар энэ жил баяр наадмын зохион байгуулах зардалд 2,5 тэрбум төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 300 сая төгрөг бага зардал хэдий ч баяр наадмаа зохион байгуулалт сайтай тэмдэглэх бүхий л боломжийг бий болгохын төлөө Үндэсний хороо ажиллаж байна гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ярилаа.

Хүй долоон худагт гантай, усалгааг улам сайн хийх шаардлагатай байна. Газрын гарц энэ хэвээр тааруу байх аваас хурдан морины уралдааны зайг богиносгох нь зүйтэй гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх Хүй долоон худаг, “Монгол наадам төв”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл