8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг хэлэлцэх тов гарч, БСШУСЯ-ны шинэхэн сайд томилогдсон өдөр

2017-06-09 18:40:00

Ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Энэ 7 хоногт төлөвлөсөн ажил тань бүтэж амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Тоймоо хүргэхийн өмнө эрхэм уншигч танд бяцхан зөвлөгөө хүргэхэд маргаашнаас нийт нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлсэн юм. Тиймээс та бүхэн амралтын өдрөөр гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарах гэж байгаа бол хувцсаа тохируулж өмсөхөө бүү мартаарай.  Ирэх 7 хоногт уулзатлаа түр баяртай.

20-35 насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна

XXI  зууныг мэдээллийн эрин зуун хэмээн тодотгодог. Тэр нь ч үнэн. Саяхныг хүртэл хэн нэгэнтэй харьцахын тулд шуудангийн дугаарт дугаарладаг байсан бид өдгөө фэйсбүүкээс эхлээд цахим хаягаараа дамжуулан зурвас илгээж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө компьютер, интернэт гэж мэдэх нь байтугай гар утас ч байдаггүй байлаа. Хэн нэгэнтэй яаралтай холбогдох хэрэг гарвал Цахилгаан холбоонд хэд хоногийн өмнө мэдэгдэж, хүлээдэг байв. Гэвч энэ цаг үе аль хэдийнээ ард үлджээ. Гэртээ сууж байгаад л дэлхийн нөгөө өнцөгт байгаа танилтайгаа нүүр нүүрээ харан ярилцаж, хэрэгтэй мэдээллээ солилцдог болжээ. Нөгөө талаар орчин цагийн хүмүүсийн хэрэглээг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаж эхэлсэн  XXI зууны иргэд. Жирийн иргэнээс төрийн тэргүүн хүртэл хувийн хувьсгалын бүхий л ажлаа цахим сүлжээний тусламжтайгаар гүйцэлдүүлж байна. Гэхдээ гар утсаар зөвхөн ярьж, мессэж бичдэг гэвэл өрөөсгөл. Энэ үе хэдийнэ ард хоцорсон. Гар утсаараа интернэтээр аялж,телевиз үзэж, видео дуудлага хийж сүүлийн үеийн бүхий л мэдээллийг авдаг цаг үетэй бид хөл нийлүүлэн алхаж байна. Наад зах нь банкны дансаа шалгаж, мөнгөн шилжүүлэг хийх өдөр тутмын хэрэглээ болов. Үүнээс харахад гар утас бидний амьдралд зайлшгүй байх хэрэгтэй мэт.

Цахим сүлжээг залуус болон өсвөр насны хүүхдүүд хамгийн их хэрэглэдэг. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар гарсаар л.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өөлөх зүйл бас л байна. Бүхий л зүйл цахимжиж байгаа энэ үед интернэт ашиглаж цахим гэмт хэрэг үйлдэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт ихэсч байгааг холбогдох албаныхан онцолсоор байгаа. Түүгээр ч зогсохгүй зарим тохиолдол хүний амь насанд хүрэх, гүтгэх доромжлох гээд сөрөг үр дагавар гарч эхэлсэн. Түүнчлэн хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж эхэлснийг онцолж байгаа юм. Цахим сүлжээг залуус болон өсвөр насны хүүхдүүд хамгийн их хэрэглэдэг. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар гарсаар л. Жишээ нь хамгийн түгээмэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим орчин дахь элдэв дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөх болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Тэгвэл энд үүнтэй холбоотой хэд хэдэн баримт дурдая. 

Баримт 1:  Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл гутрал, дарамт шахалт зэрэг шалтгаанаас болж 2012-2016 онд ерөнхий боловсролын сургуулийн 92 хүүхэд амиа хорлосон судалгаа гарчээ. 

Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрхийн асуудал байж болох ч чиний эрхээр миний эрх хязгаарлагддаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Баримт 2: 2014 онд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н гар утсаа хулгайд алдсан хэрэг гарсан. Тэгэхэд утсыг нь хулгайлсан этгээд охины утсан дээрх зургийг фэйсбүүктээ байршуулсан нь хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Хамгийн харамсалтай нь,хэнэггүй нэгний тоомжиргүй үйлдлээс болж тэрхүү охин хичээлдээ сууж чадахгүйд хүрч, сэтгэл санааны хүнд дарамтад орсон байдаг. Эндээс харахад фэйсбүүк болон твиттер хуудсийг насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр ашигладаг нь тодорхой харагдаж байгаа юм.

Баримт 3: 2015 онд гэхэд 15 иргэн бэлгийн дарамтад оруулсан гэмт хэргийн хохирогч болж Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдсэн байна. Хохирогчдын хувьд 20-35 насныхан байжээ.

Баримт 4: Хүний хөрөнгө мөнгийг залилах хэрэг хил дамнан үйлдэгдсээр байгаа аж.

Баримт 5: Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэх хүүг ангийнх нь хэсэг хөвгүүд “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” хэмээн групптээ хийжээ. Хачирхалтай нь, энэхүү постыг нь ангийнх нь хүүхдүүд дэмжиж, бусадтай хуваалцах буюу шэйр хийсэн байна. Ингээд хичээлдээ явалгүй хэд хоноод гэрийнхээ гадаа амиа хорложээ. Энэ талаараа Б ар гэрийнхэн болон багшдаа огт мэдэгдээгүй аж. Үргэлжлэлийг энд уншина уу.

БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томиллоо

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах санал оруулсныг УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томилсон. 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Засгийн газрын тухай хуулийн дагуу ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан юм.  

Ц.Нямдорж: Ц.Зориг гэдэг хүн Монгол Улсаас, МУ-ын хуулиас том болоогүй байлтай

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг  хэлэлцэх үеэр гишүүд саналаа хэлллээ. Энэ үеэр 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хууль шүүхийн байгууллагад улстөржсөн томилгоо хийх явц өнгөрсөн 4 жил цадигаа алдсан. Цаашдаа хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж эцэг хуулиа манаж байгаа газарт улстөржилт оруулахгүй байхад анхаарах ёстой. Энэ удаагийн томилгоо улстөржсөн томилгоог тасалсан гэж харж байгаа. Тиймээс дэмжиж байна хэмээн хэллээ. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Улсын дээд шүүхэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм.  Тэрбээр “Хууль биелүүлдэггүй Улсын дээд шүүхийг яах вэ. Өнгөрсөн жил Амарсанааг хууль бусаар хөөж явуулсан. 14 хоногийн дараа энэ асуудлыг хэлэлцэх ёстой байтал өнөөг хүртэл оруулж ирээгүй.

Ер нь тэр Ерөнхий шүүгч Ц.Зориг гэж ажилдаа ирдэггүй нөхөр. Байнгын хороонд тайлбар өг гэтэл төлөөллийн хүнээ явуулаад бултчихдаг. Ийм Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй байж болох уу. Дээд шүүхийн бусармаг үйлдлээс болж ҮХЦ жил 6 сар эзэнгүй, даргагүй явж байна. Цаашдаа УИХ ийм байгууллагуудтай зөвхөн төлөөлөх хүнтэй нь ярина шүү.

Ц.Зориг гэдэг хүн Монгол Улсаас, МУ-ын хуулиас том болоогүй байлтай. Гутаан доромжилж байна. Их хурлаас дээгүүр эрх мэдэлтэй Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй байж болохгүй. Хэрэв үнэхээр гачигдалтай байгаа бол насаараа хамгийн ахмад хүн түүнийг төлөөлөх хуулийн заалттай. Өнөөдөр Дээд шүүх хууль биелүүлэхгүй бол хэн хууль биелүүлэх юм бэ. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг ярь” гэв.

Японоос 72 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс олджээ

Палеонтологичид Японоос тус орны түүхэнд байгаагүй үлэг гүрвэлийн том хэмжээний бүхэл бүтэн араг ясыг олж илрүүлсэн байна. Үлэг гүрвэлийн чулуужсан ясны үлдэгдлийг Хоккайдо дахь ууланд олж илрүүлснээс хойш 20136 онд эрдэмтэд малтлагаа эхэлжээ. Энэ хугацаанд тэд бараг бүтэн араг ясыг цуглуулж чаджээ.
Олдворын урт нь бараг найман метр. Урьдчилсан дүгнэлтээр тэр нь нугасан хушуут гэх үлэг гүрвэлийн төрөлд хамрагдана. Энэ өвсөн тэжээлт амьтан 66-100 сая жилийн өмнө амьдарч байсан ба япончууд олдвороо Мүкаварүю гэж нэрлэжээ. Мүкава гэдэг үг нь японоор луу гэсэн утгатай гэжээ.

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад байгаа билээ. Тэдний хувьд Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэх аж.

Тодруулбал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ. 

Хойд чиглэлд явах жолооч нарын анхааралд

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төвд орших Төмөр замын гарамын засварын ажил зургадугаар сарын 14-ний шөнийн 03 цагаас 15-ны өглөөний 10 цаг хүртэл явагдана.

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд энэ хугацаанд 2.3м өндөртэй, 3м өргөнтэй нүхэн гарц /тунель/-аар гарах тул жолооч нар онцгой анхаарч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 

Заагдсан хэмжээнээс илүү ачаа тээвэрлэсэн болон өргөн, өндөртэй тээврийн хэрэгслүүд энэ хугацаанд зорчих боломжгүй болохыг Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томиллоо

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах санал оруулсныг УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томилсон. Улмаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт 12:00 цагт тамгыг нь хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Засгийн газрын тухай хуулийн дагуу ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан юм.  

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 2 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулжээ. 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 344 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 1 нь хүүхэд бүртгэгдсэн. Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. 

Приус авсан иргэд буцаан олголтоо аваарай

Онцгой албан татварын тухай хууль тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээр хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Өчигдөр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж 43 гишүүн оролцсоноос 87.8 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал, приус автомашин худалдан авсан иргэд  онцгой албан татварын буцаан олголтоо авч болхоор болсон байна. Онцгой албан татварыг авах хоёр төрлийн бүлэг байгаа юм.
Импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлөөгүй иргэд онцгой албан татвар төлөхгүйгээр авто машинаа борлуулж болно.
Харин импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлчихсөн борлуулж чадаагүй хүмүүсийн хувьд буцаан олголтыг импортолсон компанид шилжүүлнэ.Онцгой албан татвар нэмэгдсэнээс хойш Приус худалдаж авсан иргэд иргэдэд буцаан олголтыг өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 7-р сарын нэгнээс хос тэжээлт автомашины татварыг 50 хувь хөнгөлнө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment