8o
Улаанбаатар хот
mobile menu

Аялагчдаас хог хаягдлын хураамж авна

2017-06-10 15:19:00

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ-аас "Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт аялагчдын хог хаягдлыг зохицуулах журам" боловсруулж, гадаад, дотоодын жуулчдаас хураамж авахаар төлөвлөж байна.

Тодруулбал тус аймагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ба аяллын гол маршрут нь Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг чиглэдэг гэнэ. Гэвч энэ хэрээр гадаад, дотоодын жуулчид идэж уусан зүйлийнхээ хог хаягдлыг ил задгай хаяж байгаль орчныг ихээхэн бохирдуулдаг тул сумын ЗДТГ-аас ийм шийдвэр гаргажээ. 

Өдгөө нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниудыг оролцуулан дээрх журмыг хэлэлцүүлж байгаа бөгөөд хог хаягдал ихээр төвлөрсөн болон төвлөрч болзошгүй газруудад хашлага бүхий хогийн сав, монгол, англи, орос хэлээр хаяг байрлуулах, төвлөрсөн хогийг тодорхой зөвшөөрөгдсөн нэгдсэн хогийн цэгт цуглуулах, аялал жуулчлалаар ирсэн дотоодын амрагчдаас хэд хоногоор байснаас үл шалтгаалан нэг машинаас 10000, амрагч бүрээс 3000 төгрөг, гадаадын жуулчдыг тээвэрлэж ирсэн машин бүрээс 12000 төгрөг, хүн бүрээс 5000 төгрөгийн хураамж авч, Байгал хамгаалах санд төвлөрүүлэн, журамд зааснаар захиран зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сумын удирдлагаас гаргасан дээрх санаачилгыг нутгийн иргэд ч сайшаалтай хүлээн авч дэмжиж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл