"Fitch" агентлаг манай улсын банк санхүүгийн системийг хамгаалалтгүй гэж дүгнэжээ. Зээлийн асар их өсөлт нь эргээд банк санхүүгийн салбарыг хорлож мэдэх юм гэж тус агентлагийн мэргэжилтэн Чикако Хориучи “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Эрх баригчид банк санхүүгийн системийнхээ тогтвортой байдлыг хангах зорилгоор дампуурсан банкны хохирогчдод зориулж төсвөөс хөрөнгө гаргасан нь эргээд зах зээлд муугаар нөлөөлж байгаа гэдгийг тэрбээр хэлсэн байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах юм уу, хатуу валютын ханшийн өөрчлөлтөд амархан сөхрөх магадлалтай болохыг сануулсан байна.
Уул уурхайн салбарт эргэлдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр банк санхүүгийн байгууллагад эргэлдэх мөнгөний хэмжээ өсч байна. Зөвхөн зээлийн хэмжээ гэхэд л өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 хувь нэмэгдсэн. Гэхдээ зээлийн ихэнх нь уул уурхайг тэтгэхээс дотоодын үйлдвэрлэлээ бодитой дэмжиж чадахгүй байгаа гэж "Fitch" агентлаг үзсэн байна. Уул уурхай хөгжиж дотоодын баялаг нэмэгдэх тусам банкуудад хуримтлал үүсгэх болно. Гэвч энэхүү хуримтлал болж буй баялаг хэр хамгаалалттай, баталгаатай байдалд байгаа вэ гэдэгт санхүүгийн ажиглагчид ийнхүү хариулт өгч байна. Тэдний тавьсан дүн "Хамгаалалт байхгүй" гэж гарчээ.