8o
Улаанбаатар хот
mobile menu

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа багш нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ

2017-06-05 13:11:00

Сүүлийн үед боловсролын салбар тэр дундаа тусгай сургуулийн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид, 116-р тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тус хичээл хаялтын араас олон жил тусгай сургуульд бугшсан идээ бээр шахагдсан гэж хэлэхэд болно. Тодруудбал, Дохио гэдэг бол сонсголын бэрхшээлтэй хүний хувьд төрөлх хэл, энгийн хүмүүсийн хувьд гадаад хэлээс ялгаагүй гэж үздэг. Гэтэл тус сургуулийн багш нар ярианы хэлээр нэр төдий хичээл заадаг, үүнээс  гадна сурагч хүүхдүүдийг янз бүрийн бэлгийн дарамт үзүүлдэг, анги танхимдаа архи уудаг гэх мэтчилэн асуудал ил болсон. Үүний араас 116-р тусгай сургуулийн сурагчид мөн хичээл хаялт зарласан. Шалтгаан нь багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Мөн сургуулийнхаа сурагчдыг  харааныхаа хэрээр сэтгэдэг гэж удаа дараа доромжилсон мөн багш нар нь чадваргүй гэдэг шалтгаанаар хичээл хаялт зарласан. Тус сургуулий сурагч О.Сайханцэцэг хэлэхдээ “Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна. Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан” хэмээн хэлж байна. Тэдний хүсэлт ердөө л энэ. Мэргэжлийн чадвартай багш нараар хичээл заалгая гэсэн хүсэлт тавихад урдаас хүүхдүүдийг доромжлох байдал хэрээс хэтэрлээ. Тэдний хүсэлтийг хүлээж аваагүй учраас  116-р тусгай сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлалаа. Хичээлийн жилийн амралт эхлэх гэж байгаа энэ үед сурагчид ийнхүү хичээл хаялт зарлах болсон нь багш нарынх нь дарамт шахалттай холбоотой гэнэ. Сурагчид хичээл амарч, улсын шалгалт эхэлсэн энэ өдрүүдэд багш нар нь элдэв төрлийн дарамт шахалт үзүүлж, сурагчдын дүнгээр боож байгаа учраас дахин хичээл хаялт зарласан байна. Тэд төрөлхийн сонсголгүй, харааны бэрхшээлтэй төрсөн ч сурч боловсрох эрхтэй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, мэргэжил эзэмших эрх бүрэн нээлттэй хэдий ч тэдний сурах орчин нөхцөл хангалтгүйгээс болж, сургууль завсардах, нийгмээс тусгаарлагдмал нэгэн болж өсч байна. 
Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах эрхтэй , боловсрол бол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон орчноор хангагдах эрхтэй  хэмээн заасан байдаг. Мөн энэхүү конвенцид нэгдэн орсныхоо хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцлийг нь хүүхэд бүрийн онцлогт тохирсноор хангах үүргийг Монгол улсын засгийн газар хүлээдэг. Гэтэл БСШУСЯ гэх энэ байгууллага өнөөдөр толгойлох хүнгүй, эцэггүй хүүхэд шиг байна. Боловсролын салбар гэдэг тухай улсын толь байх ёстой. Тус яамыг толгойлсон Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Түүнийг салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзсэн. Яахав, сайдыг огцруулж болно гэхдээ жинхэнэ боловсролыг эзэмшүүлж  байгаа багш өөрөө боловсролгүй бүдүүлэг байж болох уу. Уг нь багш хүний үүрэг бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон хичлээлийг ижил тэгш заах үүрэгтэй. Харамсалтай дээрх сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн дарамт үзүүлж байгааг хичээл хаялтаас бид төвөггүйхэн харж болно. Өөрсдийгөө мэргэжлийн гэж тодотгосон Мэргэжлийн Засгийн газар БСШУСЯ-д мэргэжлийн хүн томилж, тусгай сургуулиудад мэргэжлийн ур чадвартай багш нараар хичээл заалгах хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдийн адил сурган хүмүүжүүлэх, сургалтын орчин нөхцлийг бий болгож, арга  зүйгээр хангах асуудал 18-р зууны сүүл үеэс эхэлсэн байдаг. Харамсалтай нь манай улс 21-р зуунд ч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ анхаарч чадаагүй байна. Боловсролын салбар сүйрэлийн ирмэгт байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment