8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийд үнэлэгдсэн Монгол бахархал

2017-06-05 11:18:00

              

 Барилгын салбар сүүлийн хэдэн жилд манай улсын ДНБ-ий өсөлтөд их дэм боллоо. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд манай эдийн засаг 3.1 хувиар өссөн бөгөөд үүний 10 хувийг барилгын салбар эзэлжээ. Уг салбар 2013 оноос эхлэн эрс өсч, тухайн онд анх удаа нэг сая ам метрээс дээш талбай бүхий орон сууц ашиглалтад оруулж байв. Мөн орон сууцны урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 90 орчим мянган өрх байртай болжээ. Энэ нөр их бүтээн байгуулалтыг дагаж барилгын материалын үйлдвэрлэл ч хөгжиж буй юм. Тухайлбал, “Монцемент билдинг материалс” компани Дорноговь аймгийн Өргөн суманд нэг сая тн цемент, клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан юм. Үүнийг барилгын материал үйлдвэрлэлийн салбарт аж үйлдвэрийн жишиг цогцолбор боллоо хэмээн салбарынхан дүгнэж байна. Импортыг орлож, нэмүү өртөг дотоодод шингээх нэгэн томоохон төсөл хэрэгжиж буй нь энэ. “Монцемент билдинг материалс” компанийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ)  Environmental & Social Best Practice Award буюу Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч хэмээх нэр хүндтэй нэгэн шагнал хүртсэн байна.  ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч газрын дарга Ирина Кравченко энэхүү шагналыг “Монцемент” төслийнхөнд гардуулан өгөв. Уг арга хэмжээ өнгөрсөн лхагва гаригт Шангри-Ла зочид буудалд болсон юм.

ЕСБХБ нь өөрийн санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа төслүүдээс жилд нэг удаа, нэг төслийг хөндлөнгийн байгууллагаар сонгон шалгаруулж, тогтвортой хөгжлийг хангагчаар өргөмжилдөг байна. Энэ жил дэлхийн 200 гаруй төсөл өрсөлдснөөс Монголын Монцемент төсөл шалгарчээ.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ирина Кравченко

 - “ЕСБХБ “Монполимет” групптэй хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна. Үүнийг үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа нь онцлогтой. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр болно. Энэ нь Монголын анхны эко цементийн үйлдвэр юм. Хуурай аргын технологийг хэрэглэснээр усны хэрэглээ асар багасна” хэмээн ярилаа.

“Монцемент билдинг материалс” компани энэ цементийн үйлдвэрийн ажлыг 10 жилийн өмнөөс эхэлсэн юм. Дорноговь аймгийн Өргөн сум дахь 250 жилийн нөөцтэй Сэнжит худгийн шохойн чулуун ордыг түшиглэн энэ үйлдвэрийг босгосон. Тус орд нь 230 сая тн шохойн чулуу, 150 сая тн занарын нөөцтэй аж. “Монполимет” компанийн захирал С.Энхтуяа “Монцемент” нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээний төсөл боллоо. Монгол хүн Дэлхийн хэмжээний төслийг хэрэгжүүлж чаддагийг Монцемент төсөл харуулж байна. Хамтран ажилласан ЕСБХБ-ны хамт олонд баярлалаа” гэв.

Энэ төсөлд ЕСБХБ болон “Монполимет” групп хамтран хөрөнгө оруулсан бөгөөд нийт 250 сая ам.доллар босгожээ. Мөн “Монцемент” үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Энэ хэрээр гадагш урсах валютын урсгал хумигдаж,  гадаад худалдааны тэнцэлд ашигтай гарахад нөлөөлж байгаа юм.

“Монцемент билдинг материалс” компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

 “Төсөл хэрэгжих явцад олон бэрхшээл байсан ч бид хамт даван туулсан. Үүний хүрээнд говь нутагт шинэ хот бий болон сүндэрлэж, бүтээн байгуулалт өрнүүлж, тогтвортой хөгжлийн суурийг тавьсан нь бидний бахархал юм. Мөн Монгол Улсад анх удаа тогтвортой хөгжлийн шагналыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Бид цаашид ч байгаль орчин нийгмийн хариуцлагадаа дэлхийн хамгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэн ажиллах болно.” гэлээ.

  Хуурай аргын цементийн үйлдвэр нь уламжлалт нойтон аргын технологиос усны хэрэглээ гурав дахин бага, эрчим хүчний хэрэглээ нь 30 хувиар бага байдаг гэнэ. Монцемент үйлдвэрийг Эко үйлдвэр гэж тодотгох нэг шинэлэг технологи нь үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх WHR системийн цахилгаан станц суурьлуулсан нь Монголдоо анхдагч болж байна. Орчин үеийн, эрчим хүчинд хэмнэлттэй энэ технологийг одоогоор Румын, Герман, Словак зэрэг орны цөөн хэдэн үйлдвэрт ашиглаж байгаа аж.

“Монцемент билдинг материалс”- компанийн гүйцэтгэх захирал Гош Жойи

 “Тогтвортой хөгжил болон нийгмийн хөгжил нь ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөлд тавих үндсэн шалгуур байдаг. Энэ төсөл дээрх шалгуурыг бүрэн хангасан нь цаашид хэрэгжих бусад төсөлд үлгэр дуурайл болно гэж найдаж байна” хэмээн хэллээ.  “Монцемент” нь үйлдвэрээс гадна орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, байгаль орчныг сэргээхэд чиглэсэн цогц төслүүд хэрэгжиж байна. Тиймээс Өргөн сумын нутагт биологийн олон төрөл зүйлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, нэн ховордсон ургамлын төрөл зүйлийг хамгаалах, говийн бүсэд ногоон бүс бий болгох ажлыг 2013 оноос хийж байна. Мөн Өргөн суманд барихаар төлөвлөсөн хорооллын эхний ээлжийн 88 айлын орон сууцыг өнгөрсөн онд улсын комисст хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна 1000 гаруй инженер техникийн ажилтныг ажлын байраар хангасан байна. “Байгальд ээлтэй эко технологи хэрэглэдэг, улс орон, бүс нутагтаа эерэг нөлөө үзүүлж буй  “Монцемент” төслийнхөнтэй ЕСБХБ-ныхан 4-5 жил хамтран ажилласандаа баяртай байна. Манай банк улс орны эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарч ажилладаг. Чанар сайтай, байгаль ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайн хэрэг юм” гэж ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.Азжаргал хэлж байлаа.  

Дорноговь аймгийн Өргөн суманд уул уурхайн түүхий эдэд нэмүү өртөг шингээн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Монцемент” төсөл ийнхүү олон улсын нэр хүнд бүхий шагнал хүртлээ. Манай экспортын 90-ээс дээш хувийг хөдөлмөр, мэдлэг, инновац, нэмүү өртөг бага шингэсэн уул уурхайн түүхий эд эзэлж байна. Тиймээс түүхий эдийн экспортлогч орноос үйлдвэрлэгч орон болох нь чухал юм. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн түүчээлж, үүнийг нь ч олон улсад үнэлж байгаа аж.

МУ-ынхаа эдийн засгийг төрөлжүүлж, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Монцемент үйлдвэр Монголынхоо нэр алдрыг дэлхий дахинд сайнаар гаргаж байна. Монголын Үндэсний энэхүү үйлдвэрийг дэлхий үнэлэн тэргүүн шагнал олгож байгаа нь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөлөө.

             

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment