8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин амжилттай хөөрлөө

2017-06-04 12:41:38
Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г Монголын цагаар өнөө өглөөний 05:50 цагийн үед АНУ-ын Флорида муж улсын Кеннедийн сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөлөө. Хиймэл дагуул даваа гарагт Олон улсын сансрын станцид хүрэх ажээ.
 
Нэн ховордсон говийн баавгай буюу Мазаалайн нэрээр нэрлэгдсэн энэ хиймэл дагуулыг анхны хиймэл дагуулаа бүтээж,  тойрог замд оруулахад нь сансарт гарцгүй улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “BIRDS” олон улсын төслийн хүрээнд МУИС болон Япон улсын Кюүшюүгийн технологийн их сургуультай хамтран бүтээжээ.
 
Энэхүү төсөлд Монголоос гадна Япон, Нигери, Гана болон Бангладеш улс хамрагдаж байгаа юм.
 
Эх дэлхийгээс 400 км зайтай орших хиймэл дагуултайгаа Монгол Улс өдөр 5-6 удаа холбогдож, мэдээлэл авах боломжтой. 
 
Хиймэл дагуултай болно гэдэг нь олон давуу талтай. Тухайлбал, тухайн улс орон бие даан сансрын судалгаа хийх, улс орныхоо газарзүйн зургийг сансраас авах, илүү нарийвчлалтай газрын зураг гаргах болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой.
 
Төслийн багийн гишүүдийн мэдэгдсэнээр, Монголын хоёр дахь хиймэл дагуулыг 2019 онд тойрог замд оруулах ажээ.
 
“Мазаалай”-г зургадугаар сарын 2-нд тойрог замд оруулахаар төлөвлөж байсан ч ширүүн бороо орсны улмаас төлөвлөгөө хойшлогдсон билээ.
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment