8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайдаа огцруулж, “Гацуурт”-ын Л.Чинбат гарын үсэг хүсэж, Монгол улсын анхны ”Мазаалай” хиймэл дагуул НАСА-гаас хөөрсөн 7 хоног

2017-06-03 10:00:00

С.Жавхлан: Би өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд амьдарна

УИХ-ын гишүүн С.Жавхлан хэд хоногийн турш ажил хаялт зарлаж чуулгандаа суухгүй байгаа. Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр  С.Жавхлан гишүүн үг хэлэв. Тэрбээр “Та нар намайг ажлаа хийдэггүй гэлээ. Тэгэхээр би энэ ордноос гарахгүй амьдаръя гэж бодож байна. Намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Алаг дарам шаардлагыг хариуг өгч чадахгүй бол Ерөнхийлөгч болно гэдэг худлаа. Маргааш Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.  Шаардлагын хариуг өгөхгүй бол хэдэн хүүхдүүдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Гэхдээ миний аав монголынхоо төлөө ажиллаж байна гэж бодоод ойлгох байх. Энэ дашрамд монголын үрс маш олон болох болтугай гэж ерөөе.

- М.Энхболд: Жавхлан та ямар асуудал хэлэлцэж байгааг мэдэж байна уу?
- С.Жавхлан: Та нарын хэлэлцэж байгаа асуудлыг би мэдэж байна. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудалд чинь олигтой юм биш байна гэв.

Боловсролын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар ОГЦРУУЛЛАА

УИХ-ын гишүүд санал, үг хэлж дууссаны дараагаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.

Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна.

Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Салбарын сайдыг огцруулах болсон саналыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.  Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзжээ.

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

“Гацуурт”-ын Л.Чинбат: Танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна

"Гацуурт" компанийн захирал  Л.Чинбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан нэгэн санаачилга гаргажээ.  Тэрээр "Сүүлийн үед «Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн»-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна.

Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Иргэн Л.Чинбат гэсэн байна.

Тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригджээ

Тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо "Амгалан" амаржих газарт хоёр эх зэрэг төржээ. Улмаар 24 настай Ц нь хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн эмэгтэйн өөрийнх нь хүүхэд эрүүл саруул төрсөн хэрнээ өөр хүний хүүхдийг бас авч гарах гэж байгаад ийн баригдсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Монгол улсын анхны ”Мазаалай” хиймэл дагуул НАСА-гаас 6 сарын 2-ны 05.50 минутанд хөөрнө

НЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй  “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулахад бэлэн боллоо.

2004 онд БНХАУ-ын Цинхуа  ИС өөрийн орны зөөгч пуужингаар,  2014 онд  Сингапурын Нянян ИС Энэтхэгийн зөөгч пуужингаар өөрсдийн нано хиймэл дагуулаа тойрог замд гаргасан бол МУИС-ын 4 залуу багш эрдэмтэн  Монголын анхны ”Мазаалай” хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээн 2017 оны  6 сарын 2-нд Монголын цагаар өглөөний 05 цаг 50 минутанд АНУ-ын олон улсын сансар судлалын станц НАСА-гаас хөөргөн сансрын тойрог замд оруулах гэж байна. Пуужин хөөргөхөд цаг агаарын байдлыг харгалзан үздэг бөгөөд цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь шуурхай мэдээлэх болно

Энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцохоор Монгол улсын шадар сайдын ажлын алба,МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл 7 хүн АНУ-д хүрэлцэн очоод байна.

Манай анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.  Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийнэ. Үүнд, нисэж буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох туршилт анх удаа хийгдэнэ. Мөн хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлох туршилт ч анхных болно. Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

Энэхүү хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа төдийгүй зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын  хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна.

Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай.

Мөн цөлжилт, ойн ургамлын өвчинөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд  нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

1970 онд Токиогийн ИС Япон улсын анхны хиймэл дагуулыг хөөргөж Японы сансарын технологийн  эхийг тавьсан түүхтэй.  Анхны нано хиймэл дагуулыг  1999 онд АНУ-ын Станфордын ИС болон Калифорны Политехникийн УИС хамтран бүтээж байсан түүхтэй юм байна. 

Татвараа төлсөн ААНэгжид татварыг нь буцаан олгохоор болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Лхагва гаригт хэлэлцлээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсруулаад байгаа юм. Энэ хугацаанд татвараа төлсөн ААНэгжид татварыг нь буцаан олгохоор болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
delger
Chinbat bol mash caixan canaachilga gargaj baina, Er ni xodolmorch ih zov , lut hun dee. Undecnii tsetserlegt xureelend xuuxded zoriulcan caixan togloomiin tov baiguulah ni goe shuu demjix baihaa.
2017/06/04 202.179.24.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment