8o
Улаанбаатар хот
mobile menu

Ил задгай худалдаалж буй хүнс савханцараар 100 хувь бохирдсон дүн гарчээ

2017-06-01 14:00:00

НМХГ-ын Төв лаборатори ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бохирдлыг тодорхойлох, тэдгээрээс эрүүл мэндэд учруулж болох эрсдэлийг нийтэд батлан, зөвлөн туслах зорилготой шинжилгээг Баянгол дүүрэг дэх МХХ, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран шалгалт шинжилгээ хийжээ.

Шинжилгээг энэ сарын 03-наас 16-ны хооронд "Барс-1" зах, "Бөмбөгөр" худалдааны төвүүдэд ил задгай, гар дээрээс худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, худалдан борлуулагч, тэдгээрийн ойролцоох гадаад орчны нийт 110 дээжид 278 үзүүлэлтээр хими, болон микробиологийн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувьд нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцасууд нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцараар 100 хувь бохирдсон дүн гарчээ. Эдгээр бактери нь хүний организмд нянгийн гаралтай хордлого үүсгэх боломжтой эмгэг төрөгч бактериудад тооцогддог аж.

Захуудын ойролцоох хөрсний 50 хувь нь нянгийн тоо хэмжээгээр 2-р зэргийн буюу бохирдолт багатай, 50 хувь нь 3-р зэргийн буюу дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд тус тус хамаарч байсан бол хими, хор судлалын шинжилгээгээр гадаа талбайн агаарын тоосжилт, аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин их байгааг тогтоожээ. Харин худалдааны төвийн дотор агаарын бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байсан аж.

Хүнсний бүтээгдэхүүний худалдаалж буй газрын хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцын доор, нийтийн тээврийн хэрэгслийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангагдаагүй зэрэг нь дээрх үр дүн гарахад нөлөөлжээ.

Шинжилгээний явцад худалдагч нарын гарыг энгийн үед болон цэвэрлэсний дараах бохирдлыг тодорхойлох туршилт явуулахад нойтон сальфеткаар арчсаны дараа гарын бохирдол 99.45 хувиар буурч байсан нь манай худалдаалагчид цэвэрч байж ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийвэл халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг харуулж байна. Ил задгай худалдаа нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болсныг уг судалгаа нотолж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment