8o
Улаанбаатар хот
mobile menu

Ил задгай худалдаалж байгаа хүнсэнд нянгийн бохирдол их байна

2017-05-31 16:24:12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бохирдлыг тодорхойлох судалгааг Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран явууллаа. 2017 оны тавдугаар сарын 03-16-ны хооронд Барс-1 зах, Бөмбөгөр худалдааны төвүүдийг хамарсан уг судалгааны хүрээнд ил задгай, гар дээрээс худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, худалдан борлуулагч, тэдгээрийн ойролцоох гадаад орчны нийт 110 дээжинд 278 үзүүлэлтээр хими, болон микробиологийн шинжилгээ хийсэн байна.

Ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдхүүнүүд нь эрүүл, аюулгүйн баталгаагүй, эрсдэлтэй хүнсэнд хамаардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1,3 сая хүн буюу Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж орчны бохирдол ихтэй хотуудын тоонд ордог болсон.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа зэрэг хамрагддаг.

Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувь нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцаснууд нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцараар 100 хувь бохирдсон дүн гарлаа. Эдгээр нь хүний организмд нянгийн гаралтай хордлого үүсгэх боломжтой эмгэг төрөгч бактериудад тооцогддог.

Захуудын ойролцоох хөрсний 50 хувь нь нянгийн тоо хэмжээгээр хоёрдугаар зэргийн буюу бохирдолт багатай, 50 хувь нь гуравдугаар зэргийн буюу дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд тус тус хамаарч байсан бол хими, хор судлалын шинжилгээгээр гадаа талбайн агаарын тоосжилт, аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нийслэл, дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний газар, хэлтсүүд болон цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтан, цагдаа нар ил задгай худалдааг таслан зогсоох талаар доривтой ажиллах шаардлагатай.
2017/06/01 59.153.113.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment