8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр үеийнхэн насанд хүрсэн эмэгтэйчүүдээс 2 дахин их тамхи татдаг

2017-05-31 08:33:00

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр тохиож байна. Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн билээ. ДЭМБ-аас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж.  Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна. Түүнчлэн олонхи тамхичин 18-аас бага насандаа тамхи татаж эхэлдэг бөгөөд залуугаасаа тамхи татсанаар уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар хэлдэг.  Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. ДЭМБ-аас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоосон байна. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд албан бус тоогоор дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. 

Манай улсын тамхины хэрэглээ:

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг байна. Өнөөдөр  манай улсад тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх залуус, өсвөр үе буюу ЕБС-ийн 13-15 насны эмэгтэй сурагчид. Өсвөр үеийнхэн насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их тамхи татдаг нь нотлогджээ.

Тамхийг үйлчлэлээр нь:

-Мансууруулан донтуулах

-Хорт хавдар үүсгэх

-Тэсэрч дэлбэрэх

-Шууд үхэлд хүргэх гэж 4 хувааж үздэг юм байна.     

Тамхины хор уршиг:

Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог талаар мэргэжлийнхэн анхааруулсаар байна. Мөн эдийн засгийн хувьд асар их зарлага гаргадаг.

Дам тамхидалт гэж юу вэ?

Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Тамхи үйлдвэрлэгчид үүнийг орчны тамхидалт ч гэж нэрлэдэг. Ялангуяа битүүмжлэгдсэн орчин /баар, ресторан/ тамхины утаагаар бохирдоход тухайн орчинд байгаа тамхи татдаг болон татдаггүй бүх хүмүүс тамхины утаагаар амьсгалж хорддог. Үүнийг сайн дурын бус буюу идэвхгүй тамхидалт ч гэж бас нэрлэдэг. Дам тамхидалт таны эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Дам тамхидалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд амьсгал, зүрх судасны өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай. Агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэргийн аль нь ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшинг багасгаж хүн амьсгалж болох эрүүл түвшинд хүргэж чаддаггүй. Зөвхөн 100 хувь тамхигүй орчин нь л үр дүнтэй хамгаалж чаддаг.

Дэлхийн хүүхдийн тэн хагас нь тамхины утаагаар бохирдсон агаараар амьсгалж байна

Хүн хаа ч явсан дам тамхидалтын золиос болдог болчихож. Гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газарт. Тамхины утаагаар бохирдсон агаараар дэлхийн хүүхдийн тэн хагас нь буюу 700 сая гаруй хүүхэд амьсгалж байгааг ДЭМБ тогтоожээ. 1999- 2005 оны хооронд 132 оронд дэлхийн заслуусын тамхи таталтын байдлыг ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналтын төвтэй хамтран 13-15 насны хүүхэд өсвөр үеийнхний дунд судалж үзэхэд.

  • 43.9 хувь нь гэртээ дам тамхидалтанд өртдөг,
  • 55.8 хувь нь олон нийтийн газарт дам тамхидалтанд өртдөг,
  • 76.1  хувь нь олон нийтийн газарт тамхи татахыг дэмждэг болох нь тогтоогджээ.

Судалгаагаар тамхины хор хөнөөлийг ойлгоход үр дүнтэй арга гэдгийг насанд хүрсэн тамхичдын 70, өсвөр насныхны 90 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Харин манай улсад хийсэн судалгаагаар оролцогчдын 71 хувь нь тамхинаас гарах, 79 хувь нь тамхиныхаа тоог цөөрүүлэхэд нөлөөлж, тамхинд орохоос сэргийлж чадна гэсэн судалгаа байдаг аж.

Эцэст нь хэлэхэд тамхинаас гарах нь хувь хүний ухамсартай холбоотой юм гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь.  Бүх зүйл таниас л шалтгаална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл