8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлж, Л.Чинбат өөрийн хөрөнгөөр ҮЦХ-г тохижуулах хүсэлт тавьсан өдөр

2017-05-30 18:40:00

Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ яг одооноос би юуг илүү сайн хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно. Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш хэмээн Дэлхийн  тэрбумтан Жек Магийн хэлсэн үгнээс иш татлаа.  Та юу хийж амжилтанд хүрэх талаараа төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөөрэй. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дэлхий дахинд хамгийн их хохирол учруулсаар байгаа цахим шуудангийн луйвар

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар ЦЕГ-аас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа аж. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Өнгөрсөн жилийн хувьд 200 гаруй цахим гэмт хэрэг үйлдэгсэн бөгөөд үүний 98-ийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 36 хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. Ингээд цахим орчинд үйлдэгдэж буй хэргүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэе. Мөн  хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг онцолж байна.  

Зохиогчийн эрх зөрчигдөх гэмт хэрэг

Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр кино түүнтэй адитгах уран бүтээлийг хууль бус аргаар олж авч интернэт орчинд байршуулах нь эрүүгийн гэмт хэрэг юм. Байршуулахаас гадна тавигдсан киног бусдад тараах мөн л адил эрүүгийн гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулдаг юм байна. Сүүлийн үед зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд иргэд санаатай болон санаандгүй байдлаар холбогдон шалгагдаж байгаа тул зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг интернэт орчинд тарааж бусдад хохирол учруулахгүй байх тал дээр анхаарч үзэхийг нийт интернэт хэрэглэгч нартаа анхааруулж байна. Бусдын хөдөлмөрийг хүндэтгэж хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж, анхааруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

“Кассын машин"-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан

-Төмөр замынхны араас Монголбанкныхан гадагшаа зугтсан уу-


Ц.Нямдорж гуай нэгэнтээ “Монголбанкийг Засгийн газрын кассын машин боллоо” гэж анхааруулж байсан удаатай. Тэгэхэд эрх барьж байсан АН-ынхан эсэргүүцэж, “Сөрөг хүчнийхэн сөрөх л гэж сөрж байна” гэж няцааж байсан юмдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэн тодорч, МАН-ынхны анхааруулж байсан бүхэн ил болж эхэллээ. Гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдлоо. Ийм хэмжээнд хохирол үүссэн шалтгаан нь Н.Золжаргалаар удирдуулсан Монголбанк Засгийн газрын “кассын машин” болж хувирсантай шууд холбоотой байжээ. 

Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Арилжааны банкуудаас ялгаатай нь алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудаг тийм л тогтолцоотой байгууллага. 1991 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үндсэндээ бүрдэж Төв банк ба арилжааны банкууд гэж ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр хадгаламж татах, зээл олгох зэрэг ашгийн төлөөх үйл ажиллагаа нь зөвхөн арилжааны банкны үүрэг болсон гэсэн үг. Гэвч хуулиар тогтоож өгсөн энэ зааг ялгаа, зах зээлийн үндсэн зарчмыг АН эрх барьж эхэлсэн 2012 оноос үндсэнд нь нураажээ. Засгийн газар Төв банктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж, үр дүнд нь Монголбанк кассын машины үүрэг гүйцэтгэж эхэлсэн тухай энд ярья. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Монголбанк ажиллаж, хэт их хэмжээний цаасан мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн хямралын эхлэл цэг болсон байна. 

Баримт түшье. Нэмэлт хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Иймд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын явуулсан бодлого зах зээлийн зарчмаас гажсан гэдгийг батлах хэдхэн тоог танилцуулъя. Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш Төв банк саяхныг хүртэл алдагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2012 оноос л бодит алдагдал хүлээж эхэлсэн юм байна. Төв банкинд заавал байх ёстой валютын нөөц 2012 оноос багасч, өөрийн хөрөнгөд нь ч энэ үеэс л эрсдэл учирч эхэлжээ. 2012 оны наймдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хийсэн дүн мэдээнээс харахад Монголбанкны алдагдал хэвийн хэмжээнээс хэт хэтэрч, хуримтлагдсан алдагдал нь 3 их наяд төгрөг болсон байна. 3 их наяд төгрөг гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын тэн хагас нь. Улсаараа зургаан сар амьдрахад хүрэлцэх мөнгө гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний цэвэр алдагдал гуравхан жилийн дотор Төв банкин дээр овоорчээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан валютын нөөц нь энэ хугацаанд 1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурч, валютын ханш галзуурах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Шалтгаан нь өнөөх л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхтэй юм. 

“Үнэ тогтворжуулах” нэрийн дор Засгийн газар, Төвбанк хамтран хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож эхэлсэн юм. Бизнес эрхлэгчдийн нэг хэсэг нь жилийн 22-23 хувь давчихсан өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч байхад нөгөө хэсэг нь Төв банкнаас маш бага хүүтэй мөнгө авч бизнесээ цэцэглүүлж байсан аж. Хувийн хэвшилдээ ийн ялгавартай хандахын сацуу даргын, сайдын найз нар л бага хүүтэй зээлийг бусдаасаа урьтаж авч байсан баримт бий. Магадгүй угаасаа тэдэнд л тийм мөнгө өгөх гэж зориудаар Монголбанк зээл олгох хүртлээ зарчмаа зөрчсөн байх талтай. Жишээ татвал зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо хуулийн дагуу баталсан сонгон шалгаруулах журмыг ноцтой зөрчиж, шууд зээл олгосон нь шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал, Женко Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үедээ 13 аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл шууд олгосон нь цагаан дээр хараар бичсэн шалгалтын дүн дотор “цохиж” л явна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ”Монполимет” компанийн өр Монголбанкинд бүртгэлтэй байгаа

Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өглөө. 

"2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.

Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая  төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая  ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.   

Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна" гэв.

“Гацуурт”-ын Л.Чинбат: Танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна

"Гацуурт" компанийн захирал  Л.Чинбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан нэгэн санаачилга гаргажээ.  Тэрээр "Сүүлийн үед «Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн»-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна.

Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа!  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Иргэн Л.Чинбат гэсэн байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газ үнэртэж мансуурсан хүү газар дээрээ амиа алджээ

Өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 15 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Эл хэргийг одоогоор тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгаж байгаа аж.  

Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй боллоо

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд /2017.05.10/ “Приус 20” маркийн автомашин шатсан хэрэг гарсан. Тус үйл явдал гарсанаас хойш автомашины эзэнийг шинэ приустай болгохоор  “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”  фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлээд байсан. Олон нийтийн хандив болон даатгалын нөхөн төлбөрөөр машин нь шатсан О.Номин-Эрдэнэ гэх залуу “Приус 20” маркийн автомашинтай болжээ.Галын дүгнэлтээр автомашинд дохио өгөх зориулалттай  ( зурж асаадаг ) төхөөрөмжөөс гал гарсан болохыг тогтоосон аж.

“Дэлхийн ур чадвар” 2017 тэмцээнд оролцох Ц.Мягмарсүрэн: Германд хийх бэлтгэлээс их зүйл сурна гэж найдаж байгаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, өрлөгчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол Улсын шилдэг залуу өрлөгчин Ц.Мягмарсүрэнгийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

-Өөрийгөө үе тэнгийнхэндээ танилцуулахгүй юу. Өрлөг угсралтын мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ? 
-Намайг Цэцэгбадамын Мягмарсүрэн гэдэг. Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1999 онд төрсөн. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн нэгэн адилаар морь мал, хурга ишгийн дунд өнгөрсөн. Барилгын техникийн коллежид өөрийн хүсэлтээр элсэн суралцсан. Өрлөг бол үргэлж дээшээ явж байдаг маш сайхан мэргэжил. Багад манай саахалтын айл блокоор байшин барьсан юм. Тэрийг хараад надад өрлөг маш сайхан мэргэжил юм шиг санагдсан. Тариалан сум маань ой модоор хүрээлэгдсэн, модоор хэрэгцээтэй зүйлсээ хийдэг болохоор блокоор байшин барина гэдэг бидэнд сонин сайхан санагдсан юм шиг байгаа юм.

-Өрлөгөөрөө уралдаан, тэмцээнд хэр их оролцсон бэ? 
-24 сургуулийн 24 сурагч өрсөлдсөн 2016 оны хаврын “Монгол ур чадвар” бол миний оролцсон анхны тэмцээн. Сар гаруй бэлтгэл хийгээд оролцож байсан. Анхны тэмцээн учраас их сандарч байсан л даа. Гэхдээ амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Хоёр ба гуравдугаар шатны тэмцээндээ харин хоёуланд нь түрүүлж, олон улсын тэмцээний эрхээ авсан. Надтай сая шалгарч үлдсэн тамирчин маань анхан шатны тэмцээнд түрүүлж байсан юм. Үндсэндээ сая бид хоёр нэг, нэг хожилтой, хайнаагаа хагалсан гэх үү дээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ “Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. 8 захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, 8 нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм” хэмээв.

Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. 

Т.Дэлгэрмөрөн: Би охин үрийнхээ төлөө амьдарч байна

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна.  Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.

Хамтран уран бүтээл туурвин, шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэд үр хүүхдийнхээ сэтгэлийг хайраар дүүргэн яваа ээжүүдэд зориулан нэгэн сайхан дурсамж үлдээх "Гэрэлт үзэсгэлэн гоо" тоглолтоо хийх гэж байна. Урлагт хөтлөх хөтөч, түшиг тулгуур нь болж яваа дуучин Т.Дэлгэрмөрөн болон гурван дуучин бүсгүйтэй ярилцлаа.

ЭЭЖ, ЭХНЭР ХОЁРОО МАШ ИХ ҮГҮЙЛЖ БАЙНА

Тэдний нүүрэнд нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна.

-Та гурван дуучин бүсгүйн хөлийг нь дөрөөнд хүргэхээр ажиллаж байна. Яагаад энэ гурван дуучныг сонгосон бэ?
-Та бүхэндээ дуулгах гэгээн сэдэв байна. Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs”  наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их  хүсдэг байсан.

Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл