8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхий дахинд хамгийн их хохирол учруулсаар байгаа цахим шуудангийн луйвар

2017-05-30 08:42:00

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар ЦЕГ-аас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа аж. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Өнгөрсөн жилийн хувьд 200 гаруй цахим гэмт хэрэг үйлдэгсэн бөгөөд үүний 98-ийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 36 хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. Ингээд цахим орчинд үйлдэгдэж буй хэргүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэе. Мөн  хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг онцолж байна.  

Зохиогчийн эрх зөрчигдөх гэмт хэрэг

Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр кино түүнтэй адитгах уран бүтээлийг хууль бус аргаар олж авч интернэт орчинд байршуулах нь эрүүгийн гэмт хэрэг юм. Байршуулахаас гадна тавигдсан киног бусдад тараах мөн л адил эрүүгийн гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулдаг юм байна. Сүүлийн үед зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд иргэд санаатай болон санаандгүй байдлаар холбогдон шалгагдаж байгаа тул зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг интернэт орчинд тарааж бусдад хохирол учруулахгүй байх тал дээр анхаарч үзэхийг нийт интернэт хэрэглэгч нартаа анхааруулж байна. Бусдын хөдөлмөрийг хүндэтгэж хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж, анхааруулж байна.

Секс сүрдүүлэг

Бусдын дарамтанд орохыг хүсээгүй л бол танихгүй хүнтэй интернэтээр бүү танилц. Түүний гоё сайхан зурганд бүү хуурт гэдгийг мэргэжлийн байгууллага анхааруулсаар байна. Гэмт этгээд интернэт орчинд хэний ч дүрд хувирах чадвартай тул таны бусдад дамжуулж байгаа зураг, текст бүр эцэст сүүлд нь таны эсрэг ашиглагдах аюултай. Камерын өмнө бүү нүцгэл, амьдрал дээр танихгүй хүмүүстэй интернэтээр бүү танилц, тэдэнд боломж бүү олго. Энэ төрлийн гэмт хэрэгт охид, бүсгүйчүүд түлхүү өртөж хохирогч болдог гэдгийг албаныхан ярьж байна. 

Интернет орчин дахь луйвар

Дэлхий дахинд хамгийн их хохиролыг учруулсаар байгаа цахим шуудангийн луйвар. Таны бизнесийн харилцагч ямар нэг шалтгаанаар дансны мэдээллээ өөрчилсөн бол үүнийг та шалгаж баталгаажуулах шаардлагатай. Учир нь гэмт этгээдүүд харилцагч байгууллагуудын цахим шууданд нэвтэрч таны өмнөөс түүнтэй, түүний өмнөөс таньтай харилцах байдлаар төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах гэмт хэрэг гарсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэгт манай улсын томоохон аж ахуй нэгж байгууллагууд өртсөөр байгаа тул та ч гэсэн сэрэмжтэй байна уу. Дэлхий дахинд онлайн луйврын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд хамгийн ихээр нэмэгдэж байна. Манай томоохон худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулж байгааг анхаарч өөрсдийн захидал харилцааны аюулгүй байдлыг хангах, төлбөр шилжүүлэх дансны мэдээллийг зайлшгүй утсаар тодруулах, албан ёсны факс болон хэлбэрээр баталгаажуулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

Хувийн мэдээллээ хамгаалахын утга учир

Таны эсрэг ашиглаж болох хамгийн хүчтэй зүйл бол таны хувийн мэдээлэл. Энэ нь ганцхан та болон таны ойр дотны хүмүүс мэдэж болох нууцлалтай мэдээллүүд юм. Эдгээр мэдээлэл задарснаар таны аюулгүй байдал алдагдаж араасаа олон таагүй зүйлсийг дагуулдаг тул аливаа сошиал сувгийг ашиглахдаа мэдээллээ хамгаалах тал дээр анхаарал, болгоомжтой хандах шаардлагатай.

Та цахим хаягнуудынхаа нууц үгээ хэд хоногт сольдог вэ?

Гэмт этгээдүүд ямар нэг байдлаар таны ашигладаг хэрэглэгчийн нэр, нууц үгийг хулгайлан авч буруу зүйлд ашиглахаар цуглуулж байдаг. Тухайлбал, вирус, фишинг гэх мэт зүйлсийг ашиглан хулгайлдаг ба зарим тохиолдолд бусдад худалддаг. Болзошгүй эрсдлээс өөрийн мэдээллийг хамгаалж байхын тулд тогтмол хугацаанд өөрийн нууц үгийг шинэчилж байхыг зөвлөе. Сард нэг удаа нууц үгээ солиж байх хэрэгтэйг зөвлөе. Та нууц үгээ яг одоо шинэчил. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jargalsaikhan
Маш зөв мэдүүштэй мэдээ байна.
2017/05/30 103.10.23.97
  • Recent
  • Most Read
  • Most Comment