8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Wellmart”-ын хохирогчид хохирлоо барагдуулахыг шаардаж, Байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан этгээдийг аварсан өдөр

2017-05-29 18:50:00

Эрхэм уншигч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар хална гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг ЦУОШХ онцолж байна. Тиймээс та бүхэн наршихаас болгоомжилж хувцсаа тохируулж өмсөхийг энд зөвлөе. Тэр дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг. Тэгвэл хэрхэн наршихгүй байх, наршсан хүнд ямар түргэн тусламж үзүүлэх вэ. Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялаж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна.Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч  нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан аж. Тиймээс даралт ихтэй хүн гэрээс аль болох гарахгүй, наранд явахгүй байх хэрэгтэй гэнэ. Мөн хүйтэн жин толгой дээрээ тавьж, шингэн зүйл сайн ууж байх хэрэгтэй санаарай.

Ингээд өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм  булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Авто тээврийн албан татвар төлөх хугацаа дуусаад 2 хоног үлдлээ

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. 

Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй. Албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. 

Харин Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нэг цэгээс үзлэг тооллогод бүрэн хамрагдах боломжоор ханган Авто тээврийн үндэсний төвийн харъяа “Баянзүрх” оношлогооны төв болон даатгалын байгууллагуудтай хамтран “Дүжингарав” худалдааны төвд нэг цэгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

Хэрэв тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанаас өмнө амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Иймд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул хуулийн хугацаанд албан татвараа төлөхийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс жолооч нартаа уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Байрны дээврээс үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг Нийслэийн Онцгой байдлын газрын зургаан аврагч шуурхай ажиллаж аварсан байна. Тодруулбал, өнөөдөр өглөө тус байрны гадна салхилж байсан иргэдээс согтуу иргэн байрны дээвэр дээр гарчихсан байна гэх дуудлага онцгой байдлыг газарт иржээ.  Дуудлагын дагуу онцгой байдлын аврагчид очиж, тус иргэнийг тайвшруулахаар хоёр цаг гаруй ярилцсан ч хүлээж авахгүй, уйлсаар байсан ч эцэст нь тайвшруулж эсэн мэнд буулган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид: Дуулиант хэргүүд, ололт амжилт

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдөр   Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Төрийн тэргүүнд нэр дэвшиж эрхмүүд Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авахаар ирэхдээ гэр бүл, хүүхдүүд намын нөхөдтэй хамт ирж үнэмлэхээ гардан авсан олны анхаарлыг багагүй татаад авсан. Ирэх сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл манай улсын төдийгүй олон улсын анхаарлыг багагүй татаж байна. Гадны хэвлэлүүдээр манай Ерөнхийлөгчийн сонгууль болон нэр дэвшигчдийн талаар гарсан мэдээ мэдээллийг хүргэе. 
www.bloomberg.com  МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг онцолсон байна. Тус мэдээллээс харахад “Эдийн засгийг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж тэнцвэржүүлж чадах туршлагатай улс төрч бол М.Энхболд” хэмээн онцолж түүний талаарх мэдээллийг хүргэсэн байна. 
Харин  Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл (ХАМБЗ) www.nambc.org сайтад  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намын нэр дэвшигч өрсөлдөж буй талаар бичжээ. Тус Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Монголын Сонгуулийн ерөнхий хороо 2010 онд Монголын хүн намыг үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвших эрхтэй хэмээн үзэж үнэмлэхийг гардуулсан. Уг нь тус намаас авлига, хээл хахуулийн хэргээр ял шийтгэгдсэн, Монгол Улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдөх хүсэлтэй байсан ч СЕХ татгалзсан хариу өгсөн. Хэдийгээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялыг нь хөнгөрүүлсэн ч тэрбээр нэр дэвших эрхгүй юм. 
Мөн тус сайтад гарсан мэдээлэлд Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд 1993-2009 онд зөвхөн хоёр намын нэр дэвшигч өрсөлдөж байсан бол 1997, 2001, 2005, 2013 онуудад гурван нам өрсөлдсөж байсан талаар  бичсэн байна. Мөн  УИХ-ын дарга М.Энхболд ялалт байгуулвал  (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) хашсан хоёр дахь хүн болно хэмээн бичсэн байна. 

Мөн  “Regnum” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мөн мэдээлэл гаргасан байна. Тус нийтлэл нь  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид: Дуулиант хэргүүд, ололт амжилт” гарчигтай бүхий гаргасан байна.  Тус нийтлэлд МАН-ын дарга М.Энхболд 1996 оноос улс төрийн карьераа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар эхлүүлсэн.
Түүнийг хотын дарга байхдаа хууль бус газрын наймаа хийсэн гэдэг ч хууль хяналтын байгууллагаар түүний гэм буруутай тогтоогдоогүй хэмээн бичсэн байна. 

Харин АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгын талаар том бизнесмен хэмээн бичсэн байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нь маш олон цуу ярианд холбогддог дуулиан шуугиантай нэгэн. Гэхдээ тэр олон хэрэгт холбогдож байсан ч хэрэг нь хаагдсан гэжээ. Мөн Халтмаагийн Баттулгын аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн нэгэн. Дэлхий дээрх Чингис хааны хамгийн том хөшөөг Х.Баттулга барьсан хэмээн бичжээ. 

Г.Сувдаа: Цэвэршилт 45 наснаас эхэлж 10 орчим жил үргэлжилдэг

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар “Эрхэмсэг” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Г.Сувдаа эмчтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу вэ?

-Цэвэршилт гэж биений юм бүрэн зогсохыг хэлэх бөгөөд энэ үед өндгөвч эстроген даавар ялгаруулж чадахгүй болсон байна. Цэвэршилт нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус бас эрчүүдэд нэгэн адил тохиолдоно. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үед илрэх шинж тэмдэг нь эстроген дааврын дутагдалд эрхтэн тогтолцооны талаас үзүүлж буй хариу урвал юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст илэрдэг. Хэт эрт болон аяндаа эрт цэвэрших тохиолдол байдаг.

-Ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Цэвэршилт явагдах үед гэж байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цэвэршилтийн үед эстроген дааврын дутагдлаас болж эрхтэн тогтолцооны зүгээс илрэх хариу урвал гэж дээр дурьдсан. Үүнд, Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал, даралт ихсэх, зүрхээр өвдөх, титэмт судасны нарийсал үүсэх, бодисын солилцооны алдагдлын улмаас таргалалт үүсэх, өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдөн хэвлий хэсгээр хуримтлагдах, ургал мэдрэлийн тогтолцоо хэт цочмог болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хөлрөмтгий болох, салт хуурайших, нүүр хөлийн ул халуу оргих, ясны сийрэгжилт эрчимтэй явагдах, кальцийн солилцоо алдагдах, глюкозын задрал саатах, булчингийн сулрал явагдах, шээс бэлгийн замын үйл ажиллагаа алдагдах, шээс задгайрал үүсэх, сэтгэл зүйн хувьд эмзэгших, хямрамтгай болох, бэлгийн амьдралд өөрчлөлт орох зэрэг эмэгтэйн амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтүүд гардаг.

-Цэвэршилтийн үед янз бүрийн сэтгэл санааны өөрчлөлт гардаг гэсэн. Энэ байдлыг хэрхэн даван туулах вэ?

-Цэвэршилтийн үед гардаг эдгээр өөрчлөлтүүд нь физиологийн түр зуурын үзэгдэл юм. Сэтгэл санааны талаас илрэх шинж тэмдгүүдийг “цэвэршилтийн үеийн невроз” гэх нь ч бий. Энэ үед эмэгтэйн өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрчлөгдөх хандлага зонхилдог. Цэвэршилтийн үеийн сэтгэл санааны байдалд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Жишээ нь, нийгмийн байдал, амьдралын орчин, гэр бүлийн уур амьсгал, ажил эрхлэлтийн байдал, эдийн засгийн гэх мэт. Гэвч зарим тохиолдолд физиологийн байдал нь дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалаад эмгэг байдал үүсэх тохиолдол байдаг. Эдгээрийг цэвэршилтийн үеийн хүндрэлүүд гэдэг. Физиологийн үед эмчилгээ шаардлагагүй. Энэ үед гарах шинж тэмдгүүд өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн боловсролтой зохих түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна эстроген орлуулах дааврын бэлдмэл хэрэглэх, эсвэл ургамлын гаралтай фитоэстроген бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох юм. Эмгэг үүссэн тохиолдолд мэргэжлийн эмч нарт хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Цэвэршчихээр уур уцаартай болдог гэсэн яриа хүмүүсийн  дунд байдаг. Хөгширөлт хурдан явагддаг, бэлгийн харьцаанд орохоо больдог гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Энэ бол харьцангуй ойлголт. Шууд утгаар нь ойлгож болохгүй. Учир нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Дээр дурьдсанчилан сэтгэл санааны байдалд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс үүдэлтэй уур уцаартай болох тал бий. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Арьс салстын уян хатан чанар буурах,  хуурайших зэрэг өөрчлөлтүүд илэрдэг учир хөгшрөлтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бэлгийн үйл ажиллагааны хямралд цэвэршилтийн үеийн дааврын түвшин буурах, архи тамхины хэрэглээ нөлөөлдөг. Цэвэршилт болон насжилттай холбоотой үүсч байгаа бэлгийн үйл ажиллагааны хямралын эмчилгээнд сэтгэл гутралын эсрэг эмчилгээг гэр бүлийн сэтгэл зүйчийн сэтгэл заслын зөвөлгөө эмчилгээ, даавар орлуулах эмчилгээ фитотерапи зэргийг хослуулж хэрэглэдэг.

-Эрт цэвэршилт гэж хэдэн насанд цэвэршихийг хэлэх вэ. Эрт цэвэршихгүй байхын тулд эмэгтэйчүүд ямар арга хэрэглэх вэ. Сэргийлэх боломж бий юу?

-45 наснаас өмнө цэвэрших эсвэл хавдар болон бусад эмгэгийн улмаас мэс заслын аргаар өндгөвч авагдсан тохиолдолд эрт цэвэршилт тохиолддог. Олон хүчин зүйл бий л дээ. 45-аас дээш насанд биед гарч байгаа физиологийн өөрчлөлт учир цэвэршихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол байгалийн жам. Харин эрт цэвэршихгүй байх гэдэг өөр ойлголт. Манай эмэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших  хэрэгтэй. Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар илрүүлэх скрининг үзлэгт заавал хамрагдах, бактерийн болон вирусын гаралтай умай өндгөвчний архаг үрэвслийг сайн эмчлүүлэх гэх мэт өөрөөс шалтгаалах эрүүл мэндийн асуудалдаа анхаарах хэрэгтэй.

-Цэвэршилт хэдэн наснаас, хэдий хэрийн хугацаанд үргэлжилдэг үйл явц вэ?

-Цэвэршилт 45 наснаас эхэлж 10 орчим жил үргэлжилдэг гэж үздэг.

-Хааяа эмч нарын ярьж байхыг сонсохоор сүүлийн үед цэвэршилт залуужлаа гэх зүйл сонсогдох болсон. Үүний шалгаан, нөлөөлж буй хүчин зүйл?

-Нийтлэг биш ч ажиглагдаж байгаа. 40-өөс доош насны зарим эмэгтэйчүүдэд ямар нэг эмэгтэйчүүдийн эмгэггүй хирнээ биений юмны алдагдал илэрч байна. 2-3 сараар ирэхгүй байх, үзэгдээд өнгөрөх гэх мэт. Энэ тохиолдолд өндгөвчний байдалд үнэлгээ өгч дааврын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг  хийж шалтгааныг илрүүлэх шаардлагатай. Мөн нийгэм эдийн засгийн хүчин зүйл ч нөлөөлж байгаа.

-Хожуу цэвэрших тохиолдол гэж бий юу?

-55-аас дээш насанд цэвэрших тохиолдол цөөн хувьд нь тохиолддог.

-Эрт цэвэрших нь муу, хожуу цэвэршихийн сайн болон сөрөг, муу тал гэж бий юу?

-Эрт цэвэршилтийн үед тухайн эмэгтэйн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх тал байна. Хожуу цэвэршилтийн үед тухайн эмэгтэй эрүүл байгаа тохиолдолд сайн муу тал гэж байхгүй. Мэдээж эмэгтэйлэг байдлаа удаан хадгалах давуу талтай.

-Цэвэршилтийн үед ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу. Ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ? Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Я.Содбаатар: Нэг хүний буруу бодол, зөрүү үйлдлийн төлөөсийг монголчууд бүгдээрээ төлж байна

Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатартай ярилцлаа.

-Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгээс үзвэл их хэмжээний алдагдал хүлээсэн байна. 2012 оноос өмнө ашигтай ажиллаж байсан Төв банк яагаад ийм алдагдалтай ажиллах болов?

-2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос эхлэн алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцсийн байдлаар  хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна.

-Монголбанкны энэхүү хуримтлагдсан алдагдлыг он тус бүрээравч үзвэл хэдэн онд илүү алдагдал хүлээсэн вэ?

-2012 онд 181, 2013 онд 251, 2014 онд 535, 2015 онд 498 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нь шалгалтаар тодорхой болсон.

-Гурван их наяд төгрөгийн алдагдалд хүүгийн алдагдал жин дарж байгаа гэсэн?

-Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд олгосон зээлийн хүү бодлогын хүүгийн түвшнээс хэт бага байсан учраас хүүгийн орлого бага байсан. Нөгөө талаас уламжлалт бус арга хэрэгслүүдээр зах зээлд их хэмжээний мөнгөнийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом буурсан. Улмаар зах зээлээс илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан Төвбанкны үнэт цаасны хүүгийн зардал хэт өндөр байсан. Үүний зэрэгцээ “Чингис” бондын хүүгийн зардал, Хятадын ардын банкинд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна.

-Уламжлалт бус арга хэрэгслүүд гэж юуг хэлж байна вэ?

-Хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн, тухайлбал төсөвтэй ижилтгэх шинж чанартай Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилт, “Сайн” хөтөлбөрүүд зэргийг хэлж байна. Эдгээр арга хэмжээг Монголбанк хэрэгжүүлэх ёсгүй байсныг хууль зөрчиж хийсэн гэсэн үг юм.

-Своп, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн алдагдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд своп, форвард хэлцлийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байсан.Гэвч Монголбанкны зүгээс 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор нийт 1880 ширхэг 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн болон юанийн своп хэлцэл хийжээ.2012-2016 оны хооронд Монголбанк своп, форвард хэлцлээс нийт 1 их наяд 726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын дийлэнх буюу 1 их наяд 683тэрбум төгрөг нь 2014-2016 онд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банк, хөгжлийн банкны ханшийн рискийг өөр дээрээ хүлээж, их хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн үг юм. 

-Гадаад валют арилжааны алдагдал их гарчээ. Ялангуяа Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад их хэмжээний хөнгөлөлт эдлүүлсэн. Ханшийн хөнгөлөлтөөс хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ?

-Гадаад валют аржилжааны алдагдал 2016 онд 424 тэрбум төгрөг гарсан байна. Жишээлбэл,шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Монголбанк нийт 1 тэрбум 579 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354 тэрбум 278 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Гадаадад суугаа 7300 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

Ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцохоор гадаадын улс орнуудад амьдарч буй 7300 гаруй монголчууд бүртгүүлсэн байна. Тодруулбал, гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг  32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг Төв комисст ирүүлээд байгаа юм.

Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм.

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн байшингаас эд хогшил хулгайлжээ

Бэлхийн эцэс “Хадат вилла” зуслангийн орчимд айлын эд хогшил, ахуйн хэрэглээний зүйлс хулгайлсан хэрэг гарсан байна. Хэргийг 52 настай иргэн Ц, 45 настай иргэн М ах дүү хоёр хулгайлсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Иргэн Ц нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг хутгалаад зугтаасан бөгөөд өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж, гурван жилийн өмнө суллагджээ. Тиймээс ард иргэд та бүхэнд Цагдаагийн байгууллагаас зуслангийн байшингаа эзэнгүй орхих тохиолдолд хажуу айлдаа захиж үлдээхийг анхааруулж байна.

Түрээслэгчдийн хохирлыг хурдан барагдуулахыг шаардав

“Well mart” худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Well mart” худалдааны төвийн хоёр давхарт гал гарч улмаар тус төвд лангуу түрээслэгч 36 иргэн хохирсон гэдгийг хурлын эхэнд онцолж байсан юм. Тус төвд гал гарснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа ч мөрдөн байцаалтын явцад ахиц гараагүй гэдгийг түрээслэгчид ярьж байв. эв.

Улмаар түрээслэгчид “Бишрэлт Пропертиз” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзоригтой уулзахад хоёр сарын түрээс чөлөөлж, 3 сая төгрөгийн нөхөн олговор олгох санал тавьсан байна. Хэрэв энэ нөхцөлийг зөвшөөрөх юм бол гурван сарын хугацаанд хэл ам гаргах ёсгүй. Зөвшөөрөхгүй гэвэл тав, арван төгрөгийн авлига өгч байгаад асуудлаа шийдчихэж чадна шүү гэсэн аж. 

Нийт түрээслэгчдийн хохирол 800 сая төгрөг болсон байна. Харин “Бишрэлт Пропертиз” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзориг үгүйсгэж байгаа гаа гэнэ. Тиймээас түрээслэгчид хохирлоо барагдуулахыг хүсэж байгаагаа хэвлэлийн дамжуулсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment