Манай улс төрийнхөн дунд сүүлийн үед “тууз хайчлах ёс” бүр дон болчихоод байгаа талаар хэн хүнгүй л хэлэх болсон. Нэг нь гүйж, гүйж хийсэн ажлыг нь нөгөө нь ирээд туузыг нь хайчлах жишээний. Сүржин нээлт сүр бараатай дарга наргүйгээр нээчих замын жаахан өргөтгөлийг бас л тууз хайчлах гээд л үзчихнэ. Үнэндээ сонгууль ойртсон үед энэ дон сүүлийн үед гүнзгий шатандаа орчихсон гэчихвэл нэг их зөрөхгүй болов уу. Тэгвэл улс төрчдийн нэг хэсэг нь ийнхүү дон тусч хүний өөрийнхөө ялгахгүй хайч барин донтож явахад нөгөө хэсэг нь ямар ч хамаагүй үйл явдлыг шоу болгож, олны анхааралд өртөх гэж байдгаараа чармайж байна.
Саяхан л гэхэд нэгэн сайд орон сууцны зээлийг шийдвэрлэсэн гээд л гарын үсэг зурж, гар гараасаа барилцаад бөөн юм болсон. Иргэд ч хүлээлт үүсгээд байсан зээлийн асуудал нэг л өдөр шийдэгдчихлээ гээд л хөл нь газар хүрэхгүй шахам явцгааж байв. Гэтэл маргааш нь нөгөөх зээл өгөхөө зарлаад байсан банк нь шийдэгдээгүй хэмээн томоос том мэдэгдэл гаргах нь тэр. Өөрөөр хэлбэл улсын ажлаар шоу хийж, улс төрчийн карьераа нэмэгдүүлэх гэсэн санааг тэд гүйцэлдүүлжээ.
Хамгийн харамсалтай нь энэ үйлдлийг Засгийн газрын сайдаас нь эхлээд тэргүүн нь хүртэл маш сурамгай гэгч нь хийж байна.
Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БЗД-ийн 13 дугаар хороололд байрлах “Миний Хайпермаркет” дэлгүүрээр үйлчлүүлсэн юм.
Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдэж байгаа. Мэдээж гүйцэтгэх Засаглалын тэргүүний хувьд энэхүү хуулиа сурталчилж, иргэдэд мессеж өгөх нь түүний үүрэг. Гэвч тэрбээр тус дэлгүүрээс хиам, сүү, талх зэрэг 7110 төгрөгийн худалдан авалт хийхдээ замын хөдөлгөөнийг хамгийн багадаа 40 минут гацаав. Цаг бол алт. Харамсалтай нь бид энэ алт шиг цагаа бид зам дээр түгжирсээр үрдэг. Үнэндээ нийслэлийн удирдлагууд замаа засч байгаа ч түгжрэлээ арилгаж чаддаггүй. Цаг агаарын байдал, жилийн дөрвөн улирал, баяр ёслол, эсвэл гадаадын зочин гийчин айлчлан ирэхэд замын түгжрэл дээд цэгтээ хүрч, нийслэлчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэх нь энүүхэнд.
Гэвч ядаж Ерөнхий сайд нь энэ мэт улсын ажлыг улс төрийн шоу болгохоо больчихвол нэг ч хүний ажил цагтаа бүтэж, нэг ч гэсэн хүн цагтаа ажилдаа очихсон. Төрийн өндөрлөгүүдийн нэг нь өнгөрсөн жил нэвтрүүлэгт оролцохдоо "Их ажлын дараа маяакаа хангинуулаад гэртээ харих нь хамгийн сайхан" хэмээн хариулж зарим нэг хүний аазгайг хөдөлгөсөн байдаг. Гадны зарим орны Ерөнхий сайдууд нийтийн тээврээрээ үйлчлүүлдэг юм билээ. Харин манайх ямар эрх ямба нь дэндсэн болохоороо ингэж аашилдагийг ойлгох нэгэн байдаг л байлгүй...
Б.Тайван