8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын хувь заяа ОУВС-гийн зээлээс хамаарах уу

2017-05-24 08:57:00


ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Өнөөдөр ямар шийдвэр гаргах эсэхээс хамаараад Монгол Улсын ирээдүйн хувь заяа шийдэгдэнэ. Өмнө нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ОУВС-гийн зээлийн талаар мэдээлэл өгч байхдаа “ОУВС -гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр цаашаа явах боломжгүй болсон. ОУВС гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргалаа. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, улс төр нэлээд халчихсан учраас аливаа нэг шийдвэр гаргахад улстөржүүлж хараад байна. Хэрвээ улс төрийн сонгуулийг бодоод явсан бол ОУВС- гийн хөтөлбөр болон бусад асуудлыг нийгэмд таалагдах байдлаар шийдлийг гаргаад явна.Улсынхаа эдийн засгаар тоглосноос гашуун ч гэсэн хатуу шийдвэрээ гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлье гэдэгт бүлэг улс төрийн хариулт өгч, зарчмын шийдвэрийг гаргасан” хэмээн мэдээлэл өгч УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Тус хөтөлбөрт хамрагдахын тул заасан үүрэг даалгаврыг манай Засгийн Газар бүгдийг онц биелүүлсэн. 

Тэдний зүгээс тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсөвтөө тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмсэн.Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Үүнийг эрх баригчид мэдэж байгаа ч гэсэн нүдээ аниад татвараа нэмсэн. Хамгийн сүүлд нь  тэдний хүсэлтийн дагуу УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болголоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага нөхцлүүдийг хангах талаар манай Засгийн газар шийдвэрээ гаргаж, олны итгэлийг алдсан. Тухайлбал, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох, цалинг ирэх хоёр жилд нэмэгдүүлэхгүй байх, тэтгэврийн насыг өндөрсгөх, хадгаламжийн хүүнд татвар ногдуулах, хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр өрхөд хүнсний талон олгох замаар зарцуулах, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хэмжээний үнийн дүн бүхий Концессын гэрээг хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан асуудлыг эргэж харах талар ОУВС-д амлалт өгсөн. 
Үнэндээ манай улс хойд ааваасаа мөнгө горьдож суугаа хүүхэд шиг нөхцөл байдал орсон. Хэрвээ дахиад ОУВС-гийн захирлуудын зөвлөл зээл олгох асуудлаа хойшлуулах, өөр юм шаардвал яах вэ . Өмнө ийм үйл явдал гарч байсан учраас манай эрх баригчид түр амь зогоох  “Б” төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тодруулбал, ОУВС-аас зээл авах боломжтой болсоноор манай улс гуравдагч хөрш орнуудаас авах зээлийн асуудлууд мөн нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

Тийм учраас гадаадцын орнуудаас авах зээлээ яаравчилж байгаа аж. Тодруулбал, энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодоор дараах зээлийн талаар хэлэлцэх юм байна. 
-НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР: Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-79 САЯ АМ.ДОЛЛАР: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-50 САЯ ЕВРО: Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/; юм байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гаргахаас хамаараад  манай улсын цаашдын ирээдүйн шалтгаалахаар болоод байна. Хурлын шийдвэрийг харах л үлдлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл