“Халуухан, ширүүхэн” 2016 он гарч, хагарахад бэлэн байгаа улс төр эхний өдрөөсөө л буцалж эхэллээ. Сонгуулийн жил, сонголтын жил гэдэг утгаараа улс төрчдийн хувьд яах аргагүй онцгой жил. Харин ард иргэдийн хувьд амьдрал ахуй сайжирч, авдаг хэд маань бүү цөөрөөсэй хэмээн бурхандаа залбирч сууна.
Олон хүмүүс 2016-17 оныг хүндхэн болно хэмээн таамаглаад байгаа. Эдийн засгийн хувьд ч тааламжтай бус байна гэдгийг гадны шинжээчид онцолсоор буй. Тэгвэл энэ онд эдийн засгаас гадна улс төрийн хувьд ч ихээхэн өөрчлөлт орох нь дамжиггүй болох нь. Сүүлийн хэдэн жилд монголын улс төрд хэдэн хүмүүс “босоо” явсан. Албан тушаалаас албан тушаал руу, суудлаас суудал руу явсан хүмүүсийн зарим нь хаанчлалын үеэ дуусгаж, харьд одох хүмүүсийн тоонд ч орж мэдэхээр болж. Угаас хийсэн хэрэг нь шалгагдаад ирэхээр уугуул нутаг, угаасан уснаасаа татгалздаг нь өнөөгий нийгэмд мода болоод байгаа нь нууц биш шүү дээ.
Шинэ, хуучин оны зааг дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэргийн сэжигтнээр татсан гэх дуулиан дэгдсэн. Хэдийгээр Х.Баттулга нар Б.Батзаяагийн гэх мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбоогүй хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан ч эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэдгийг нь АТГ-ын эх сурвалжууд баталж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцжээ. Өөрөөр хэлбэл Б.Батзаяагийн тайлбар мэдүүлэг, бусад нотлох баримтанд үндэслэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, хилээр гарах эрхийг нь хүртэл хаасан байх юм.
Гэвч үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгчийг цагдан хорьсон аж. Дээрх хуулийн фирмийн захирлыг МИАТ-ын гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж буй гэнэ.
Ардчилсан нам Засагт гараад нам доторх хувалзуудаасаа цэвэршиж байгаа нэрийдлээр нэгнийгээ баахан онилцгоосон. Үүний сонгодог жишээ нь Н.Алтанхуяг тэргүүтэй Л.Гансүх нар. Тэгвэл түүний араас Х.Баттулга тэргүүтэй А.Гансүх нар орж мэдэхээр дүр зураг гараад явчихлаа. Өмгөөлөгчийг нь хүртэл баривчилж байхад өмнөх явдал дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй.
Гэтэл түүний нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үеийг өөрийнх нь тэргүүлдэг МоАХ-ынхан ашиглахаар шийдсэн бололтой. МоАХ-ын партизанууд түүнтэй уулзан, багагүй юм хийснийг чинь мэднэ, гэхдээ дүрмээ дагаад ажлаа өг, бид танай группын охин компани биш гэсэн байна. Үнэхээр ч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг байтугай нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй бөгөөд энэ удаад ажлаа өгөхийг ширүүхэн шаардаж эхэлжээ. Энэ талаар МоАХ-ын партизануудын нэг Д.Ренцэнтавхай “Халтмаагийн Баттулга үнэхээр хэдэн лидер нь хаяад явчихсан байгууллагыг хуний зэрэгтэй болгосон уу болгосон. Байр сав ч харамгүй тараасан! Гэхдээ яах гэж, яагаад гэдгээ бодоцгоов уу!? Та нар шиг өлөн бөөснүүдэд тааруулсан юм шдээ!... МоАХ дурэмтэй байх (жич тэрнийгээ дарга нь ч цэрэг нь ч уншдаггуй онигооны гарууд шдээ та нар!?) Монгол Улс хуультай байх ?! Тэгвэл тэр дүрэм төрийн бус байгууллагын хуулинд л захирагдах ёстой! Яах гэж эрх зүйт төр & иргэний нийгэм гэж ард түмэнд болохоор донгосож ухуулж байдаг юм бэ? Бие биендээ бэлэг өгдөг хариуд нь хайр дурлал зарлаж магтаал тууль хайлж байх газар юм бол тэрийгээ зарлал даа ! Ардчилал, хүний эрхийн манаач гэж дандаа унгас алддаг байснаа мартчихсан!? Тэгвэл дүрмэндээ өөрчлөлт оруул! дүрэм гэдэг дур мэдэх гэсэн үг биш байлтай?... Авсандаа авч орох гээгуй юм бол Ардчилсан Холбоог ингэж емчилж, еерседдее уйлчилж бвал болоо гэж солиорч бдгаа больцгоо!” хэмээн ширүүхэн үгээр “дайрч” сууна.
Одоогийн байдлаар түүнээс АН дахь Алтангадас, Э.Бат-Үүл тэргүүтэй хотынхон, МҮДН гээд голлох фракциуд нь хэдийн нүүр буруулсан. Яг ийм эгзэгтэй үедээ өөрийн улс төрийн гол тулгууруудын нэг болсон МоАХ-ыг удирдлагаасаа алдана гэдэг бол түүний хувьд АН-аас маш хүчтэй шахагдаж буй хэрэг юм. Уг нь тэрбээр жил гаруйхны өмнө монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрчдийн нэг, ардын баатар шахуу байсан. Гэвч өнөөдөр түүний багийнхан удирдаж байсан шинэ төмөр зам төслөөсөө их хэмжээний мөнгө луйвардсан гэгдэцгээж, Б.Батзаяаг баривчилж, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлаггүй гэдгээ шуудхан илэрхийлж, "Шинээр нам байгуулна шүү" гэх түүний сүрдүүлгэ ач холбогдолоо өгөхгүй байхыг харахад Х.Баттулгын АН дахь эрин үе дуусгавар болж байгаа гэлтэй...
Б.Өрнөх